АНУ-ын НАСА агентлаг болон Геологийн судалгааны төв (U.S.G.S)-ийн хамтарсан Landsat 9 дагуул нь 2021 оны 9-р сарын 27-нд хөөрсөн билээ. Уг дагуул нь өмнөх загвар болох Ландсат 8-тай адил үзэгдэх гэрэл, ойрын болон дундын нэл улаан туяаны мужид зураглах 9 суваг (Operational Land Imager-2), дулааны буюу цацаргалтын нэл улаан туяаны мужийн 2 сувагтай (Thermal Infrared Sensor-2) байна. Олон бүсчлэлийн мэдээний оронзайн шийд нь 30м, панхроматик суваг 15м мөн дулааны сувагийн оронзайн шийд нь 100м байна. Хиймэл дагуул нь 705 км-ийн өндөрт 99 минут тутамд эх дэлхийг 7.5 км/секундын хурдтай тойрох ба нэг сцений хэмжээ 185х185 км өргөнтэйгээр зураглах бөгөөд дэлхийн гадаргыг 16 хоногийн цаг хугацааны шийдтэйгээр зураглах юм байна.
Landsat 9 дагуул нь 2013 онд хөөргөсөн Landsat 8-ийн тойрог замд байгаа бөгөөд өмнөх загвартай үзүүлэлтийн хувьд төстэй боловч хэд хэдэн сайжруулалт хийгдсэн байна. Шинэ хиймэл дагуул нь радиометрийн өндөр нарийвчлалтайгаар өгөгдлийг дамжуулж, объектуудын нарийн ялгаа, хил заагийг илрүүлэх боломжийг олгосон байна. Ялангуяа ус эсвэл өтгөн ой зэрэг спектрийн ижил төстэй объектүүдийг илрүүлэх боломжийг олгож байгаа юм. Тухайлбал, Landsat 9 дагуулын мэдээ долгионы уртын өнгөний 16,000 гаруй өнгөний ялгаралыг ялгаж чаддаг бол Landsat 7 нь радиометрийн шийд нь 8 бит буюу зөвхөн 256 бит өнгөний ялгаралтай байсан байна. USGS нь Landsat 9-ийг Landsat 8-ийн хамт ажиллуулах бөгөөд хоёр хиймэл дагуулууд нь нийлээд дэлхийн гадаргуугийн 1500 орчим зургийг өдөр бүр зураглах бөгөөд найман өдөрт дэлхийг гадаргыг бүхэлд нь зураглах чадвартай болж байна. Landsat 9 дагуулын анхны мэдээнүүд 2021 оны 10-р сарын 31-ний өдөр зураглагдсан байна.
Зураг 1. 2021 оны 10-р сарын 31-ний өдрийн Гималайн уулс орчимын Landsat 9 дагуулын мэдээ a) Operational Land Imager-2 сенсор, b) Thermal Infrared Sensor-2 сенсор
Зураг а)-д Гималайн уулс дахь цас, мөсөн голууд болон Төвдийн тэгш өндөрлөг бүхий газрыг байгалийн өнгө (суваг 4, 3, 2)-өөр харуулав. Харин зураг b)-д Гималайн уулс орчмын газрын гадаргын температурыг зурагласан ба хөх болон цайвар цэнхэр өнгөөр газрын гадаргын температурын бага утгыг харин улбар шар, улаан өнгөөр газрын гадаргын температурыг өндөр утгыг илэрхийлсэн байна.
Зураг 2. 2021 оны 10-р сарын 31-ний өдрийн
Landsat 9 дагуулын a) Operational Land Imager-2 сенсор, b) Thermal Infrared Sensor-2 сенсор
Эри нуур болон Сент-Клэйр нууруудын хооронд орших Онтариогийн өмнөд хэсгийн тариалангийн талбайг байгалийн өнгө (суваг 4, 3, 2)-өөр харуулав. Зургийн доод талд байгаа цагаан болон саарал өнгөөр дүрслэгдсэн биетүүд нь хүлэмжийн үйлдвэр бөгөөд газрын гадаргын температурын хамгийн бага утгыг харуулсан байна.
Зураг 3. Австралийн Баруун хэсэг дэхь
Кимберли муж орчмын Лансат 9 хиймэл дагуулын мэдээ
Зураг 4. АНУ-ын баруун хэсэгт Navajo Nation орчмийн Ландсат 9 хиймэл дагуулын мэдээ
Зураг 5. АНУ-ын Флоридагийн Панхандл орчмын Landsat 9 хиймэл дагуулын мэдээ
Мэдээ бэлтгэсэн: Б.Бямбадолгор, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
Эх сурвалж: https://www.usgs.gov/
https://landsat.gsfc.nasa.gov/