Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОУАЭА-ын Ази-Номхон далайн бүсийн RCA RAS7043 “Изотопын аргыг ашиглан усны хомс бүс нутагт газрын доорх усыг зохиомлоор аривжуулах үр нөлөөг үнэлэх нь” төслийн тухай
ОУАЭА-ын Ази-Номхон далайн бүсийн RCA RAS7043 “Изотопын аргыг ашиглан усны хомс бүс нутагт газрын доорх усыг зохиомлоор аривжуулах үр нөлөөг үнэлэх нь” төслийн тухай

О.Доржпалам1, С.Чинзориг1*, Э.Пүрэв-Эрдэнэ

1ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Усны нөөц, ус ашиглалтын салбар

*chinzorigs@mas.ac.mn

Оршил

Монгол оронд ус хэрэглээний 80 гаруй хувийг газрын доорх уснаас хангадаг. Гэвч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, уул уурхай, хөдөө аж ахуйн хэрэглээнээс шалтгаалан усны нөөцөд дарамт үзүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нэг боломжит арга бол Газрын доорх усыг зохиомлоор аривжуулах (Managed Aquifer Recharge – MAR) буюу усны нөөцийг нөхөн сэргээх технологийг Монгол Улсад туршиж байна. Одоогоор Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутагт MAR-ийн туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэж байна (Mingyuan Fan, 2023).

Энэ туршилтын талбайд борооны болон гадаргын усыг шүүрүүлэх сувгаар дамжуулан газрын хөрсөнд нэвчүүлж, газрын доорх усны түвшнийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна (Зураг 1). Усны түвшний хяналт, мониторингийн ажлыг Усны газар хариуцан гүйцэтгэж байна.

Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарт ОУАЭА-ын Ази-Номхон далайн бүсийн RCA RAS7043 “Изотопын аргыг ашиглан усны хомс бүс нутагт газрын доорх усыг зохиомлоор аривжуулах үр нөлөөг үнэлэх нь” төсөл 2024 оноос хэрэгжиж байгаа бөгөөд энэ төслийн гол зорилго нь изотопын аргыг ашиглан газрын доорх усыг зохиомлоор аривжуулах (MAR) үр нөлөөг үнэлэх юм. Өөрөөр хэлбэл, шүүрүүлэх сувгаар нэвтэрсэн бороо болон гадаргын ус газрын доорх усны тэжээлийг нэмэгдүүлж байгаа эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулахад оршино.

Зураг 1. Улаанбаатар хотын Багануур дүүрэг дэх MAR –ийн туршилтын талбай.

Судалгаа-1: Улаанбаатар хотын Багануур дүүрэг дэх MAR –ийн туршилтын талбай

Дээрх RAS7043 төслийн хүрээнд бид Багануур дүүрэгт орших MAR –ийн туршилтын талбайд судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнд усны тэжээл нэмэгдэж буй эсэх, усны нөхөн сэргэх хурд, гарал үүсэл, улирлын хамаарлыг тогтоон, цаашид MAR технологийг Монгол орны усны хомс бүс нутгуудад хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл бий болох юм. 2025 оны 7-р сарын эхээр тус туршилт судалгааны талбайд орших хяналтын цооногоос 1 болон шүүрүүлэх сувгаас 2 усны дээжийг усны тогтвортой изотоп (δ²H, δ¹⁸O)-ыг тодорхойлох зорилгоор авч тус хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторид шинжлүүлэн урьдчилсан анхан шатны дүнг гаргаад байна.


Зураг 2. Багануур дүүрэг дэх MAR төслийн туршилт, судалгааны уснаас авсан изотопын дүн.

Шүүрүүлэх сувгаас авсан усны дээжийн тогтвортой изотопын найрлага нь мониторингийн худгаас авсан газрын доорх усны дээжтэй ойролцоо байгаагаар илэрсэн нь зохиомлоор аривжуулсан ус тухайн орон нутгийн ус агуулагч давхаргад бодитоор нөлөөлж байгааг харуулж байна (Зураг 2). Мөн хур тунадасны өгөгдлөөс харахад зуны улиралд ордог бороо нь хүнд изотопоор харьцангуй баялаг бөгөөд энэ нь судалгааны талбай дахь газрын доорх усны нөхөн сэлбэлтийн үндсэн эх үүсвэр болж байна.

Дээрх үр дүн нь RAS7043 төслийн явцын судалгааны анхан шатны дүн бөгөөд бид ирэх жилүүдэд 5-11 саруудад сар бүр усны дээжийг үргэлжлүүлэн авч бүрэн дүгнэлт гаргах юм. Дээрх 3 дээжид усны нас тодорхойлох зорилгоор мөн тритиум (3H)-ын дээжийг цуглуулсан бөгөөд гадаад улсын лабораторид шинжлүүлэхээр дээжийг илгээж байна. Тус дээжийг шинжлүүлснээр илүү нарийвчилсан дүгнэлтийг гаргах юм.

