Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумын нутагт заган ойн судалгаа хийгдлээ
Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумын нутагт заган ойн судалгаа хийгдлээ

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь - ENSURE” төслийн захиалгаар “Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумдын заган ойн менежмент төлөвлөгөө боловсруулах, нөхөрлөлийн чадамжийг сайжруулах” сэдэвт гэрээт ажлын хүрээнд Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын судлаачид тус сумдын нутагт 2022 оны 7 сарын 28-оос 8 сарын 12-ны хугацаанд ажиллаад ирлээ. Энэхүү судалгааны ажлын зорилго нь заган ойг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг хангасан менежментийн төлөвлөгөө боловсруулахад оршино.


Зураг 1. Судалгааны баг

Судалгаа явуулсан сумд нь заган ойн тархцын гол нутаг болох ба заг нь говийн экосистемийн хөрс, усны горимыг зохицуулах, элсний нүүлтийг тогтоон барих, хөрс хамгаалах, говийн ургамлуудтай бүлгэмдэл үүсгэн ховор ургамлуудын ургах орчин болох, говь, цөлийн бүсийн ан амьтдын орогнох орчин, идэш тэжээл болох зэрэг байгальд гүйцэтгэж буй үүрэг их.

Түүнчлэн говь, цөлийн бүсэд оршин суугч ард иргэдийн ахуй амьдрал заган ойгоос шууд хамааралтай бөгөөд бэлчээр болон түлшний зориулалтаар ашиглаж ирсэн. Дэлхий нийтийг хамарч буй уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр заган ойн тархац нутаг хумигдах, тармаг болж сийрэгжих хандлага сүүлийн жилүүдэд илэрч байна. Иймд говь, цөлийн бүсийн эмзэг экосистемийг хамгаалах, говийн ан амьтад, ургамлын амьдрах орчин болсон заган ойг хадгалах, түүнийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх шаардлага зайлшгүй тулгараад байгаа юм.

Зураг 2. Загийн үндсэнд хам байдлаар ургадаг нэн ховор ургамал болох цагаан гоёо (Cistanche salsa C.A.Mey)

Хээрийн судалгааны явцад заган ойн ялгаатай хэв шинжүүдийг төлөөлүүлэн, нийт 16 цэгт загийн морфологийн болон тогтоон барьж буй элсэн хуримтлалыг хэмжиж, хамааруулан судлах зорилгоор хөрс болон ургамлын бичиглэл үйлдэн, дээж авав. Мөн судалгаа явуулж буй сумдын нийгэм, эдийн засгийн төлөв байдал, байгалийн нөөц ашиглалт, нөхөн сэргээлт, хамгааллын ажлуудад үнэлэлт өгөх зорилгоор орон нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүдээс нийгмийн судалгааг авахаас гадна, заган ойг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр санал солилцов.

 


Зураг 3. Загийн хэмжилт судалгаа хийж буй байдал

Хээрийн судалгааны хэмжилт, дата, мэдээнд үндэслэн заган ойн биомасс болон карбон шингээлт, экосистемийн үйлчилгээ болон экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож, ашиглалтын ялгаатай талбайнуудад харьцуулан дүн шинжилгээ хийнэ. Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан байгалийн нөөц ашиглагч бүлэг, нөхөрлөлүүдтэй хамтран заган ойг хамгаалах, нөхөн сэргээх, нөөцийг доройтуулахгүйгээр тогтвортой ашиглах менежмент төлөвлөгөө боловсруулж, практик сургалт явуулахаар зорьж байна. Ийнхүү судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр орон нутгийн иргэдийн заган ойг хамгаалах, нөхөн сэргээх идэвх санаачлагыг дэмжих явдал нь зөвхөн төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжээд зогсох биш, он удаан жил тухайн экосистемийг хамгаалж ирсэн орон нутгийн иргэдийн соёл, өв уламжлалд бодит хувь нэмрээ оруулах болно.

Зургууд


Зураг 4. Давссаг заг (Haloxylon ammodendron C.A.Mey) нь говь, цөлийн бүсэд ой үүсгэж буй цор ганц ургамал бөгөөд Монгол орны ойн сангийн 13%-ийг бүрдүүлж байна.


Зураг 5. Хашсан болон хашаагүй талбайд харьцуулан судлав.

Заган ойн хэв шинжүүд


Зураг 6. Говь-Алтай аймаг, Эрдэнэ сум, Зармангийн говь. Уулс хоорондын хөндийд, элсэн хучаас бүхий газарт ургасан өндөр заган ой


Зураг 7. Говь-Алтай аймаг, Эрдэнэ сум, Зармангийн говийн элсэн хурдас, манхан элсэнд ургасан заган ой


Зураг 8. Говь-Алтай аймаг, Цогт сум, Зармангийн хоолой дахь хайрган хучааст сайр дагасан заган ой


 Зураг 9. Говь-Алтай аймаг, Цогт сум, Алтайн өвөр говийн хэт хуурай цөлд дангаар бүлгэмдэл үүсгэн ургах заган ой. Хэт хуурай цөлийн бүсэд гандуу жил загийн ургалт муудах боловч хуртай жил сэргэн ургадаг онцлогтой.


Зураг 10. ENSURE төслөөс санаачлан заган ойд мониторинг судалгаа хийх зорилгоор хашаалсан талбай


Зураг 11. Алтайн өвөр говийн хэцүү нөхцөлд ГИДЦГ-ын байгаль хамгаалагч Б.Төрхөмсүрэн, У.Уламбаяр нар хамтран ажиллалаа


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө