Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор (Sc.D), профессор, Чингис хаан судлаач Дамбын БАЗАРГҮР агсны 90 насны ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор (Sc.D), профессор, Чингис хаан судлаач Дамбын БАЗАРГҮР агсны 90 насны ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн Хүрээлэнгийн 60/25 жилийн ойн хүрээнд Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын салбар, Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарууд хамтран Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны 90 насны ойд зориулсан арга хэмжээг зохион байгуулж байна.  

 

Уг арга хэмжээ, хурлын зорилго нь шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, ном, томоохон бүтээлүүдийг олон нийтэд сурталчилан таниулах, залуу эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд оршино.

Энэхүү арга хэмжээ нь Чингис хаан судлаач Д.Базаргүр, газар зүйч эрдэмтэн Д.Энхбаяр нарын олон жилийн турш судалсан түүхэн газар зүй, газар усны нэр судлалын судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон томоохон бүтээлийн нэг “Чингис хаан атлас”-ыг шинэчлэн гаргаж, Шинжлэх ухааны ажилтны өдөр болон Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойтой давхцуулан нээж байгаагаараа онцлог болж байна.

Д.Базаргүр нь өөрийн амьдралын 60 орчим жилийг Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийхэд зориулж нэгэн сэдэвт бүтээл ном 20, редакторлосон бүтээл 4, эрдмийн зэрэг хамгаалуулсан бүтээл 10, газар зүйн атлас 10, газрын зураг 7, эрдэм шинжилгээний өгүүлэл 210, үйлдвэр практикд шилжүүлсэн ажил 30 гэх мэт нийт 800 гаруй бүтээлд гар бие оролцжээ.

Түүнчлэн тэрбээр Монгол улсын Шинжлэх ухааны салбарт зураг зүй, бэлчээрийн мал аж ахуйн газар зүй, экологийн газар зүйн судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Шинжлэх Ухааны Академид анх Газарзүйн хүрээлэн байгуулагдсан цагаас эхлэн Зураг зүй, Нийгэм-Эдийн засгийн газар зүйн салбар нэгжүүдийг удирдан зохион байгуулж, судалгаа шинжилгээний шинэ арга зүйг нэвтрүүлж байжээ.

Чингис хаан атласын тухайд:

1990-1993 онд Япон-Монголын хамтарсан “Гурван Гол” экспедиц Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн газар усны нэрийн судалгааг хийж, уг судалгааны үр дүнд Чингис хаан атлас нь 1996, 2005, 2012 онуудад хэвлэгдэн гарсан. Уг судалгааг ШУА-ийн Газарзүй цэвдэг судлалын, Физик технологийн, Түүхийн, Археологийн, Геологийн зэрэг хүрээлэнгүүд хамтран хэрэгжүүлсэн.

Энэхүү атлас нь түүхэн газар зүйн нэрс, зам, хот суурин гэх мэтийг тулгуур болгон авч тухайн үйл явдлыг орон зай, цаг хугацааны хамаарал бүхий хөдөлгөөний загварчлалын шинэлэг аргачлалаар газрын зурагт сэргээн босгож улмаар нутаг орны одоогийн газар зүйн нэрс, домог болон сурвалж зохиолуудын баримтад үндэслэн зургуудыг засварлан батлах замаар “Чингис хаан атлас”-т тусган харуулсан. Энэ бүтээлд Монголын нууц товчоонд гардаг гол үйл явдлыг АНХ УДАА газрын зураг дээр буулгаснаараа энэ атлас Монголд төдийгүй дэлхийд урьд нь гарч байгаагүй чухал бүтээл болсон юм.

Энэ удаагийн 4 дэх хэвлэл нь өмнөх 3 хэвлэлтээс орчин үеийн газрын зургийн программ хангамж болох ArcGIS ашиглан атласын суурь зургийн зөв хэлбэр,  дүрс, өнгө, бичилт, нууц товчоонд гардаг хүмүүсийн нэр, газар усны нэрийг сүүлийн үеийн олон улсын судалгааны үр дүнд гарсан нэршилийг ашиглан өөрчилсөн. Мөн MNS 5217:2012 стандартын дагуу газар усны суурь нэрс, засаг захиргааны нэрсийг шинэчилэн боловсруулсан. Атласт тэмдэглэгдсэн Нууц товчооны бүх түүхэн газруудын фото зургуудаар (160 зураг) баяжуулж, атласын газрын зургийн  хуучин өнгөний шатлалыг орчин үеийн хиймэл дагуулын өндрийн (DEM) зураг ашиглаж харуулсан бөгөөд мэдээллийн сан үүсгэж, монгол, англи хос хэл дээр хэвлэгдэж байгаагаараа онцлог юм.

Энэ бүтээл гарснаар Чингис хаан судлал, Нууц товчоо судлал, Түүхэн газар зүйн судалгаануудад хэрэглэгдэхээс гадна манай орныг судалдаг Монголч эрдэмтэд, Монгол орны түүх, газар усны нэр судлаачид, түүхэн газарзүйчид зэрэг мэргэжлийн хүмүүст, мөн энэ чиглэлийн их дээд сургуулийн багш, оюутануудад сургалтын чиглэлээр ашиглах өргөн боломж нээгдэж байгаа юм.

Хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, “Чингис хаан” хаад, язгууртны музейн захирал, академич С.Чулуун, Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис Хаан одонт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Д.Доржготов, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн болон бусад нэр хүнд бүхий зочид төлөөлөгчид, түүний шавь нар, ах дүү, үр хүүхэд, ач зээ нар, хамтран ажиллаж байсан эрдэмтэд оролцож байна.

 

Уг арга хэмжээ, хурал 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 09:00 цагт Чингис хаан музейн хурлын танхимд болж байна.

Хуралд оролцож байгаа үе үеийн эрдэмтэн судлаачдын цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө