Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ХЭРЭГЛЭЭ БА АЧ ХОЛБОГДОЛ
ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ХЭРЭГЛЭЭ БА АЧ ХОЛБОГДОЛ

Газрын нэр нь газар зүй, хэл шинжлэл, түүх зэрэг шинжлэх ухааны салбар хоорондын судлагдахуун юм.

Газар зүйн нэр гэж газрын гадаргуу дээрх байгалийн болон барьж байгуулсан объектуудыг өөр хооронд нь ялган таних зорилгоор оноосон болон дэвсгэр нэрийг хамтад нь хэлэх [1] ба  газар зүйн нэрэнд эх газар, далай, тэнгис, булан, тохой, арал, хойг, уул, нуруу, хээр, тал, говь, цөл, мөрөн, гол, нуур зэрэг физик газар зүйн объектын оноосон нэр, хүний үйл ажиллагаагаар бий болсон далан, усан сан, суваг, шуудууны оноосон нэр, улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр хамаарна [2].

Түүнчлэн газар зүйн нэр нь тухайн улс орны соёл, уламжлал, газрын гадаргуугийн өвөрмөц онцлогийг өөртөө тусгасан байдаг ба тухайн улс үндэстний эх нутаг дэвсгэр, эх хэл, эх түүх, соёлын үнэт өв юм.

Сүүлийн жилүүдэд хүн амын шилжих хөдөлгөөн, төвлөрөл, суурьшил ихэсч шилжин ирэгчид, суурьшигчид, залуу үеийнхэнд уламжлалт газар зүйн нэрийг таниулах, хадгалуулах, өвлүүлэх нь хоцрогдонгуй явж ирсний уршгаар газар зүйн нэр ихээхэн өөрчлөгдөж ондоошиход хүрчээ [3]. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны  “Нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай” 186 дугаар зарлигт “Батлагдсан газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосноос гадна уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсан” байдаг [4].

Дижиталжиж буй орчин үед газар зүйн нэр нь байршлыг тодорхойлох чухал лавлах болох тул түүнийг худал тэмдэглэх нь олон хор уршигтай юм.

Газар зүйн нэрийг өөрчлөх, өөрөөр нэрлэх, дуудах, хэрэглэх нь Монгол орны газар нутгийн түүх, өв соёлыг үгүйсгэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна дараах хуулиудыг зөрчсөн үйлдэл болж байна. Үүнд:

1.      Монгол Улсын Үндсэн хууль

2.      Үндэсний аюулгүй байдлын тухай хууль /3.4.7/

3.      Монгол хэлний тухай хууль /6.1.7/

4.      Соёлын өвийг хамгаалах тухай хууль

5.      Газрын тухай хууль /8 дугаар зүйл/

6.      Геодези, зураг зүйн тухай хууль /11,12 дугаар зүйл/

7.      Эрүүгийн хууль /19.16 дугаар зүйл/

8.      Зөрчлийн тухай хууль /8.1.11/

Ийнхүү газар зүйн нэрийг өөрчлөх, буруу нэрээр хэрэглэх хууль зөрчсөн үйлдэл нь зөвхөн эх хэл, түүх соёлд сөргөөр нөлөөлөхөөс гадна хилийн аюулгүй байдал, засаг захиргааны нэгжийн хилийн цэсийн буюу газар нутгийн маргаанд хүргэж; хаяг, хаягжуулалтын асуудлыг хөндөж байна. Хилийн цэс нь газар усны нэрээр баталгааждаг, хаягжуулалт нь үнэн зөв, найдвартай газар зүйн нэрэнд үндэслэгдсэн байх ёстой.

Хаяг, хаягжуулалтад тэмдэглэсэн газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх, алдаатай болон өөр нэрээр хэрэглэснээс улбаалан өмчийн эрхийн бүртгэлийн маргаан, зөрчил; онцгой байдал, гамшгийн үеийн тусламж; цэрэг, батлан хамгаалах үйл ажиллагааны үед замчиллын болон орон зайн хувьд зөрүүтэй мэдээлэл үүсэх сөрөг нөлөөтэй юм.

Шинэчлэн найруулсан Геодези, зураг зүйн тухай хууль болон Хаягжуулалтын тухай хуулийн төсөлд /төслийн шатанд буй/ газар зүйн нэрийн талаар тодорхой зүйл заалтууд орсон байгаа нь газар зүйн нэрийн маргаан, зөрчил үүсэж буй өнөө үед чухал алхам болж байна.

Тухайлбал “Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д хаягийн мэдээллийн сангийн талаар тодорхой тусгаж өгсөн ба хаягийн мэдээллийн санг газар зүйн нэр, түүх, соёлын баримт, материалд тулгуурлан бүрдүүлэх ба тус мэдээллийн санг бүрдүүлж буй мэдээллүүдийн нэгд газар зүйн нэр, түүний байршлыг бүртгэнэ гэж тусгажээ.  Мөн хаягжуулах гэдэг нь хаягийн объектыг нэрлэх, дугаарлах, хаягийн тэмдгийг стандартын дагуу үйлдвэрлэх, байршуулах, мэдээллийн систем үүсгэх, хөтлөх цогц үйл ажиллагаа бөгөөд хаягийн объект нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газар, түүний дээрх болон доорх үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хамарна гэжээ.

Ийнхүү газар зүйн нэр нь байршлыг тодорхойлох хэрэгсэл, хилийн цэс болон ашигт малтмал, үл хөдлөх өмчийн хууль ёсны эрхийн бүртгэлийг баталгаажуулах нотлох баримт болдог тул УИХ-аар баталсан, стандартын дагуу үүсгэсэн, солбицлоор баталгаажсан газар зүйн нэрийн мэдээллийн санг албан хэрэгцээнд мөрдүүлж ашиглах, нийтийн хэрэгцээнд гаргах нь чухал юм.

            Монгол улсын газрын харилцааны салбар хурдтай цахимжиж, газар зүйн нэрийн тодотгол судалгааг хийж, газар зүйн нэрийн мэдээллийн санг улам баяжуулан бүрдүүлж буй нь газар зүйн нэртэй холбоотой зөрчлийг бууруулах чухал ач холбогдолтой ажил болж байна.

            Соёлын өвийг хадгалж буй газар зүйн нэрийн хэрэглээ өргөн цар хүрээтэй,  ач холдогдол нь улсын аюулгүй байдалд нөлөөлж байдаг тул газар усны нэрийг буруу ташаа нэрлэхгүй байх нь зүйтэй юм.

 

 Ц.Наранцацрал /ШУА-ийн ГГХ-ийн ГМС-ЗТС салбар, ЭШДА/

 

[1] Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

[2] Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим хуудас, https://www.gazar.gov.mn/

[3] ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Монгол улсын үндэсний газар зүйн нэрийн уламжлал, өөрчлөлт, хадгалалт, орон зайн мэдээллийн сан” суурь судалгааны төслийн тайлан, 2017-2019 он

[4] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7 сарын 10-ны өдрийн 186 дугаар зарлиг

 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө