Харилцаа холбооны хиймэл дагуул Dror-1-ийг амжилттай хөөргөв
2025 оны 7-р сарын 13-ны өглөө орон нутгийн цагаар 8:03 цагт АНУ-ын Флорида мужийн Кэйп Канавералын сансрын төвөөс SpaceX компанийн Falcon 9 пуужингаар Израилийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул Dror-1-ийг амжилттай хөөргөлөө. Тус дагуул нь хөөргөснөөс хойш ойролцоогоор 40 минутын дараа хөөргөгч төхөөрөмжөөс салж, 90 минут тутамд дэлхийг тойрох бие даасан тойрог замаа эхлүүлсэн байна.
Израилийн Сансрын агентлаг (Israel Space Agency) болон Агаар, сансрын аж үйлдвэрүүд (Israel Aerospace Industries) компанийн хамтарсан бүтээл болох Dror-1 нь тус улсын харилцаа холбооны дэд бүтцийг гадаад орноос хамааралгүй, дотоодын нөөцөөр шийдвэрлэх стратеги зорилтын хүрээнд зохион бүтээгдсэн бөгөөд түүний хөгжүүлэлтэд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 7 жил гаруй хугацааг зарцуулжээ.

Зураг 1. Dror-1-ийг хөөргөх гэж байгаа нь.
4.5 тонн жинтэй Dror-1 хиймэл дагуул нь геостационар орбитод (ойролцоогоор 36,000 км өндөрт) байрлана. Геостационар орбит нь экваторын хавтгайд байрлах, дэлхийн эргэлтийн хурдад таарсан хиймэл дагуулын тойрог зам юм. Геостационар орбитоор тойрч буй хиймэл дагуул нь дэлхийн нэг цэгийн дээр тогтмол байрлаж байгаа мэт харагддаг тул уг тойрог зам дээрх дагуулыг “байран хиймэл дагуул” гэдэг ба ихэвчлэн харилцаа холбоо, телевиз, цаг уурын зорилгоор ашиглагдана.

Зураг 2. Задгай сансар дахь Dror-1 хиймэл дагуул.
Тус дагуулын 2.8 метр диаметртэй 2 антенн нь өндөр хурдны мэдээлэл дамжуулах чадамжтай бөгөөд 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах төлөвтэй байна. Dror-1 нь “ухаалаг хиймэл дагуул” хэмээн нэрлэгдэхүйц дэвшилтэт технологиор тоноглогдсон. Түүний үндсэн технологи нь программ хангамжийн түвшинд алсаас шинэчлэгдэх боломжтой бөгөөд энэ нь сансрын түвшнөөс шууд хэрэглээний тохиргоог хянах давуу талыг олгож буй юм.
Dror-1 бол Израилийн үндэсний харилцаа холбооны цуврал дагуулуудын хамгийн эхнийх нь бөгөөд тус улс ойрын арван жилийн хугацаанд 10 орчим ийм төрлийн хиймэл дагуулыг хөөргөх зорилт тавиад байгаа юм. Энэ нь тус улсын технологийн тусгаар тогтнолыг бэхжүүлж, бүс нутгийн болон олон улсын түвшинд харилцаа холбооны стратегийн чадавхийг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мэдээг бэлтгэсэн: Д.Амарсайхан, Г.Цогзол, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд:
https://www.intellinews.com/israel-successfully-launches-dror-1-communications-satellite-joining-space-race-390769/
https://space.skyrocket.de/doc_sdat/dror-1.htm
https://www.n2yo.com/satellite/?s=64784
https://www.ynetnews.com/health_science/article/hyjdfpeige
Бусад мэдээлэл