Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“СЭРҮҮН БҮСИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“СЭРҮҮН БҮСИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуультай 2023 оны 10-р сард хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу олон улсын хамтарсан семинарыг амжилттай зохион байгууллаа.

Семинарыг Газарзүй, геоэкологийн хүрээлэн, АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургууль, Алъяаскийн Фэйрбанк Их Сургууль, Хойд Иова Их Сургуулийн Арктик судлалын төвтэй хамтран “Сэрүүн бүсийн хүрээлэн буй орчны талаарх мэдлэгийг хамтдаа бүтээцгээе: Судлаач, орон нутгийн уугуул иргэд, уран бүтээлч хоорондын туршлага солилцох” -сэдэвтэйгээр 2024 оны 3-р сарын 13-15 өдрүүдэд зохион байгуулсан юм.

АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Сан (NSF)-аас санхүүжилттэй “Сэрүүн бүс нутгийн аж амьдрал (Frozen Commons)” төслийн хүрээнд хийгдсэн уг семинар нь цас, мөс, мөнх цэвдэг хүмүүсийн хувьд ямар утга учиртайг, амьдрал ахуйд нь хэрхэн нөлөөлж буйг, одоо хэрхэн өөрчлөгдөж байгааг шинжлэх ухаан, үе дамжин уламжлагдаж ирсэн нутгийн уугуул иргэдийн мэдлэг, урлаг уран сайхан зэрэг өөр өөр өнцгөөс илэрхийлж, тэдгээрийн мэдлэгийн холбоос (ArtSLInK)-ыг нэгтгэх замаар салбар дамнасан судалгааг хөгжүүлэх зорилготой юм.

Гурван өдөр үргэлжилсэн тус семинарт АНУ, Канад, Унгар, Орос зэрэг улсуудаас хүрэлцэн ирсэн Арктикийн сэрүүн бүс нутагт нийгэм эдийн засгийн газарзүй, цэвдэг, мөстлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг 20 гаруй эрдэмтэн судлаачид, их сургуулийн багш нар, уран зураач, дүрслэх урлаг, уран зохиолын багш нар хамрагдсан бөгөөд тухайн оролцогчид нь Дархад, Буриад, Саха, Юкаги, Итэлмэн үндэстэн болон Алъяаскийн Унангакс зэрэг уугуул иргэдийн төлөөллүүд байв.  

Семинарын эхний өдөр Frozen Commons төслийн танилцуулга, сэрүүн бүс нутгийн онцлог, уугуул иргэдийн өдөр тутмын амьдралд цас мөс, цэвдгийг хэрхэн ашигладаг тухай илтгэлүүд тавигдаж, удаах өдрүүдэд нутгийн уугуул иргэдийн дуу хөгжим, үндэсний хувцас, гар урлалтай танилцах, цас, мөсийг илэрхийлсэн хөгжөөнт тоглоом тоглох зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав. Үүнээс гадна оролцогчид Улаанбаатар хотын гэр хороолол, Сэлбэ голын халиа тошин үүссэн нөхцөл байдалтай танилцав. Семинарын төгсөлд нийт оролцогчид сэтгэгдлээ хуваалцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцлоо.

Frozen Common төслийн үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цагааннуур, Улаан Уул сумуудад нийгэм эдийн засаг, цэвдгийн хээрийн судалгааны ажлаар үргэлжилж байгаа бөгөөд судалгааны багийн бүрэлдэхүүнд ГГХ-ийн Нийгэм, эдийн засгийн салбарын ЭШТА доктор С.Энх-Амгалан, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор С.Хадбаатар, Жорж Вашингтоны Их Сургуулийн профессор Вера Куклина, Алъяска Фэйрбанк Их сургуулийн судлаач, доктор Александер Холодов, Хойд Айовагийн Их Сургуулийн Арктикийн судалгааны төвийн докторант Мария Куклина, Унгар улсаас хүрэлцэн ирсэн уран зураач Олга Ло нар тус тус оролцон ажиллаж байна. 




Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө