ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрсний лаборатори Дэлхийн Хөрсний Лабораторийн Сүлжээ (GLOSOLAN)-д элсэн орлоо.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрсний лаборатори нь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO)-ын дэргэдэх Дэлхийн Хөрсний Түншлэл (GSP)-ийн хүрээнд хэрэгждэг Дэлхийн Хөрсний Лабораторийн Сүлжээ (GLOSOLAN)-д 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсны гишүүн лаборатори боллоо.
GLOSOLAN нь хөрсний нөөцийг тогтвортой удирдах, хамгаалах зорилгоор хөрсний шинжилгээний арга зүй, хэмжилт, үзүүлэлтүүдийг олон улсын түвшинд уялдуулах, харьцуулж болохуйц, чанартай хөрсний өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэхэд чиглэсэн техникийн сүлжээ юм. Тус сүлжээ нь 2017 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн улс орнуудын хөрсний лабораториудын чадавх бэхжүүлэх, стандарт арга зүй нэвтрүүлэх, чанарын хяналт, баталгаажуулалтыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хөрсний лаборатори нь GLOSOLAN-д нэгдсэнээр олон улсын туршлага, арга зүйг нэвтрүүлэх, бүс нутгийн болон дэлхийн түвшинд хэрэгжиж буй хөрсний судалгаа, мониторингийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, улмаар Монгол улсын хөрсний мэдээллийн чанар, нийцтэй байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.
Бусад мэдээлэл