ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭЛСЭН БОЛОН ШОРООН ШУУРГАНЫ АЖЛЫН I, II ХЭСГИЙН 19 ДҮГЭЭР УУЛЗАЛТ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БНХАУ, Япон, БНСУ-ын Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт (TEMM)-ын хүрээнд Зүүн Хойд Азийн элсэн болон шороон шуурганы ажлын I, II хэсгийн 19 дүгээр хурал, хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөтгөсөн болон олон нийтэд нээлттэй семинарыг 2026 оны 08-р сарын 19-өөс 20-ны өдрүүдэд Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Зүүн Хойд Азийн элсэн болон шороон шуурганы ажлын I, II хэсгийн хурлыг 8-р сарын 19-ны өдөр, өргөтгөсөн семинарыг 8-р сарын 20-ны өдөр Япон улсын Байгаль орчны яам, Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур орчны шинжилгээний газар, ШУА-ийн Газарзүйн геоэкологийн хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын танхимд зохион байгуулсан бол олон нийтэд нээлттэй семинарыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсийн Цагаадай танхимд 8-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Ажлын I хэсэг нь элсэн болон шороон шуургыг илрүүлэх, хяналт мониторинг, шилжилтийн замыг загварчлах, урьдчилан мэдээлэх чиглэлээр ажилладаг. Ажлын II хэсэг нь шуурганы эх үүсвэр, цөлжилт, газрын доройтлын шалтгаан, нөлөөллийг судалж, бууруулах, экосистемийг нөхөн сэргээх шийдэл боловсруулахад төвлөрдөг. Өөрөөр хэлбэл эдгээр 2 ажлын хэсгийн хамтын ажиллагаа нь судалгаа, мониторинг, эрт сэрэмжлүүлэг, нөхөн сэргээлттэй уялдсан нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэдэг.

TEMM-ын хүрээнд байгуулагдсан элсэн болон шороон шуурганы ажлын I, II хэсэг 2008 оноос хойш эх үүсвэрийн судалгаа, мониторинг, урьдчилан мэдээлэх тогтолцоо чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. 2008-2025 он хүртэл 20 шахам жилийн хугацаанд Монгол улс TEMM-ийн хамтын ажиллагаанд ажиглагч улсын хувиар оролцож ирсэн. 2025 онд TEMM-аас баталсан дунд хугацааны төлөвлөгөөний “3+X” хамтын ажиллагаанд Монгол улс нэгдэн, оролцоогоо өргөжүүлж, улмаар Монголын талаас ажлын I хэсгийн үндэсний зохицуулагчаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаач, доктор Б.Буянтогтох, ажлын II хэсгийн үндэсний зохицуулагчаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаач, доктор О.Мөнхдулам нар томилогдсон.

Энэ удаагийн ажлын II хэсгийн 19 дүгээр хуралдааныг 1) Элсэн болон шороон шуургатай холбоотой сүүлийн үеийн судалгааны үр дүн; 2) TEMM-ийн 2026–2030 оны дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн явц; 3) I болон II ажлын хэсгийн хамтын ажиллагаанд тулгуурласан цаашдын үйл ажиллагаа; 4) “Trilateral+X” буюу “3+X” хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж; 5) TEMM-ийн элсэн болон шороон шуурганы цахим портал болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын SDS Toolbox-ийг харилцан уялдуулах асуудал гэсэн 5 үндсэн агуулгын хүрээнд зохион байгууллаа.
- “Элсэн болон шороон шуургатай холбоотой сүүлийн үеийн судалгаа” агуулгын хүрээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол улсын судлаачид илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:
- БНСУ-ын Ханкён Үндэсний их сургуулийн профессор, доктор Сүнхи Хон “Монгол орны цөлжилтөөс сэргийлэхэд унаган ургамлын үрэнд суурилсан нөхөн сэргээлтийн стандарт: Байгальд түшиглэсэн шийдэл”;
- Өвөр Монголын Байгаль орчны мониторингийн төв станцын захирал, доктор Шиньжүн Жоу “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны элсэн болон шороон шуурганы мониторингийн чадавх, экологийн хамгаалалтын бүс байгуулах ажлын ахиц”;
- Тоттори их сургуулийн профессор, доктор Ясунори Куросаки “Тоон загварчлал, хээрийн судалгаа болон хиймэл дагуулын хэмжилтийг нэгтгэсэн элсэн болон шороон шуурганы дунд хугацааны урьдчилсан мэдээ, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, эх үүсвэрийг хянах төлөвлөлтийн арга зүйг боловсруулах” төслийн судалгааны үр дүн;
- ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын дарга, доктор О.Мөнхдулам “Монгол орны эолийн үйл явц ба эх үүсвэрийн судалгаа”;
- ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын дарга, Ө.Ганзориг “Монгол орны хөрсний ширхгийн бүрэлдэхүүний тархалт, онцлог”;
- ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан О.Шинэбаяр “Монгол орны элсний нүүлт түүнийг хянах технологийн шийдэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.



