Вэбсайтын цэс
Хэлний сонголт
EST 2023” Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
EST 2023” Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи (EST 2023)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо 8-р сарын 10-13-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурал Хүрээлэн буй орчны сорилт, уур амьсгалын өөрчлөлт, Бүс нутгийн хөгжил ба хүрээлэн буй орчны бодлого, Хүрээлэн буй орчны технологи ба инновац сэдвүүдээс бүрдсэн найман салбар хуралдаантай явагдлаа.
Хурлын нээлтэд БШУ-ны яамны дэд сайд Г.Ганбаяр, БОАЖ-ны яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Монгол улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар хүрэлцэн ирж, нийт зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хурлын зохион байгуулагч нарт баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг дунд болон урт хугацааны бодлогод шинжлэх ухааны оролцоо чухал болохыг дурдаж ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт газрын доройтлыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж буй тэргүүлэх эрдэмтдийн үүрэг их гэдгийг онцолсон юм. Мөн EST 2023 хурлаас гарах үр дүн улс орны хөгжил дэвшил, төлөвлөлтөд тодорхой хувь нэмэр оруулах боломжтойг цохон тэмдэглэсэн болно.
Хятад, Канад, Герман, Япон, Монгол, Өвөрмонгол, Буриад, Солонгос, Орос, Норвег, зэрэг орны 220 гаруй төлөөлөгчид оролцсон тус хуралд 8 хүндэт зочин илтгэгч, 72 аман илтгэгч, 42 ханан илтгэгч нар илтгэлээ тус тус хэлэлцүүлсэн бөгөөд манай, орон түүний зэргэлдээ бүс нутгийг хамарсан судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, шинэ арга зүй, технологи туршилтын ололт амжилтаа хуваалцлаа.
Хүндэт зочин илтгэгчдээр уригдсан Монгол улсын ерөнхийлөгчийн Хүрээлэн буй орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, доктор Н.Батхүү, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Москвагийн Ломоносовын их сургуулийн нэрт эрдэмтэн, академич Николай Касимов, Хятадын Шинжлэх ухааны академийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн профессор Дон Суочен, Осло их сургуулийн эрдэмтэн Себастьян Вестерманн, Цукубагийн их сургуулийн профессор Маки Цужимура нар бүс нутаг, дэлхийн хойд хагасын хамруулан хийсэн сонирхолтой судалгааны ажлаа танилцуулсан нь сонирхолтой байв. Хурлын төгсгөлд Газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй олон жил үр дүнтэй хамтарч ажилласан гадаад улсын нэр бүхий 7 эрдэмтэн судлаачдыг Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны хүндэт жуух бичгээр тус тус шагнаж урамшуулсан юм.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи (EST 2023)” хүрэлцэн ирсэн гадаадын эрдэмтдийн зарим төлөөллийг Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн удирдлага, холбогдох салбарын дарга нарын хамтаар хүлээн авч цаашид хийх судалгааны ажил, хамтын ажиллагааг өргөтгөх талаар албан уулзалт зохион байгуулсан болно.
Хурлын сүүлийн хоёр өдөр Налайх, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт байрлах Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн харьяа хүрээлэн буй орчны хяналтын талбайнууд, автомат цаг уурын станц, хөрсний CO2-ийн хэмжих станц орчмоор хээрийн экскурс зохион байгуулсан бөгөөд экскурсэд Орос, Хятад, Солонгос, Норвег, Япон, Монгол улсын 50 орчим судлаачид оролцлоо.
Манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хуралд ирсэн Хятад, Солонгос, Норвег, Япон эрдэмтдийн хамтаар Орос-Монгол-Хятадын эдийн засгийн баруун бүсийн босоо тэнхлэг, Хэнтий, Хангай, Хөвсгөл, Алтайн уулсын цэвдгийн сүлжээг өргөтгөх, цаг уурын станц суулгах, томоохон голуудын ус зүй, хүлэмжийн хийн судалгааны ажлын хамтарч хийхээр хээрийн судалгаандаа гараад байна.
Хурлын амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн БШУЯ, БОАЖЯ, ШУА-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө