Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Цэвдгээс ялгарах хүлэмжийн хий уур амьсгалын дулаарлыг илүү эрчимжүүлэх аюултай
Цэвдгээс ялгарах хүлэмжийн хий уур амьсгалын дулаарлыг илүү эрчимжүүлэх аюултай

Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын цэвдэгтэй бүс нутгийн хөрс чулуулагт ойролцоогоор 1700 гигатонн хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хий (CO2), метаны хий (CH4) агуулагддаг. Энэ нь агаар мандалд одоо байгаа хүлэмжийн хийнээс даруй хоёр дахин их. Хэрэв цэвдэг гэсэж, алдарвал түүнд агуулагдаж буй асар их хэмжээний хүлэмжийн хий агаар мандалд дэгдэж уур амьсгалын дулаарлыг эрчимжүүлэх аюултай (Зураг 1). 


  Зураг1. Цэвдэг хөрснөөс ялгарах CO2 болон CH4 хийн эргэлт.

Уур амьсгалын дулаарал Монгол оронд дэлхийн дунджаас хоёр дахин эрчимтэй явагдаж байгаа бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүсэд цэвдгийн гэсэлт ихээр явагдаж, зарим газруудад алдарч үгүй болж байгаа нь судалгааны ажлын үр дүнгүүдээр батлагдсан байдаг. Гэвч манай орны цэвдэгт агуулагдах хүлэмжийн хийн агууламж, цэвдгээс ялгарах хүлэмжийн хийн тоо баримтын талаар одоог хүртэл судлагдаагүй тул сонирхолтой бөгөөд зайлшгүй судлах чухал асуудлуудын нэг болоод байна. Энэхүү чухал асуудлын хариуг олох зорилгоор “Монголын тэгш өндөрлөгийн уур амьсгалын өөрчлөлт болон экологийн хүчин зүйлд цэвдгийн үзүүлэх нөлөө” сэдэвтэй олон улсын хамтарсан төсөл 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байна (Зураг 2). Хээрийн судалгаанаас гарсан анхдагч үр дүнгээс хархад цэвдгийн алдрал ихээр явагдаж байгаа мөсжилт ихтэй судалгааны цэгүүдэд CO2 болон CH4 хийн ялгарал илүү өндөр байсан. Энэхүү судалгаанаас гарсан үр дүнгээр манай орны цэвдэгтэй бүс нутгаас ялгарах CO2 болон CH4 хийн хэмжээг тодорхойлж, шинжлэх ухааны шинэ баримт бий болгох чухал ач холбогдолтой юм.


  Зураг 2. Монгол орны цэвдэгт бүс нутгаас ялгарах CO2, CH4 хийн хээрийн хэмжилт.


Хос системтэй зоорь

Цэвдэг судлалын салбарт ажиллаж байсан нэрт эрдэмтэн, доктор, профессор Н.Лонжид 1960-аад оноос Монгол орны цэвдэгтэй газруудад 500, 1000, 2000 тонны багтаамжтай  27 мөсөн зоорийг барьж ашиглалтад оруулсан байдаг. Энэ ажил тухайн үедээ 1.8 тэрбум орчим төгрөгийн цэвэр ашиг олж, улс орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулсан шинэлэг үр дүнтэй ажил болсон тул 1988 онд “Монгол улсын Төрийн соёрхол” шагнал олгожээ. Түүний санаачилсан мөсөн зоорийн технологийг 2011 оноос эхлэн сэргээн сайжруулж, хос системтэй хэлбэрт шилжүүлэн манай орны нөхцөлд туршиж, ашиглалтад оруулаад байна. Энэхүү зоорь нь хөрс чулуулагт агаарын хүйтэн жавар дамжуулж, хуримтлуулах термосифон хоолой ашигласан бөгөөд цахилгааны эх үүсвэр шаарддаггүйгээрээ давуу талтай. Хос системтэй зоорийн хөргөлтийн механизм нь цахилгаан хэмнэх горимд ажиллах тул ашиглалтын зардал нь жирийн зоорьноос 2 дахин бага гардаг. Энэхүү зоорийг Цэвдэг судлалын салбарын эрдэмтэн судлаачид 50 тонны багтаамжтай хийж амжилттай туршиж, ашиглалтад оруулаад байна (Зураг 1)


  Зураг 1. Хос системтэй зоорийн гадна болон дотор тал.





Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө