Эхлэл
Шинэ Мэдээ
ЭКОСИСТЕМИЙН СОЁЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛОХ (БУЙР НУУР-ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЖИШЭЭН ДЭЭР)
Экосистемийн үйлчилгээ гэдэг нь байгалиас хүн төрөлхтний хүртэж буй бүх төрлийн үр өгөөжийг хэлнэ. Энэ нь бидний амьдралын үндэс болох хүнс, ус, цэвэр агаар, орчны зохицуулалт, түүнчлэн соёл, гоо зүй, амралт зугаа, мэдлэг боловсрол зэрэг материаллаг болон материаллаг бус үр өгөөжийг хамардаг. Өөрөөр хэлбэл, экосистемийн үйлчилгээ нь хүн, байгаль хоёрын хоорондын харилцан хамаарал, уялдаа холбоог илэрхийлдэг бөгөөд бидний өдөр тутмын амьдралд байгаль ямар чухал үүрэгтэйг тодорхойлдог.
НҮБ-ын дэмжлэгтэйгээр 2005 онд гарсан Мянганы экосистемийн үнэлгээ (Millennium Ecosystem Assessment) тайланд экосистемийн үйлчилгээг хангамжийн үйлчилгээ (provisioning services), зохицуулах үйлчилгээ (regulating services), дэмжих үйлчилгээ (supporting services), соёлын үйлчилгээ (cultural services) гэсэн 4 үндсэн ангилалд хуваасан байдаг.
Үүнээс экосистемийн соёлын үйлчилгээ нь хүн төрөлхтөн оюун санаа, бие махбодын, гоо зүйн тайвшралыг мэдрэх замаар экосистемээс хүртэж буй материаллаг бус үр өгөөж юм (MEA, 2005). Энэ нь соёлын олон янз байдал, шашин шүтлэг, уламжлалт мэдлэг, боловсрол, урам зориг, гоо зүйн үнэлэмж, нийгмийн харилцаа, байгалийн өв, амралт зугаалга зэрэг өргөн хүрээг хамардаг. “Мянганы экосистемийн үнэлгээ”-нд соёлын үйлчилгээг дараах 10 үндсэн төрөлд ангилжээ (MEA, 2005; Romanazzi et al., 2023).
Соёлын өвийн (cultural heritage)
Соёлын олон янз байдал (cultural diversity)
Оюун санааны болон шашны (spiritual and religious)
Мэдлэгийн системүүд (knowledge systems)
Боловсрол, хүмүүжлийн (educational)
Урам зоригийн (inspiration)
Гоо зүй (аesthetic)
Нийгмийн харилцаа (social relations)
Тухайн орчны үнэ цэнийг өөрийн дотоод ертөнцөд мэдрэх (sense of place)
Рекреаци ба эко-аялал жуулчлал (recreation and ecotourism)
Эдгээр нь байгаль, хүн хоёрын харилцан уялдаа, итгэл үнэмшил, түүхэн уламжлал, гоо сайхны мэдрэмжийг бүхэлд илэрхийлдэг (Самъяа ба бусад, 2023).
Монгол Улсын зүүн хязгаарт орших Буйр нуур–Халх голын сав газар нь экосистемийн соёлын үйлчилгээний олон хэлбэрийг агуулсан байгалийн болон түүх, соёлын нэн үнэ цэнэтэй бүс нутаг бөгөөд энд д экосистемийн соёлын үйлчилгээний дараах хэлбэрүүд онцгой анхаарал татаж байна. Үүнд:
Соёлын өвийн үнэт зүйлс
Тус сав газарт археологийн 19 чухал олдвор хадгалагдан үлдсэн байдаг. Тодруубал, Тамсагбулагийн чулуун зэвсгийн үеийн дурсгал, булш, бууц суурин болон Шовх Таван толгойн Монгол хүн чулуу зэрэг нь онцгой ач холбогдолтой. Үүнээс Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж буй Шовх Таван толгойн хүн чулуу нь XIII–XIV зууны үеийн дүрслэх урлагийн өндөр түвшний бүтээлд тооцогддог бөгөөд тухайн үеийн хувцас, соёл, ёс заншлын талаар үнэт мэдээлэл өгдөг.
