Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ: АНГИЛАЛ, БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН БОДЛОГО, АЧ ХОЛБОГДОЛ
МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ: АНГИЛАЛ, БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН БОДЛОГО, АЧ ХОЛБОГДОЛ

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн байгаль орчноос хамааралтай амьдарч ирсэн. Гэвч өнөө үед байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлуудтай тулгарч, байгалийн нөөцийг зөвхөн ашиглахаас гадна хамгаалж, нөхөн сэргээх зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх гол арга замуудын нэг нь газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах явдал юм. Байгаль дахь бүхий л зүйлс харилцан уялдаа холбоотой учир ховордсон амьтан, ургамлын амьдрах орчин, өвөрмөц тогтоцтой газруудыг цогцоор нь хамгаалах нь байгаль хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлдэг.

 

2025 оны байдлаар дэлхийн эх газрын ~17.6% нь тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн сүлжээнд хамрагдсан бөгөөд энэ нь Хойд Америк тивийн нийт талбайгаас давсан үзүүлэлт юм [1]. Монгол Улс нийт газар нутгийнхаа 20.8%-ийг Улсын ТХГН-ийн сүлжээнд хамруулсан нь дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд энэ нь Монголчуудын уламжлалт байгальд ээлтэй ахуй болон төрийн бодлогын үр дүнг харуулж байна [2].

 

Олон улсын болон Монгол улсын ТХГН-ийн ангиллын үндсэн зорилго

Олон улсын болон Монгол Улсын ТХГН-ийн ангиллууд нь зорилго, хамгаалалтын концепцийн хувьд ижил төстэй буюу унаган байгаль, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, шинжлэх ухааны судалгаа, мониторинг, экологийн боловсролыг дэмжих, байгалийн болон соёлын өвийг хамгаалж, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг чиглүүлэх нийтлэг зорилготой. Гэвч ангиллын бүтцийн хувьд ялгаатай талууд бий. Олон улсын ТХГН (IUCN)-ийн сүлжээ нь 7 ангилалтай бол Монгол Улсынх 4 ангилалтай [3-4] (Хүснэгт 1-2).

 

Хүснэгт 1. Олон улсын ТХГН ийн ангилал [3]

Ангилал

Нэршил

Тодорхойлолт

Ia

Дархан цаазат газар

(Strictly Protected Area)

Унаган экосистем болон биологийн үнэт өвийг бүрэн хамгаалан хадгалж, шинжлэх ухааны судалгаа, мониторинг,  экологийн боловсрол олгоход зориулагдсан газар нутаг.

Ib

Зэрлэг онгон газар

(Wilderness Area)

Хүний нөлөө хязгаарлагдмал, унаган байгаль, экосистемийг хадгалах зорилготой газар нутаг бөгөөд нутгийн иргэд тодорхой зөвшөөрлийн дагуу байгалийн баялгийг хязгаарлагдмал байдлаар ашиглаж болно.

II

Байгалийн цогцолборт газар (National Park)

Биологийн болон ландшафтын олон янз байдлаар баялаг газар нутгийг хамгаалах зорилготой бөгөөд байгаль, соёлын өвийг хамгаалахтай зэрэгцэн шинжлэх ухаан, боловсрол, амралт зугаалга, аялал жуулчлалыг дэмжих зориулалтай.

III

Байгалийн дурсгалт газар (Natural Monument)

Онцгой ач холбогдолтой, өндөр үнэ цэнтэй байгалийн өвөрмөц объектыг хамгаалах зорилготой бөгөөд аялал жуулчлал, экологийн боловсрол болон шинжлэх ухааны судалгаанд ашиглагддаг.

IV

Амьдрах орчин/зүйлийг хамгаалах менежмент (Habitat/Species Management)

Тодорхой зүйлийн амьдрах орчныг хамгаалах зорилготой. Зохистой хязгаарлалтын хүрээнд байгалийн нөөцийг ашиглах боломжтой.

V

Хуурай газрын/далайн хамгаалалттай ландшафт (Protected Landscape/Seascape)

Хуурай газар, далай тэнгис, эрэг орчмын биологийн олон янз байдал болон соёлын өвийн харилцан уялдаа бүхий ландшафтыг хамгаалах зорилготой бөгөөд тогтвортой хөгжлийн зарчмаар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухааны үйл ажиллагааг дэмждэг.

VI

Нөөцийг тогтвортой ашиглах бүс (Resource Protected Area)

Уламжлалт ахуй, соёл, нөөц ашиглалтыг хадгалах зорилготой бөгөөд нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ, аж үйлдвэрийн бус хэлбэрийн нөөц ашиглалтыг зөвшөөрдөг.

Зураг 1. Олон улсын ТХГН-ийн сүлжээ

 

Хүснэгт 2. Монгол Улсын ТХГН-ийн ангилал [4]

Ангилал

Нэршил

Тодорхойлолт

I

Дархан цаазат газар

(Strictly Protected Area)

Унаган экосистем, биологийн олон янз байдал болон геологийн өвөрмөц тогтцыг бүрэн хамгаалах зорилготой, хамгаалалтын дэглэм хамгийн өндөр бөгөөд зөвхөн судалгаа, мониторинг зэрэг хязгаарлагдмал зориулалтаар ашиглана.

II

Байгалийн цогцолборт газар

(National Park)

Байгалийн болон ландшафтын үнэт өвийг хамгаалж, шинжлэх ухаан, экологийн боловсрол, амралт зугаалга, аялал жуулчлалыг зохистой дэглэмээр хослуулан хэрэгжүүлэхэд чиглэсэн газар нутаг юм.

IIII

Байгалийн нөөцийн газар

(Nature Reserve)

Ан амьтан, ургамал, ой мод болон бусад байгалийн нөөцийг зохистой ашиглан хамгаалж, тогтвортой менежментээр байгалийн баялгийг үргэлжлүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн газар нутаг юм.

IV

Дурсгалт газар

(Natural Monument)

Өвөрмөц геологийн тогтоц, түүх, соёлын үнэт, онцгой ач холбогдолтой объект, дурсгалууд хамгаалах зорилготой,


Зураг 2. Монгол Улсын ТХГН-ийн сүлжээ (2024 оны байдлаар)

 

Эндээс үзэхэд Олон улсын ТХГН-ийн ангиллын системд амьдрах орчны менежмент (IV) болон хуурай газар/далайн ландшафт (V) ангиллууд тусдаа тодорхойлогддог бөгөөд энэ нь Монголын ангилалд шууд тусгагдаагүй.

 

Мөн Монголын “Байгалийн нөөцийн газар” ангилал нь байгалийн нөөцийг зохистой, зөвшөөрөлтэй ашиглахад илүү чиглэдэг учраас IUCN-ийн VI ангилалтай илүү дүйцнэ.

 

Түүнчлэн Монголын ангиллуудад далайн экосистемийн хамгаалалтад тусдаа ангиллаар агуулагдахгүй нь IUCN V ангиллаас ялгаатай. Иймээс Монгол Улсын ангилал нь Олон улсын IUCN-ийн 1–3 болон 6 дугаар ангиллын агуулгатай ойролцоо боловч 4–5 дугаар ангиллын утгын зарим хэсгийг өөрийн ангиллын дотор хагас байдлаар агуулдаг онцлогтой.

 

Монгол улсын ТХГН-ийн өнөөгийн төлөв байдал

2024 оны байдлаар Монгол улс нийт газар нутгийнхаа 20.77% буюу 32.48 сая га талбайг улсын ТХГН-ийн сүлжээнд хамруулжээ. Тодруулбал, Монгол Улсын ТХГН-ийн сүлжээнд нийт 107 газар бүртгэгдснээс 15 нь дархан цаазат газар, 33 нь байгалийн цогцолборт газар, 45 нь байгалийн нөөцийн газар, 14 нь дурсгалт газар байна.

 

Талбайн хувьд дийлэнх буюу 8.82% нь байгалийн нөөцийн газрын, 8.63% нь байгалийн цогцолборт газрын, 3.25% дархан цаазат газрын, 0.07% нь дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авагдсан байна [5] (Зураг 3).

 

1957 оноос хойш Монгол Улс хамгаалалттай газар нутгийн сүлжээг шат дараатайгаар өргөжүүлж, 2024 он гэхэд 512 дахин өсөж 32.48 сая га–д хүрсэн нь байгаль хамгааллын бодлого үе шаттайгаар өргөжин хөгжсөнийг харуулж байна (Зураг 4).

Зураг 3. Монгол Улсын ТХГН-ийн тоо, талбай хэмжээ (2024 оны байдлаар)

Зураг 4. Монгол Улсын ТХГН-ийн талбайн өөрчлөлт (2024 оны байдлаар)

Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрууд нь хамгаалалтын дэглэмийн ялгаатай 3 бүсэд хуваагддаг (Зураг 5, Зураг 6). Эдгээр бүсүүдийн зорилго нь экосистемийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүний нөлөөллийг шаталсан байдлаар зохицуулах явдал юм. “Онгон бүс” нь хамгийн хатуу дэглэмтэй бөгөөд зөвшөөрөл бүхий ажиглалт, судалгаа хийхээс бусад үйл ажиллагаа хориглогдоно.  “Онцгой бүс” нь ямар нэгэн ашиглалт, аялал жуулчлал бараг зөвшөөрөгддөггүй, зөвхөн судалгаа, мониторинг хийх боломжтой. Хамгаалалтын (аялал жуулчлалын) бүсэд зохистой менежменттэйгээр аялал жуулчлал, танин мэдэхүй, боловсролын үйл ажиллагааг хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрдөг бол “Хязгаарлалтын бүс” нь дэд бүтцийн үйлчилгээ болон нутгийн иргэдийн зарим төрлийн ашиглалтыг тодорхой журам, хяналтын дор зөвшөөрдөг.

