Нэгдсэн үндэстний байгууллагын Суурьшлын хөтөлбөр (НҮБ-ын Хабитат) нь “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх” төслийг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Сонгинохайрхан дүүргийн 26, 27, 4, 5, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороодын нутаг дэвсгэр Толгойт болон Бэлхийн голын эргийн дагуу өвөлдөө халиа, тошин үүсэж, зундаа үер усанд автдаг хэсэгт хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд “Цэвдэг судлалын өнөөгийн нөхцөл, хэрэгцээ шаардлага тодорхойлох” сэдвээр мэдээлэл солилцох, салбарын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор семинарыг 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав. Тус семинарыг нээж НҮБ-ын Хабитат төслийн менежер Ш.Энхцэцэг, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нар үг хэлэв.
Семинарын гол илтгэгчээр ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа “Монгол орны цэвдгийн тархалт, өөрчлөлт ба хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл” сэдвээр, ХААИС-ийн багш, доктор Т.Байгал-Амар “Голын эргийн бүсийн эко системийн үйлчилгээ” сэдвээр, мөн “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хяналт үнэлгээний мэргэжилтэн Б.Мөнхбаяр төслийн талаар тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Мэдээ бэлтгэсэн
Цэвдэг судлалын салбар