Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 409 тогтоол, хүрээлэнгийн судалгааны үндсэн чиглэлийн дагуу 2024 онд судалгаа шинжилгээний хэд хэдэн томоохон ажил гүйцэтгэн ажиллаж байна.

Эдгээрийн нэг чухал ажил нь манай орны цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг агуулдаг, ЮНЕСКО-гийн “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэгдсэн Хөвсгөл нуурын атласыг зохиох явдал болно. “Хөвсгөл нуур” атласыг манай хүрээлэнгийн тэргүүлэх үндэсний эрдэмтэн судлаачид, 100 гаруй сэдэвчилсэн зургийн агуулгатайгаар 2024 онд цахим, 2025 оны эхний хагаст хэвлэмэл хэлбэрээр тус тус боловсруулж олон нийтэд хүргэхээр зорин ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд 2024 оны өвөл, зун, намрын улирлуудад Хөвсгөл нуурын орчимд гурван удаагийн иж бүрэн (ус, хөрс, цэвдэг, ой, ургамал, амьтан, уур амьсгал, ландшафт, геоморфологи, цөлжилт, газар ашиглалт, газрын доройтол, нийгэм эдийн засгийн эрдэмтэн судлаачдаас бүрдэх) экспедиц зохион байгуулагдан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж эхлээд байна.


Мөн Хөвсгөлийн районтой холбоотой судалгаа шинжилгээний үр дүнг солилцох, атласын агуулгыг баяжуулах зорилгоор орон нутгийн төр захиргаа, байгаль орчны мэргэжлийн байгууллага, албан хаагчидтай хамтран “ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 8-р сарын 9-ний өдөр Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хамтран Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг, Жанхайн даваа, “Капитан” жуулчны баазад амжилттай зохион байгууллаа.


 

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж  ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Хөвсгөл аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Одонтуяа нар үг хэлсэн бол Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч, академич Б.Авид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр нар мэндчилгээ дэвшүүллээ.


            Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Шинжлэх ухаан технологийн сан, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа, Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Хөвсгөл аймгийн сумдын засаг дарга, удирдлага дэмжин оролцсон юм.

            Тус хуралд Польш улсын Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэд оролцсоноос гадна ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн 10 салбарын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ, нийтдээ 80 гаруй эрдэмтэн судлаач, нутгийн байгаль орчин, удирдах байгууллагын ажилтан, мэргэжилтнүүд оролцлоо.

            Эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр тэргүүтэй эрдэмтэн, судлаачид Хөвсгөл нуурын районд өмнө нь хийгдэж байсан болон одоо хэрэгжиж буй судалгааны ажлын үр дүнг байгаль орчин, нийгэм эдийн засаг, бодлогын хүрээнд нийт 16 илтгэлийг хэлэлцүүлэн нутгийн удирдлагууд, төрийн захиргаа, байгаль хамгаалагчидтай нээлттэй хэлэлцүүллээ.


Эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хөвсгөл нуурыг хамгаалах санаачилга”, олон улсын Засгийн газар хоорондын “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ” зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө