ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН, ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Олон улсын “Газарзүйн мэдээллийн системийн өдөр (GIS Day)”-ийг жил бүрийн 11-р сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 1999 онд зохион байгуулснаас хойш дэлхий даяар жил бүр ГМС-ийг сурталчлах, бусдад мэдлэг мэдээлэл түгээх, урам зориг өгөхөд чиглэгдэн хийдэг уламжлалт арга хэмжээ болсон байна.
Газарзүйн мэдээллийн системийн технологи нь бодит ертөнцийн бүх төрлийн мэдээллийг байрлалтай холбож, шинжлэх, дүрслэх, удирдах, загварчлахад ашиглагддаг орчин үеийн ухаалаг шийдэл юм. Өдгөө газарзүйн мэдээллийн систем нь шинжлэх ухаан, байгаль орчин, бизнес, үйлдвэрлэл, хот төлөвлөлт, ус, ой, бэлчээрийн менежмент зэрэг бараг бүх салбарт өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг нь болжээ.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар өөрсдийн судалгааны гол чиглэл болох энэхүү тэмдэглэлт өдрийг МУИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд “Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл-2025” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар судалгаа шинжилгээ хийх, бүтээл туурвих болон үйл ажиллагаандаа ГМС-ийн арга зүй, технологийг ашиглаж байгаа үр дүнгүүдээсээ танилцуулсан ба зочин илтгэлдээ Монгол Улсын байгаль, түүх, нийгэм, эдийн засгийн талаарх бүх төрлийн мэдээллийг зураг зүйн аргаар боловсруулан гаргасан бүтээл болох “Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийг онцлон танилцуулав. Мөн салбарын 2 судлаач “Бэлчээр ашиглалт болон бэлчээрийн ачааллыг тооцоход газрын гадаргын онцлогийг харгалзан үзэх нь (Дархадын хотгорын жишээн дээр)” болон “Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Дөргөн нуурын талбайн өөрчлөлтөд уур амьсгалын хүчин зүйлийн нөлөө” сэдвээр судалгааны үр дүнгүүдээ илтгэсэн юм.
Мөн энэхүү эрдэм шинжилгээний хуралд доктор, магистр, бакалаврын түвшний оюутнуудаас ирүүлсэн шилдэг 15 эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлэв.
Илтгэлүүдээс харахад газарзүйн мэдээллийн систем нь байгаль орчин, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, уул уурхай, эрсдэлд суурилсан мониторинг, нийгэм-эдийн засгийн судалгаа, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн зураглал зэрэг олон салбарт ашиглагдаж байна. Мөн салбар хоорондын харьцуулсан судалгааг хөгжүүлэхэд шинэ боломжуудыг нээж байгаа нь онцлог юм. Түүнчлэн шинэ үеийн GIS мэргэжилтнүүд, судлаачид, оюутнуудын мэдлэг, ур чадвар өсөн сайжирч, чанартай бөгөөд өргөн хүрээний судалгааны бүтээлүүдийг танилцуулсаар байна.

ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, ЗУРАГЗҮЙН САЛБАР
2025.11.19
Бусад мэдээлэл