Зураг 5. “Говийн Их”дархан цаазат газрын хамгаалалтын бүсүүд

Зураг 6. “Горхи-Тэрэлж”ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсүүд


ТХГН-ийн байгаль, нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдол

ТХГН нь байгалийн унаган тогтоц, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг хадгалах төдийгүй нийгэм–эдийн засгийн олон салбарт эерэг нөлөө үзүүлдэг.

 

Аялал жуулчлалын салбарын хувьд Монгол орны аялал жуулчлалын гол суурь нь байгаль, уламжлалт соёлд тулгуурладаг бөгөөд гадаад жуулчдын ойролцоогоор 50% нь ТХГН-аар аялдаг бөгөөд энэ нь нийт жуулчдын 10–15%-ийг эзэлнэ [5].

Зураг 7. “Алтай Таван Богд” БЦГ-т аялаж буй гадаадын жуулчид

(Эх сурвалж: Интернэтээс)

Хөдөө аж ахуйн салбарын хувьд ТХГН нь цэвэр ус, тоос хүртээлт, бэлчээрээр дамжуулан ялангуяа мал аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд 2024 оны байдлаар Монгол улсын нийт малын 54% нь ТХГН-д багтсан сумдад тоологдожээ [5].

Зураг 8. “Их Газрын Чулуу” БЦГ-т бэлчээрлэж буй мал

(Эх сурвалж: Интернэтээс)

Экосистемийн үйлчилгээний хувьд ТХГН дахь ой нь ойн дагалдах бүтээгдэхүүнээр өрхүүдийн хэрэгцээг хангахаас гадна нүүрстөрөгчийг их хэмжээгээр шингээн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна [6].


Зураг 9. “Горхи-Тэрэлж”-ийн БЦГ

(Эх сурвалж: Интернэтээс)

Усны нөөцийн хувьд уул уурхай, үйлдвэрлэлийн болон ундны усны тодорхой хувийг ТХГН бүрдүүлдэг. Тухайлбал, Нийслэлийн ундны усны гол эх үүсвэр Туул гол нь Хан Хэнтийн ДЦГ-аас эх авч, “Горхи–Тэрэлж”-ийн БЦГ-аар дамжин тэжээгддэг.

Зураг 10. Туул гол ба түүний томоохон цутгалууд

Сүүлийн жилүүдэд ТХГН-д бэлчээрийн даац хэтрэх, зохисгүй аялал жуулчлалын нөлөөлөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул хамгаалалтын менежментийг сайжруулж, олон талын хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Зураг 11. “Горхи-Тэрэлж”-ийн БЦГ-т хатуу хог хаягдлын цэвэрлэгээ хийж буй сайн дурын нийгэмлэг (Эх сурвалж: Интернэтээс)

 

Эндээс үзэхэд Монгол Улсын ТХГН-ууд нь байгаль хамгааллын үндсэн үүргээс гадна эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг дэмжих өргөн хүрээний үнэ цэнийг тодорхойлдог. Иймээс улсын тусгай хамгааалалтад авсан газар нутгийг зөв зохистой хамгаалж, тогтвортой ашигласнаар байгалийн нөөцийг ирээдүй хойч үедээ үр өгөөжтэйгээр өвлүүлэх боломж бүрдэнэ. Эцэст нь дүгнэхэд ТХГН нь байгаль хамгааллын арга хэрэгсэл төдийгүй, улс орны тогтвортой хөгжлийн стратегийн суурь бүрэлдэхүүн хэсэг юм.

 

Ашигласан материал

  1. UNEP-WCMC & IUCN. (2024). Protected Planet Report 2024. Нэгдсэн Үндэстний Байгаль Орчны Хөтөлбөрийн Нийгмийн Хөгжил, Байгаль Хамгааллын Мэдээллийн Төв, Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо.
  2. Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам. (2025). Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20.8 хувьд хүрнэ. Улаанбаатар хот.
  3. International Union for Conservation of Nature (IUCN). (он гарсангүй). Protected area management categories and guidelines. Олон улсын байгаль хамгаалах холбоо.
  4. Монгол Улсын хууль. (2023). Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (Шинэчилсэн найруулга). Улаанбаатар хот.
  5. Үндэсний Статистикийн Хороо. (2024). Монгол Улсын статистикийн эмхэтгэл. Улаанбаатар хот.
  6. Flores, M., Gonchigsumlaa, G., & Surenjav, K. (он гарсангүй). Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээний салбарын хөгжилд оруулж буй эдийн засгийн хувь нэмэр. Судалгааны тайлан.

 

Танин мэдэхүйн нийтлэлийг бэлтгэсэн: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын ЭШДадА, А.Арвинзаяа, ЭШАА, доктор (Ph.D) О.Мөнхдулам


Бусад мэдээлэл