Рекреаци ба эко-аялал жуулчлал
Буйр нуурын эрэг орчмын бүс нь экосистемийн амралт, аялал жуулчлалын үйлчилгээний төвлөрөлтэй ихтэй бүс юм. Нуурын эрэг дагуу 8 жуулчны бааз, 16 эко-отог байрлаж, загасчлал, усан сэлэлт, завин аялал, наран шарлаг, нуурын эргийн зугаалга зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Албан ёсны баазуудын зэрэгцээ түр отоглох газруудад албан бус амралт, аяллын үйл ажиллагаа явуулдаг. Буйр нуур нь Монгол Улсын цорын ганц усан хил бөгөөд талбай нь 615 км², дундаж гүн нь 6 м, хамгийн гүн нь 16 м хүрдэг. Нуурын үндсэн тэжээл нь Халхгол бөгөөд илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан БНХАУ-ын Далай нуурт цутгадаг. Эргэн тойрондоо зэгс, бургасан шугуй, намгархаг нугын экосистем давамгайлах бөгөөд усны шувууд үүрээ засаж өндөглөдөг үндсэн орчин болдог. Жил бүр дунджаар 15–20 мянган жуулчин зун цагт ирдэг ч 2023 онд нуурын загас олноор үхсэний улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа түр хугацаагаар хязгаарлагдаж, ирсэн жуулчдын тоо 12 дахин буурсан байна. Судалгаагаар жуулчны баазуудын дэд бүтэц, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент хангалтгүй байгаа нь аялал жуулчлалын хөгжилд саад болж байна. Иймээс Буйр нуурын орчмын бүс нутагт тогтвортой аялал жуулчлалын менежмент, дэд бүтцийн байгальд ээлтэй бүтээн байгуулалтын ажлыг хийхэд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай юм.
Гоо зүйн үнэт зүйлс
Буйр-Халх голын сав газарт тал нутгийн үзэсгэлэнт мэлмий болсон Буйр нуураас баруун зүгт 100 шахам км урт, 60 гаруй км өргөн газар нутгийг хамрах хялганат алдарт Мэнэнгийн тэгш тал, шувууд чуулсан Ташгай Таван нуурын байгалийн нөөц газар, байгалийн үзэсгэлэнт Нөмрөгийн болон Дорнод Монголын дархан цаазат газрууд аялал жуулчлалын гол чиглэлүүд юм. Тал нутгийн өргөн уудам хөндий, цэнгэг уст нуур, шувуудын чуулбар зэрэг нь жуулчдын сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлнэ.
Оюун санааны болон шашны үнэт зүйлс
Халхын Сэцэн хан аймгийн То Вангийн санаачилгаар 1859–1864 онд бүтсэн Их Бурхант цогцолбор, Ялалтын музей зэрэг түүхэн дурсгалууд нь шашин, оюун санааны үнэт өвийг илэрхийлдэг. Мөн Халхгол сумын 2-р багийн нутагт орших байнгын ажиллагаатай Баянхошуу хилийн боомтоор дамжин БНХАУ-ын Хайлаар, Амгаланбаатар, Рашаант, Манжуур зэрэг хотуудаар аялснаар тус бүс нутгийн иргэд болон жуулчид оюун санааны болон шашны соёлын үнэ цэнийг мэдэрч, хил орчмын соёлын уялдаа холбоог ойлгох боломжтой. Ийм төрлийн аялал нь орон нутгийн иргэдийн бахархлыг нэмэгдүүлж, жуулчдын сэтгэлд соёлын ба сэтгэлзүйн онцгой үнэ цэнэ төрүүлдэг.
Урам зориг авах үнэт зүйлс
Монгол улсын зүүн хилийн хязгаарт 1939 онд болсон Халхын голын дайны түүхийг гэрчлэх ул мөрөө үлдээсэн дурсгалт газрууд болох ЗХУ-ын Маршал, ЗХУ-ын 4 удаагийн баатар, алдарт жанжин Г.К.Жуковын төв штаб байрлаж байсан газар, Дандар баатар "Улсын баатар" цолоо хүртсэн газарт босгосон түүний хөшөө, 90 баатрын хөшөө гээд түүх, соёлын дурсгалт газруудаар аялснаар зөвхөн түүхийн бахархлыг мэдрэхээс гадна эх оронч үзэл, зориг, бахархал, урам зоригийн эх ундарга болсон байгаль ба түүхийн нэгдмэл үнэ цэнийг гүнзгий мэдрэх боломжтой.