- TEMM-ийн 2026–2030 оны дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн явц
Энэ хүрээнд ажлын II хэсгийн 18 дугаар уулзалтын үр дүнг дүгнэж, 2026–2030 оны дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилго, Япон, БНСУ, БНХАУ-ын хэрэгжүүлж эхэлсэн ажлын явцыг хэлэлцэв. Тус төлөвлөгөө нь “3+X” хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаанд шинэ байгууллага, их сургуулиудыг татан оролцуулах, Монгол улсад хамтарсан судалгаа, туршилт судалгааны (пилот) төсөл хэрэгжүүлэх, залуу судлаач, оюутан, орон нутгийн иргэдийн чадавхыг дээшлүүлэх, хамтарсан санхүүжилт бүрдүүлэх, олон улсын мэдээллийн платформуудын уялдааг сайжруулах гэсэн 5 үндсэн зорилгыг агуулж байна. Хэрэгжилтийн эхний шатанд хамтарсан судалгааны чиглэл, туршилтын талбай, нөхөн сэргээлтэд ашиглах ургамлын зүйл болон үрийн сонголт, мэдээлэл солилцоход чиглэсэн.

- Ажлын I болон II хэсгийн хамтын ажиллагаанд тулгуурласан цаашдын үйл ажиллагаа
Ажлын I хэсгийн элсэн боон шороон шуурганы мониторинг, тоон загварчлал, урьдчилан мэдээлэх чиглэлийн үйл ажиллагааг Ажлын II хэсгийн эх үүсвэрийн хяналт, ургамлан нөмрөг болон экосистемийн нөхөн сэргээлтийн судалгаатай нягт уялдуулахаар хэлэлцэв. Цаашид гол эх үүсвэрийн бүсүүдэд хамтарсан туршилт судалгааны талбай байгуулж, тоосны ялгарал, цаг уур, хөрсний чийг, газрын гадарга болон ургамлан бүрхэвчийн мэдээллийг нэгэн зэрэг цуглуулах, хиймэл дагуулын болон газрын хэмжилтийн мэдээллийг харилцан баталгаажуулах шаардлагатайг онцоллоо. Мөн мэдээлэл цуглуулах, загварын үр дүнг баталгаажуулах, нөхөн сэргээлтийн үр нөлөөг үнэлэх нэгдсэн аргачлал, стандарт боловсруулах санал дэвшүүлэв.


- “Trilateral+X” буюу “3+X” хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж
БНХАУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаанд Монгол улсыг идэвхтэй оролцуулах “3+X” механизмыг албажуулах, Монголын талаас ажлын II хэсгийн зохицуулагч хамтарсан төсөл төсөл санаачилж, туршилт судалгааны талбай байгуулах, нөхөн сэргээлтийн туршилт хийх, мэдээллийн платформ бий болгох гэсэн 4 үндсэн чиглэлийг санал болгов. Үүний хүрээнд 2026 онд хамтарсан төслийн санал боловсруулж, батлуулах чиглэлээр идэвх санаачилга гаргах, туршилт судалгааны талбай сонгох нэгдсэн протоколыг тохирох, 2027 онд суурь судалгаа явуулах, 2028 онд нөхөн сэргээлтийн туршилт судалгаа эхлүүлэх, 2029 онд мониторингийн үр дүнгээр загварыг баталгаажуулах, 2030 онд хамтарсан тайлан болон өргөжүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах үе шаттай замын зураглалыг танилцуулсан. Залуу судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, экспертүүдийн сүлжээ болон эх үүсвэрийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хамтарсан төсөл, санхүүжилтийн санал боловсруулах санал дэвшүүлэв.