Судалгаа-2: Хэнтий аймаг дахь Хаяагийн тохой газрын доорх усны эрэл хайгуулын талбайд хийсэн изотопын судалгаа

Хэрлэн голын хөндийн “Хаяагийн тохой” орчимд 2025 оны 7-р сард нийт 18 усны дээжийг Хэрлэн гол, малчны худаг болон хайгуулын цооногоос авч (Зураг 3), эдгээрийн уялдааг тогтвортой изотопын аргаар судалсан.

Зураг 3. “Хаяагийн тохой” орчим 2025 оны 7-р сар Хэрлэн гол, малчны худаг, хайгуулын цооног.

Изотопын шинжилгээний дүнгээс харахад голын ус, малчны худгийн ус болон цооногийн усны изотопын утгууд хоорондоо төстэй бөгөөд бүс нутгийн хур тунадасны шугамд ойр байрлаж байна. Энэ нь эдгээр усны эх үүсвэр нь үндсэндээ хур тунадасны тэжээмжтэй гэж үзэх боломжтойг харуулж байна.

Зуны улиралд (зун–намрын хугацаанд) илүү их хур тунадас ордог учраас усанд хүнд изотопын агууламж нэмэгддэг зүйл ажиглагдсан. Хэрлэн голын ус ба малчны худгийн ус хоорондоо ойролцоо байрласан нь голын усны шүүрэл нөлөө их байж болохыг илтгэнэ.

Зураг 4. Хэнтий аймгийн нутаг дахь “Хаяагийн тохой”-д хийсэн изотопын дүн.

Харин цооногийн усны дээжүүд (цэнхэр өнгөөр тэмдэглэсэн) илүү “хөнгөн” изотопын найрлагатай байсан нь энэ ус харьцангуй удаан хугацаанд байсан өөрөөр хэлбэл олон жилийн өмнө тэжээгдсэн болон Хэрлэн голын усаар маш удаан хугацаанд тэжээгдэж байгааг илтгэж байна.

Эдгээр үр дүн нь одоогоор урьдчилсан дүгнэлт бөгөөд цаашид төслийн хүрээнд тус усны давхаргаас нэмэлт дээж авч, гидрохимийн болон изотопын (³H, ¹⁴C) шинжилгээ хийснээр усны насыг тодорхойлон, илүү нарийвчилсан бүрэн дүгнэлтэд хүрэх нь зохистой юм.

Төслийн хүрээнд цаашид гүйцэтгэх ажлууд

Дээрх судалгааны үр дүнд тулгуурлан ирэх хоёр жилд төслийн хүрээнд дараах нарийвчилсан судалгааг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Нэгдүгээрт, усны насыг тодорхойлох изотопын судалгаа хийгдэнэ. Үүнд тритий (³H) болон нүүрстөрөгч-14 (¹⁴C) изотопын шинжилгээг ашиглан газрын доорх ус хэдийд газрын хөрсөнд нэвтэрч шингэсэн болохыг тодорхойлох юм. Энэ нь тухайн ус шинэчлэгдэж байгаа эсэх, өөрөөр хэлбэл “шинэ ус” уу эсвэл “хуучин” удаан хугацаанд хадгалагдсан ус уу гэдгийг ялгах чухал үзүүлэлт болно.

Хоёрдугаарт, усны чанарын хяналт, мониторингийг өргөжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Үүнд усны химийн найрлага, бичил элемент, бохирдлын түвшин, исэлдэн ангижрах нөхцөл, эрдэсжилтийн өөрчлөлт зэргийг улирал бүр тогтмол хянах юм. Энэ ажлын зорилго нь зохиомол аривжуулалтын явцад усны чанарт гарах өөрчлөлтийг тодорхойлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр усыг нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Мөн 2026 онд гидрохимийн, радиоизотопын (³H, ¹⁴C) болон тогтвортой изотопын (δ²H, δ¹⁸O) нэгдсэн үнэлгээг боловсруулж эцсийн хэрэглэг болох Усны газар, Хэрлэн голын сав газарт санал, зөвлөмж хүргүүлэх юм.

Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр Монгол Улсад газрын доорх усны нөхөн сэлбэлтийн шинжлэх ухааны үндэслэл, ус хангамжийн найдвартай байдлыг хангах, усны хомсдолыг бууруулах тогтвортой шийдэл гаргах суурь мэдээлэл болох юм. Монгол орны газрын доорх усыг зохиомлоор аривжуулах арга нь усыг байгальд шингээн түүнийг олборлон шилжүүлэх замаар усны нөөц бага бүс нутгийн (өмнөд говийн бүс нутаг) усны хомсдолыг бууруулах боломжийг бүрдүүлнэ.

Ашигласан материал

  1. Fan, M. (2023). Managed Aquife=r Recharge in Mongolia: Policy Recommendations and Lessons Learned from Pilot Applications. ADB Briefs No. 263. Asian Development Bank, Manila. https://doi.org/10.22617/BRF230405-2

Chinzorig S., Enkhjargal T., Dalaijargal S., Dorjpalam O. (2025). ОУАЭА-ын RCA RAS7043 “Изотопын аргыг ашиглан усны хомс бүс нутагт газрын доорх усыг зохиомлоор аривжуулах үр нөлөөг үнэлэх нь” төслийн явцын тайлан.


Бусад мэдээлэл