Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Невадагийн Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн Невадагийн Их Сургуультай хамтран ажиллах гэрээ  байгууллаа

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн АНУ-ын Невада мужийн Рено хот дахь Невадагийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн, Невадагийн Их Сургуулийн захирал Брайан Сандовал (Brian Sandoval) тэргүүтэй холбогдох эрдэмтэн, судлаачид оролцов.

Энэ үеэр талууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр танилцуулга хийж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны боломж, хамтран гүйцэтгэх судалгааны чиглэлийн талаар зөвлөлдөж, санал солилцсон юм.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээнд дараах  зүйл заалтууд багтсан болно.  Үүнд:

  1. Эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох;
  2. Судлаач оюутнуудыг харилцан солилцох болон дэмжлэг үзүүлэх;
  3. Уур амьсгал, ус, нуур судлал, биологийн олон янз байдал, газарзүй, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан судалгаа явуулах;
  4. Эрдэм шинжилгээний семинар, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах;
  5. Шинжлэх ухааны мэдээлэл, материал, мэдлэг, аргазүй, судалгааны тоног төхөөрөмжийн харилцан солилцох;
  6. Богино хугацааны мэргэжлийн болон академик солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
  7. Дэлхийн томоохон нууруудын нэг болох Хөвсгөл нуур болон Тахой нуурын харьцуулан судлах, хамтарсан судалгааг хөгжүүлэх;
  8. Уур амьсгал, нуур болон уулын экосистемийн ажиглалт, мониторингийн сүлжээг хөгжүүлэх, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх зэрэг орно. 

  

Дашрамд дурдахад Невадагийн Их Сургууль 1874 онд байгуулагдсан бөгөөд ойролцоогоор 24 мянган оюутантай. Тус сургууль нь байгаль орчин, усны нөөц, уур амьсгал, экосистем, геологи, уул уурхай, инженерчлэл, мөн тогтвортой хөгжлийн чиглэлээр өргөн хүрээний судалгаа явуулдаг. Энэхүү байгуулж буй гэрээ нь Невадагийн Их Сургуулийн хувьд 89 дэх байгууллагатай байгуулсан тохиолдол болжээ.

 


Бусад мэдээлэл