Дэлхийг тойрог замд хэдэн хиймэл дагуул байдаг вэ? Сансрын хөдөлгөөний менежмент яагаад чухал вэ?
Сүүлийн жилүүдэд хиймэл дагуулууд улам
бүр жижиг хэмжээтэй болсноор, түүнийг зохион бүтээх, хөөргөхөд илүү хялбар болж,
түүний хэрэгцээ шаардлага ч улам бүр нэмэгдсээр байна. Union of Concerned
Scientists (UCS) -ийн мэдээллэснээр дэлхийн тойрог замд нийт 2666 хиймэл дагуул одоо идэвхтэй
ажиллаж байгаагийн 1918 нь low earth orbit (LEO) буюу дэлхийн нам орбитын хиймэл дагуулууд
байна. Эдгээрээс хамгийн олон хиймэл дагуулыг АНУ -ын SpaceX компани хөөргөсөн бөгөөд сар бүр дунджаар
1 хиймэл дагуул буюу өнөөдрийг хүртэл 600 хиймэл дагуул хөөргөж, ирээдүйд хэдэн
арван мянгыг хөөргөхөөр төлөвлөж байна (Зураг 1). Мөн, Amazon компани интернетэд холбогдож чадахгүй байгаа олон арван
байршлуудыг өндөр хурдны интернетэд холбох зорилгоор “Kupier” нэртэй хиймэл дагуулд суурилсан
интернет төслөө саяхан танилцуулсан бөгөөд төслийн хүрээнд 3000 гаруй дэлхийн нам орбитын хиймэл дагуулуудыг хөөргөнө. Түүнээс гадна, Euroconsult судлагааны фирмээс гаргасан тооцоогоор
2020-2029 онд 1000 орчим жижиг хиймэл дагуул (500 кг-аас бага жинтэй) хөөргөх гэж байгаа нь өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад 5.6 дахин их тоо юм
(Зураг 2).
Зураг 1. Хиймэл дагуул хөөргөсөн орнууд
Зураг 2. 2020-2029 онд хөөргөх жижиг хиймэл дагуулууд
UCS -ийн мэдээллэсэн 2666 гэдэг нь тойрог замд зөвхөн идэвхтэй байгаа хиймэл
дагуулуудын тоо бөгөөд түүнээс ойролцоогоор 2 дахин олон ажиллагаагүй унтарсан,
алга болсон, холбоогүй болсон хэдий ч дэлхийг тойрон эргэлдэж байгаа хиймэл
дагуулууд байгаа. Эдгээр ашиглалтаас гарсан хиймэл дагуулын хаягдал дэлхийн
тойрог замаар эргэж байхдаа хоорондоо мөргөлдөж улмаар шуурга үүсгэж, замдаа
дайралдсан станц, сансрын төхөөрөмжүүдийг мөргөсөөр энэ нь гинжин хэлхээ
үүсгэдэг бөгөөд шатах хүртэлээ тойрог замаар эргэсээр байдаг. Энэхүү үзэгдлийг
Кесслер синдром гэдэг бөгөөд жил ирэх тусам тойрог зам дахь хог хаягдлын хэмжээ
нэмэгдсээр байна.
Европын сансрын агентлагаас (ESA) гаргасан тооцоогоор 10 см -ээс том хэмжээтэй 29’000 орчим, 1 см -ээс 10 см хүртэлх хэмжээтэй 670’000, 1 мм -ээс 1 см хүртэлх хэмжээтэй 170 сая гаруй биет байгаа бөгөөд эдгээр
биетүүдийн аль нь ч хиймэл дагуулд их бага гэмтэл учруулах боломжтой юм. Тухайлбал,
10 см хэмжээтэй биеттэй мөргөлдөхөд хиймэл дагуул бүрэн устах бөгөөд 1 см
хэмжээтэй биеттэй мөргөлдөхөд хиймэл дагуул ажиллагаагүй болж, олон улсын
сансрын станцын бамбайгаар дамжин өнгөрнө, харин 1 мм хэмжээтэй биеттэй
мөргөлдөхөд хиймэл дагуулын хөлгийн хавтангийн дэд систем эвдэрч болох юм. Түүнээс
гадна, хэрвээ дээрх гэмтэл гарсан тохиолдолд geostationary
хиймэл дагуулынхувьд нийт өртгийн 5-10%
-тай тэнцэх хэмжээний зардал гарах бол нам орбитын хиймэл дагуулын хувьд
түүнээс ч илүү зардал гарч болох юм.
Тиймээс, дэлхийн нам орбитын тойрог замд
байгаа хог хаягдлыг арилгах, хиймэл дагуулуудтай мөргөлдөх эрсдлийг бууруулах
зэрэг сансрын хөдөлгөөний
менежмент нь улс орнуудын хувьд чухал асуудал болоод байна. Агаарын нислэг,
сансрын уудмыг шинжлэн судлах төв (NASA)
нь Debris
Assessment Software (DAS), Европын сансрын агентлаг нь Debris Environment Long-Term Analysis
(DELTA), Meteoroid and Space Debris Terrestrial Environment Reference (MASTER) зэрэг сансрын хог хаягдлын эрсдлийг үнэлэх програм
хангамжуудийг хөгжүүлсээр байгаа төдийгүй 2025 онд дэлхийн хамгийн анхны
сансрын хог хаягдлыг устгах ClearSpace-1 хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж байна.
Эх сурвалж:
https://www.ucsusa.org/resources/satellite-database#:~:text=In%2Ddepth%20details%20on%20the,purpose%2C%20and%20other%20operational%20details.
https://www.geospatialworld.net/blogs/amazon-lines-up-10-billion-for-satellite-based-internet-project-kupier/
https://www.geospatialworld.net/news/pandemic-wont-stop-smallsat-market-takeoff/
https://earthhow.com/space-junk/
https://clearspace.today/
https://www.esa.int/Safety_Security/Space_Debris/Analysis_and_prediction
Мэдээг
бэлтгэсэн: Э.Нямжаргал, ШУА –ийн Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн
Бусад мэдээлэл