- TEMM-ийн элсэн болон шороон шуурганы цахим портал (DSS Online Portal) болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын SDS Toolbox-ийг уялдуулах асуудал
TEMM-ийн DSS Online Portal болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын SDS Toolbox-д харилцан холбоос үүсгэж, бүс нутгийн судалгааны мэдээллийг олон улсын мэдлэгийн сантай холбох асуудлыг хэлэлцэж TEMM-ийн порталд SDS Toolbox-ийн холбоосыг байрлуулахын зэрэгцээ SDS Toolbox-ийн ажиглалт, мониторинг, прогноз, эрт сэрэмжлүүлгийн хэсэгт TEMM-ийн порталын танилцуулга, мэдээллийн боломж болон цахим холбоосыг оруулах санал дэвшүүлэв. Ингэснээр судалгааны өгөгдөл, арга зүй, нийтлэл, мониторингийн үр дүн, сайн туршлагын хүртээмж сайжирч, Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны үр дүнг дэлхийн түвшинд түгээн ашиглах нөхцөл бүрдэнэ.

- Уулзалт хэлэлцүүлгээс гарсан үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэл
Ажлын II хэсгийн энэхүү 19 дүгээр уулзалтаар TEMM-ийн 2026–2030 оны дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг дараах байдлаар хэлэлцэн тохиролцов.
- Элсэн болон шороон шуурганы эх үүсвэрийг хянах, ургамлан бүрхэвчийг нөхөн сэргээх судалгааг өргөжүүлж,
- Газарзүйн мэдээллийн системд суурилсан эрсдэл өндөртэй бүсийн мэдээлэл болон судалгааны өгөгдлийг харилцан солилцох;
- Япон, БНХАУ, БНСУ-ын хамтын оролцоотойгоор нөхөн сэргээлтэд ашиглах ургамлын үрийн нөөц, мэдээллийн санг хөгжүүлэх;
- Нөхөн сэргээлтийн арга зүйг боловсронгуй болгох, тухайн нутаг орны онцлогт тохирсон ургамлын зүйл сонгох, сонголтын шалгуур болон аргачлалыг стандартчилах, үрээр нөхөн сэргээх ажлыг өргөн хүрээнд турших;
- Үрийн тархац, нөхөн сэргээлтийн арга туршлага, судалгааны үр дүнг харилцан солилцох;
- Одоо хэрэгжиж буй үндэсний төсөл, хөтөлбөр болон судалгааны үр дүнг хооронд нь уялдуулахын зэрэгцээ элсэн болон шуурганы идэвхжил улирлаас хамаарч өөрчлөгддөгийг судалгааны төлөвлөлтөд харгалзан үзэх;
- Монгол улсад туршилт судалгааны (пилот) төслийг эрчимжүүлэх;
- Ажлын II хэсгийн судалгааны хүрээг өргөжүүлэх, залуу судлаачдын оролцоог нэмэгдүүлэх;
- Монгол улсын болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
- Элсэн болон шороон шуурганы судалгааг цөлжилтийн судалгаатай уялдуулах, хамтарсан санхүүжилтийн боломжийг эрэлхийлэх зэрэг тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.
Энэ удаагийн хурлыг элсэн болон шороон шуурганы гол эх үүсвэр болох Монгол улсад анх удаа зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол улсын оролцоог шинэ шатанд гаргахыг зорьсон нь онцгой ач холбогдолтой байлаа.
Мэдээллийг бэлтгэсэн: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбар
Бусад мэдээлэл