Нийгмийн харилцааны үнэт зүйлс
Буйр нуурын эрэг дагуу загас агнуурын үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрал, туршлагатай танилцах, Мэнэнгийн талд газрын тос олборлож буй цооногуудын үйл ажиллагааг үзэж сонирхох, мөн БНМАУ-ын (хуучин нэрээр) Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 7 дугаар тогтоолоор байгуулсан “Халхгол” нэртэй 250 мянган га талбай бүхий сангийн аж ахуйд үр тариа, малын тэжээл, хүнсний ногоо тариалж байсан түүхэн аж ахуйн үйл ажиллагаатай танилцах нь тухайн бүс нутгийн нийгмийн харилцаа, хамтын хөдөлмөр, соёлын өвийн илэрхийлэлтэй гүн холбоотой. Эдгээр жишээнүүд нь Буйр нуур–Халх голын сав газрын хүн ба байгаль, эдийн засаг ба соёлын харилцан нөлөөллийг ойлгох, орон нутгийн амьдралын хэв маяг, нийгмийн уялдаа холбоог мэдрэх соёлын үйлчилгээний тод илрэл болно.
Боловсрол, хүмүүжлийн үнэт зүйлс
Буйр нуур болон түүнтэй хил залгаа нутгуудад явган, дугуйн, морин болон завин аялал, цанын болон мөсөн бүрхүүлтэй нуурын аялал, загас ба шувуу судлал, ойн амьтны ажиглалт, агнуурын тоглоом, ховор ургамал, амьтантай танилцах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Эдгээр нь жуулчдад экологийн боловсрол, байгаль хамгаалах ухамсар, байгальтай зохицон амьдрах хүмүүжлийг төлөвшүүлэх, мөн байгаль орчны үнэ цэнийг биечлэн мэдрэх бололцоог олгох боломжтой. Ингэснээр тус бүс нутаг нь байгальд суурилсан сургалт, байгаль орчны боловсрол, судалгааны дадлагын болон сургалтын амьд орчин болж, ирээдүй хойч үеийн байгальд хандах хандлагыг төлөвшүүлэх чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.
Эндээс үзэхэд Буйр нуур–Халх голын сав газар нь байгалийн үзэсгэлэн, соёлын өв, шашин, түүхийн дурсгал, амралт зугаалгын өргөн боломжийг агуулсан экосистемийн соёлын үйлчилгээний өндөр үнэ цэнтэй бүс нутаг юм. Эдгээр соёлын үнэ цэнэ нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна байгаль хамгаалал, тогтвортой аялал жуулчлал, экосистемийн менежментэд чухал ач холбогдолтой юм.
Ашигласан материал
MEA (Millennium Ecosystem Assessment). 2005. A Report of the Millennium Ecosystem Assessment. Ecosystems and Human Well- Being: Synthesis, 2005. Island Press, Washington DC. RRC-EA (2020). Rapid Assessment of Wetland Ecosystem Services: A Practitioner’s Guide. Ramsar Regional Center – East Asia, Suncheon, Republic of Korea
Romanazzi, G. R., Koto, R., De Boni, A., Palmisano, G. O., Cioffi, M., & Roma, R. 2023. Cultural ecosystem services: A review of methods and tools for economic evaluation. Environmental and Sustainability Indicators, 100304.
Самъяа, Р., Бакей, А., Жаргал, Ж., Алтанбагана, Ю. 2023. “Экосистемийн үндсэн шинж, үйлчилгээ, үр өгөөж, үнэ цэн” гарын авлага, ISBN:976-9919-9938-8-7.
Сурталчилгааны нийтлэл бичсэн: Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн физик газарзүйн салбарын ЭШДэдА Т.Даваагатан (MSc), ЭШАА О.Мөнхдулам (Ph.D), Т.Рэнчинмядаг (Ph.D)
Бусад мэдээлэл