Герман улсын радарын хиймэл дагуулууд
Дэлхий орчмыг сансрын уудмаас зурагладаг синтетик апертурт
радарын олон дагуулууд байдаг бөгөөд тэдгээрийг янз бүрийн зориулалтаар
ашигладаг. 2006 оны 12-р сарын 19-нд Герман улс, цэргийн зориулалт бүхий
SAR-Lupe (Synthetic Aperture Radar Lupe) цуврал дагуулуудын анхных нь
болох SAR-Lupe-1 дагуулыг ОХУ-ын Плесецкийн сансрын төвөөс амжилттай
хөөргөсөн юм. 500 км-ийн өндөрт байрших тус хиймэл дагуул нь 9.65 GHz
давтамжтай цахилгаан соронзон долгион буюу радарын X сувгийг (3.1 см)
ашиглан эх дэлхийг бүрэн туйлшралаар зураглана.

Зураг 1. SAR-Lupe-1 дагуулын зураг.
SAR-Lupe-1 дагуул нь дэлхийн гадаргыг Stripmap , Spotlight хэмээн
нэрлэгдэх 2 өөр хэлбэрээр зураглах бөгөөд эхнийх нь 1м-ийн орон зайн
шийдтэй мэдээ хүлээн авах бол дараагийн хэлбэр нь 0.5м-ийн нарийвчлал
бүхий мэдээ хүлээн авна.
Улмаар Герман улс нь дээрх дагуулын дараачийн цувралууд болох
SAR-Lupe-2-ыг 2007 оны 7-р сарын 2-нд, SAR-Lupe-3-ыг 2007 оны 11-р сарын
1-нд, SAR-Lupe-4-ийг 2008 оны 3-р сарын 27-нд, SAR-Lupe-5-ыг 2008 оны 7-р
сарын 22-нд тус тус амжилттай хөөргөсөн ба ингэснээр, янз бүрийн судалгаа,
шинжилгээнд ашиглах өндөр нарийвчлалын асар их мэдээллийг бий болгосон
юм.
Задгай сансар дахь SAR-Lupe-1 дагуулын зургийг Зураг 1-д, уг радарын
хиймэл дагуулаас хүлээн авсан АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн
хойд хэсгийн зургийг Зураг 2-д тус тус харуулав.

Зураг 2. SAR-Lupe-1 дагуулын Нью-Йорк хотын хэсгийн зураг.
SAR-Lupe дагуулын дараагийн шатны цуврал дагуулуудын эхнийх нь
болох SARah-1 дагуулыг Герман улс 2022 оны 6-р сарын 18-нд АНУ-ын
Ванденбергийн сансрын төвөөс хөөргөсөн бөгөөд 750 км-ийн өндөрт байрших
тус хиймэл дагуул (Зураг 3) нь X сувгийн (3.1 см) цахилгаан соронзон долгион
ашиглан дэлхий орчмыг зураглана.

Зураг 3. SARah-1 дагуулын зураг.
Мэдээг бэлтгэсэн: Д.Амарсайхан, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд:
SAR-Lupe Constellation, 2012, https://www.eoportal.org/satellite-missions/sar-lupe.
SARah-1, 2023, https://space.skyrocket.de/doc_sdat/sarah-a.htm.
https://www.airbus.com/en/newsroom/press-releases/2022-06-airbus-built-earth-observation-satellite-sarah-1-ready-for-launch
Бусад мэдээлэл