ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧИД “БАЙГАЛ ОЛОН УЛСЫН ХҮН АМ ЗҮЙН ФОРУМ–2026”-Д ОРОЛЦОЖ, СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
2026 оны 9-р сарын 15–17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хот болон Байгал нуурын эрэг орчмын Большое Голоустное сууринд зохион байгуулагдсан “Байгал олон улсын хүн ам зүйн форум–2026” (Baikal International Demography Forum 2026)-д ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцож, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хөгжил, Сэлэнгэ мөрний сав газрын экосистемийн өөрчлөлт болон усны чанарын судалгааны үр дүнгээ танилцууллаа.
Тус форумыг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын А.Е. Фаворскийн нэрэмжит Эрхүүгийн Химийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд ОХУ, Монгол, Хятад, Казахстан, Беларусь зэрэг улс орны эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, бизнесийн салбарын төлөөлөл оролцож, хүн ам зүй, эдийн засаг, нутаг дэвсгэрийн хөгжил болон хүрээлэн буй орчны харилцан хамаарлын асуудлаар судалгааны арга зүй, үр дүн, туршлага солилцов.

Форумд Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Монгол–Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол улс болон ОХУ-ын баатар Ж.Гүррагчаа, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Физик газарзүйн салбарын дарга, доктор О.Мөнхдулам, тус салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан А.Арвинзаяа, Усны нөөц, ус ашиглалтын салбарын Усны лабораторийн эрхлэгч Д.Гэрэлт-Од, Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор М.Алтанбагана, Дотоод хэргийн их сургуулийн багш, доктор Б.Саранцэцэг нар оролцсон.
Форумын үндсэн хуралдаан 9 дүгээр сарын 15-ны өдөр “Хүн ам, эдийн засаг, орон зай: бүс нутгийн хөгжлийн хүн ам зүйн хүчин зүйлс” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, хүн амын бууралт, насжилт, хөдөлмөрийн нөөцийн хомсдол, хотжилт, шилжилт хөдөлгөөн болон бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр хүн ам зүйн өөрчлөлтийг зөвхөн хүн амын тоон өсөлт, бууралтаар бус ажлын байр, үйлчилгээний хүртээмж, амьдрах орчны чанар, хүрээлэн буй орчин болон орон зайн төлөвлөлттэй уялдуулан судлах шаардлагатайг онцолсон.
2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Байгал улсын их сургуульд зохион байгуулагдсан салбар хуралдаануудад Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид судалгааны ажлынхаа үр дүнг танилцууллаа. Тодруулбал, хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн “Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн орон зай, цаг хугацааны загвар: нийгэм–хүрээлэн буй орчны хэтийн төлөв” сэдвээр Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор М.Алтанбагана “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал (2024–2050) ба Орос–Монгол–Хятадын эдийн засгийн коридортой уялдах нь: нутаг дэвсгэр, орон зайн зохион байгуулалт, эдийн засаг, дэд бүтцийн газарзүй болон кластерын уялдаа холбоо” сэдэвт илтгэл танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтийг нутаг дэвсгэрийн хөгжил, нийгэм–хүрээлэн буй орчны харилцан хамаарлын хүрээнд авч үзэх асуудлыг онцоллоо.

9 дүгээр сарын 17-ны өдөр Большое Голоустное дахь Азатай паркт “Нутаг дэвсгэрийн хөгжилд байгаль орчны хүчин зүйлс ба ESG хөтөлбөрийн үр нөлөө” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

Тус хэлэлцүүлэгт Физик газарзүйн салбарын дарга, доктор О.Мөнхдулам, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан А.Арвинзаяа нар “Сэлэнгэ мөрний сав газрын ургамал бүрхэвч, температур, хур тунадасны урт хугацааны өөрчлөлтийг Манн–Кендаллын шалгуур болон Сенийн налуугийн аргаар үнэлсэн судалгаа”-ны үр дүнг танилцуулсан бол Усны нөөц, ус ашиглалтын салбарын Усны лабораторийн эрхлэгч Д.Гэрэлт-Од “Сэлэнгэ мөрний усны чанарын үнэлгээ” сэдэвт илтгэл танилцуулсан нь хил дамнасан усны нөөц, усны чанар болон сав газрын байгаль орчны асуудлыг хамтран судлахад чухал ач холбогдолтой байв.

Форумын үеэр Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид ОХУ, Казахстан, Буриад, Хятадын эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй мэргэжлийн харилцаа холбоо тогтоож, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн хүн ам зүй, хүрээлэн буй орчны харилцан хамаарлыг судлах, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлтөд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) үзүүлэлтүүдийг тусгах, шинжлэх ухааны үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах олон улсын туршлагаас суралцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Бусад мэдээлэл