Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн Америкийн нэгдсэн улсын Төрийн департаментын боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос зохион байгуулдаг International Visitor Leadership Program (IVLP) хөтөлбөрт хамрагдах Монгол Улсын Шинжлэх ухааны академийн төлөөллийн багт сонгогдож, АНУ-д 21 хоногийн албан томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын хугацаанд Монголыг баг АНУ-ын Төрийн систем, бодлого, шинжлэх ухаан, технологи туршилт, инновац нэвтрүүлэх болон шат шатны боловсролын байгууллагаар зочилж, тэдний үйл ажиллагаагаа, ажиллах системтэй танилцсан юм. Тухайлбал,Төрийн департмент, Гадаад хэргийн яам, Холбооны улсын сенатын ажлын алба, Үндэсний Шинжлэх ухааны сан, Үндэсний шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны академи, Жорж Вашингтоны их сургууль, Америкийн Их сургууль, Нью Орлеанс хотын Био инновацын төв, Луизиана мужийн их сургууль, Кентакки мужийн их сургууль, Луивиллийн их сургууль, Орегон мужийн инновацын сан, мужийн сенатор Аарон Вүүдс зэрэг 27 байгууллага, албан тушаалтантай туршлага солилцож, хамтран ажиллах чиглэлийн талаар яриа өрнүүлсэн юм. Мөн АНУ дахь Монгол улсын элчин сайдын яаманд зочилж, элчин сайдтай манай улсын болон АНУ-ын шинжлэх ухаан, технологийн асуудлаар санал солилцсон. Айлчлалын үеэр Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн АНУ-ын Жорж Вашингтоны их сургуультай хамтран ажиллах гэрээг байгуулж, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоо. Үүнд: • АНУ-ын Аляска мужид болох хээрийн сургалтад Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн залуу судлаачдыг Жорж Вашингтоны их сургуулийн зардлаар хоёр жил оролцуулах. • Хүн амын газарзүйн хамтарсан судалгааг Хөвсгөлийн уулархаг районд явуулах, шинэ төсөл эхлэх. • Монгол орны цэвдгийн мониторинг сүлжээг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сүлжээнд оруулах бэлтгэл ажил гүйцэтгэх. • Жорж Вашингтоны их сургуульд богино болон урт хугацаанд судлаач, эрдэмтэн бэлтгэх зэрэг орно. Үүнээс гадна АНУ-ын Луизиана мужийн Усны нийгэмлэг, Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран усны барилга байгууламж, ундны усны чанар, мониторингийн чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо. Эрдэм судлалын салбарт дөрөө нийлүүлэн ажиллахаар болсон Жорж Вашингтоны их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.