Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЗАДГАЙ ТАЛБАЙД УХЛАГА, ОВООЛГООР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХ БООМТЫН НЭГ МАЯГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСВИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
ЗАДГАЙ ТАЛБАЙД УХЛАГА, ОВООЛГООР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАХ БООМТЫН НЭГ МАЯГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСВИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Б.Мөнхтөр

 

Хураангуй: Урсацын хэмжээ нь багассан, бэлчээр сайтай боловч гадаргын усны сүлжээ муутай бүс нутагт бэлчээрийг усжуулах, бороо цасны усыг хуримтлуулж мал аж ахуйг усаар тогтвортой хангах, бага хэмжээтэй талбайн усалгааг хийх зорилгоор тухайн орон нутгийн байгаль цаг уур, орчин нөхцөлд зохицсон инженерийн хийцтэй хөв, цөөрмүүдийг шинээр бий болгож ашиглах нь орон нутаг болон иргэд, аж ахуй нэгжүүдэд ихээхэн ашиг тустай бүтээн байгуулалт юм.

 

Сүүлийн жилүүдэд хөв цөөрөм байгуулж ашиглах талаар олон улсын болон дотоодын байгууллага, аймаг орон нутгийн удирдлага, байгаль орчны байгууллагууд нэлээд идэвх санаачилгатай ажиллаж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй гадаргын усыг хуримтлуулж ашиглах, Нэг сум-Нэг нуур (333 хөв цөөрөм) ажлын хүрээнд хөв, цөөрөм байгуулж ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор задгай талбайд ухлага, овоолгонд байгуулах хөв, цөөрмийн нэг маягийн боомтын зургийг боловсруулж нэгж талбайд ноогдох зардалыг тооцсон юм.

1-р зураг. Хөв цөөрмийн ерөнхий төлөвлөгөөний схем

Хөв цөөрөм байгуулах боомтын нэг загварын зургийг ашиглах, хэрэглэх

Хөв цөөрөм байгуулах тохиромжтой газар нь урсгал ус (бага зэрэг), гол горхи, булгийн усыг ашиглах ингэснээр тухайн хөв цөөрөм байнгын устай байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн хур бороо болон шар усны үерийн усыг хуримтлуулах бүрэн боломжтой байдаг. Байгалийн хонхор газар эсвэл голоос дөхүүлэх сувгаар (өөрийн урсгалаар) алсын зайд усыг шилжүүлэн татах, задгай талбайд (зохиомлоор) ухлага, овоолгонд хөв цөөрөм байгуулж усыг хуримтлуулах, ашиглах боломжтой байдаг.

 

Бага урсацтай гол, горхийг ашиглан хөв цөөрөм байгуулах: Гол горхи, тухайн газар орны нөхцөлд тааруулан H=1.5-2.5м хүртэл өндөртэй усны гүн Hгүн=0.75-1.5м хүртэл гүнтэй байхаар тооцож хөндлүүрийг сонгох хэрэгтэй. Хөндлүүр сонгохдоо жижиг гол горхи, урсгал усны тохиромжтой байрлалыг нүдэн баримжаагаар олж улмаар хэмжилт хийж боомтын (далангийн) урт, өндрийг тооцох хэрэгтэй. 

 

Булгийн усыг ашиглаж хөв цөөрөм байгуулах: Булгийн усыг ашиглан хөв цөөрөм байгуулахдаа тухайн орчны нөхцөлд тааруулах, H=1.5-2.5м хүртэл өндөртэй усны гүн Hгүн=0.75-1.5м хүртэл гүнтэй байхаар тооцож хөндлүүрийг сонгох хэрэгтэй. Сонгосон хөндлүүр болон усан толион үүссэн талбай нь булгийн эх болон хашаалсан талбайг хөндөхгүй байхаар тооцох хэрэгтэй. Байнгын урсацтай булаг өвлийн улиралд хөлдөхгүй халиа тошин үүсдэг тул тухай булгийн орчныг оруулахгүй байхаар (зайтай) тооцож хөндлүүрийг сонгох шаардлагатай.  

Хур бороо, шар усны үерийн усыг хуримтлуулж хөв цөөрөм байгуулах: Шар усны үер болон хур борооны үерийн усыг хуримтлуулахдаа тухайн орчны нөхцөлд тохируулан хөндлүүрийг сонгох хэрэгтэй.

 

Байгалийн хонхор газарт усыг хуримтлуулах: Голоос дөхүүлэх сувгаар ус татаж байгалийн хонхор газарт усыг ашиглан хуримтлуулан ашиглах боломжтой байдаг. Энэ нөхцөлд тухайн хонхор газрын хэлбэр, гүнээс хамааран усны эзэлхүүн хэмжээг тодорхойлох боломжтой.

 

Задгай талбайд (зохиомлоор) ухлага, овоолгонд хөв цөөрөм байгуулах: Усны хэрэгцээтэй газарт голоос дөхүүлэх сувгаар ус татаж задгай талбайд ухлага, овоолгонд хөв цөөрөм байгуулах боломжтой. Малын усалгаа, бага талбайд тариа ногоо тарьж усалгаа хийх үед усны эх үүсвэр зайтай нөхцөлд энэ аргыг ашиглах боломжтой. Голоос дөхүүлэх сувгаар ус татаж бүтэн ухлага, хагас ухлага, овоолгонд далан байгуулж усыг хуримтлуулах боломжтой юм. Тухайн газар нутгийн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан задгай талбай ус хуримтлуулах боомтын хэлбэр хэмжээг тохируулах боломжтой. Усан сангийн далангийн дээд налууд шүүрэлтээс хамгаалах зорилгоор геомембран (t=1.5мм), геотекстилийг (t=1.0мм) элсэн бэлтгэлийн хамт дэвсэж, шүдэнд хийж өгнө. Мөн дээд налууд шавар шавранцар үе наах t=0.10м бэхэлж өгнө.

 

Усан сангийн далангийн хярд t=0.1м зузаан хайрган асгаасаар хучиж өгнө. Доод налууд (1:4.0) ургамлан хөрсөөр хучиж олон настын үр цацаж өгөх хэрэгтэй.

 

Дөхүүлэх сувгийн хийцийг ухлаганд хийж чулуун доторлогоотой байхаар төлөвлөв. Дөхүүлэх сувгийн ёроолын өргөнийг b=0.3м, 0.5м, гүнийг h=0.3м, 0.5м, L=100.0м байхаар ажлын хэмжээг тооцож төсөвт тусгаж өгсөн болно.

 

Нэг загварын зургаар боомтын хярын өргөн, их биеийн хийцийг тодорхой болгож өгсөн. Боомтын хярын урт, өндрөөс хамааруулан тухайн боомтыг барьж байгуулах төсөвт өртгийг (ойролцоогоор) тодорхойлох боломжтой болж байна.  
  

2-р зураг. Хөв цөөрмийн шороон боомтын нэг загварын хөндлөн огтлол

3-р зураг. Хөв цөөрмийн шороон боомтын нэг загварын дагуугийн зүсэлт

 4-р зураг. Шороон боомтын урт, өндөрт хамаарах /овоолгонд/ хөрөнгө оруулалтын характеристик

 

 

   №

Боомтын өндөр, м

1м-ийн хөрөнгө оруулалт, сая төгрөг

1

H=2.5 м

2 625 000

2

H=2.0 м

2 300 000

3

H=1.5 м

1 950 000

1-р хүснэгт. Нэг маягийн хөндлөн огтлолтой /овоолгонд баригдах/ боомтын 1м-ийн хөрөнгө оруулалт

 

Итгэлцүүр, n

1.00

1.02

1.04

1.06

1.08

1.10

1.12

1.14

Зай, км

10-100

101-200

201-400

401-600

601-800

801-1000

1001-1200

1201-1500

2-р хүснэгт. Нэг маягийн хөндлөн огтлолтой /овоолгонд баригдах/ боомт байгуулах газрын зайнаас хамаарсан итгэлцүүр, n

 

Үр дүн: Задгай талбайд ухлага, овоолгоор хөв цөөрөм байгуулах боомтын нэг загварын зураг төслийг боловсруулснаар хөв цөөрөм байгуулах хөрөнгө оруулалтын тооцоог урьдчилсан байдлаар гаргах боломжтой болох юм.

Хөв цөөрөм байгуулах боломжтой талбайд эхний ээлжинд механик хэмжилт хийх. Тухайн газрын хэвгий болон хотгор гүдгэрт тааруулан хэмжилт хийж төлөвлөж буй хөв цөөрмийн далангийн урт, далангийн өндрийг тодорхойлж улмаар нэг загварын зураг, характеристикаас хөрөнгө оруулалтын өртгийг тодорхойлох боломжтой болох юм. Гарсан үр дүнгээ (мөнгө) хөв цөөрөм байгуулах боломжтой газар нутгийн зайнаас хамааруулан (n) итгэлцүүрийг ашиглан тээврийн зайг нэмж тооцож хэрэглэнэ.   

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй гадаргын усыг хуримтлуулж ашиглах, Нэг сум-Нэг нуур (333 хөв цөөрөм) аяны хүрээнд сүүлийн жилүүдэд хөв цөөрөм байгуулах сонирхолтой хувь хүмүүс, албан байгууллага, аймаг сумдын удирдлага, мэргэжлийн холбогдох байгууллагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байгаа.

Задгай талбайд ухлага, овоолгоор хөв цөөрөм байгуулах боомтын нэг загварын зураг төслийг ашиглан байршил сонгох аргачлал, хөрөнгө оруулалтын тооцоог гаргах, төлөвлөх бүрэн боломжтой болж байна. 


Бусад мэдээлэл