“Улаанбаатар хотын авто замуудын хөлдөлтийн нөлөөгөөр үүссэн хэв гажилт (овойлт)-ийг судлах, чанарыг сайжруулах” төслийн Монгол дахь хаалтын хурлыг амжилттай зохион байгууллаа
ЖАЙКА-гийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Китами технологийн дээд сургууль, Китами хотын захиргаа, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (ГГХ) болон Нийслэлийн Замын хөгжлийн газар (НЗХГ) хамтран 2022–2025 оны хооронд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын авто замуудын хөлдөлтийн нөлөөгөөр үүссэн хэв гажилт (овойлт)-ийг судлах, чанарыг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.
Төслийн хүрээнд ГГХ-ийн Цэвдэг судлалын салбарын 8 эрдэм шинжилгээний ажилтан нар хүйтний овойлтын онолын мэдлэг болон лабораторийн тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх мэргэжлийн сургалтад Япон улсын Китами хотод очиж хамрагдсан байна. Мөн төслийн зүгээс буцалтгүй тусламжийн хүрээнд хөрсний овойлт хэмждэг хоёр багажийг ГГХ болон НЗХГ-т тус тус суурилуулж, замын далангаас авсан хөрсний дээжүүдэд хэмжилт хийж судалгаанд ашигласан.
Төслийн хаалтын хурлыг Япон улсын Китами хотод 2025 оны 5-р сарын 28-нд, Монгол дахь хаалтын хурал Улаанбаатар хотод 2025 оны 8-р сарын 12-нд тус тус зохион байгуулагдав.
Хурлын үеэр дараах илтгэлүүд хэлэлцлээ:
- Профессор Дай Накамүра (Китами технологийн дээд сургууль) – “ЖАЙКА Өвсний үндэс техникийн хамтын ажиллагаа төслийн нэгтгэн дүгнэсэн тайлан”
- Д. Баясгалан, МШТСХ-ийн дарга (НЗХГ) – “НЗХГ-ын 2025 онд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ”
- Доктор А. Дашцэрэн, ГГХ-ийн захирал – “Монгол орны цэвдгийн өнөөгийн байдал ба дэд бүтцэд үзүүлэх нөлөө”



Бусад мэдээлэл