“Ган цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр”
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1994 оны шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг дэлхий нийтээр “Ган цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдөр нь хуурайшилт, газрын доройтол, ган гачгаас үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, тэдгээрийг шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал талбар болдог. Хүн төрөлхтний өмнө тулгарсан энэхүү сорилтыг даван туулахын тулд НҮБ-аас “Ган болон цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудад цөлжилттэй тэмцэх тухай” суурь конвенцыг (UNCCD) баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 195 улс тус конвенцод нэгдэн ороод байна. Монгол Улс байгаль орчныг хамгаалах олон улсын энэхүү түүхэн баримт бичгийг 1996 онд соёрхон баталж, конвенцод нэгдсэн анхны 50 улсын нэг болж байв. Манай улс гишүүнээр элссэн цагаасаа хойш дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйлсэд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэсээр ирсэн юм. Уг тэмдэглэлт өдрийг Хятад, Буркина-Фасо, Эквадор, Турк, Өмнөд Солонгос, Коста-Рика, Испани, АНУ, Герман, Колумби зэрэг улсууд өмнөх жилүүдэд дэлхийн хэмжээнд түүчээлэн тэмдэглэж, олон улсын анхаарлыг байгаль орчны доройтолд хандуулж байжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт Монгол Улсын оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байна. Манай улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын хуралдааны хамгийн дээд түвшний арга хэмжээ болох 17 дүгээр бага хурал буюу COP17-ыг 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байна. Энэхүү түүхэн дээд хэмжээний чуулга уулзалт нь НҮБ-аас тунхагласан "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил"-тэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд Монгол Улс дэлхийн хуурай болон хагас хуурай бүс нутгийн экосистемийг хамгаалах, бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэх шийдлүүдийг олон улсын түвшинд манлайлан чиглүүлэх юм.
Энэ жилийн олон улсын “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр”–ийг “Бэлчээр нутаг:Хүлээн зөвшөөрөх. Хүндэтгэх. Сэргээх” уриан дор тэмдэглэх бөгөөд дараах гурван үндсэн чиглэлд анхаарал хандуулна.
Үүнд:
- Хүлээн зөвшөөрөх: Бэлчээр нутгийн үндэсний болон бүс нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр, биологийн олон янз байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүрэг, мөн усны эргэлтийг зохицуулахаас эхлээд нүүрстөрөгчийг шингээх (хуримтлуулах) хүртэлх экологийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөх.
- Хүндэтгэх: Нүүдлийн малчид, уугуул иргэд болон нутгийн оршин суугчдын уламжлалт мэдлэгийг хүндэтгэх. Тэдний нүүдэл хийх хэв маяг, уламжлалт засаглалын тогтолцоо болон экологийн арвин мэдлэг нь эдгээр газар нутгийн эрүүл мэнд, бүтээмжийг хадгалахад нэн чухал юм.
- Сэргээх: Газар, усны тогтвортой менежментэд хөрөнгө оруулалт хийх, засаглалыг бэхжүүлэх, ган гачгийн бэлэн байдлыг сайжруулах болон иргэдэд түшиглэсэн сэргээн нутагшуулах хүчин чармайлтыг дэмжих замаар бэлчээр нутгийг нөхөн сэргээх.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь олон улсын “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон арга хэмжээ зохиож ирсэн бөгөөд, 2026 онд COP17 зохион байгуулах ажлын алба, БОУАӨЯ, Нийслэлийн БОГ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Оюуны хөгжлийн институт зэрэг байгууллагатай хамтран “Цөлжилтийн эсрэг хамтдаа байгалийн ургамлаа танин мэдье, хүндэтгэн хамгаалья, сэргээн өвлүүлье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэж байна. Энэхүү ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.
- "Байгалийн ургамлаа танин мэдье" сэдвээр “Нэг хүн, нэг ургамал цахим хөдөлгөөн”, 2026.06.17-27
- “Anti-Desertification Ideathon 2026” сэдэвт Цөлжилтийн эсрэг инновацлаг шийдлийн хакатон, 2026.06.17-19
- "Байгалийн ургамлаа хамгаалъя" сэдэвт фото/видео контент болон ургамлын элч аян, 2026.06.19-21
- “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” сэдэвт COP17 ба хүн бүрийн оролцоо, 2026.06.17-27
- Байгальд ээлтэй дэвшилтэт технологи, ногоон хөгжил, инновацийн шилдэг бүтээл шалгаруулах үндэсний шагналт уралдаан, 2026.05.17-06.19
- Олон улсын Ган, цөлжилтттэй тэмцэх өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа (Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхим). 2026.06.17
Нэгэнт үүсээд буй цөлжилтийн сөрөг үр дагаврыг бууруулахад төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэдийн нягт хамтын ажиллагаа нэн чухал юм. Иймд холбогдох бодлого, үйл ажиллагааг Монгол орны цөлжилт, газрын доройтлыг сааруулах олон талт оролцоог хангахад чиглүүлж байна.
Илүү их мэдээлэл авахыг хүсвэл portal.igg.ac.mn хаягаар зочлоорой.
Мэдээлэл бэлтгэсэн: ГГХ-ийн Цөлжилтийн судалгааны салбарын ЭШДэА, Ц.Энхтөр
E-mail: enkhturts@mas.ac.mn

Бусад мэдээлэл