Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан олон нийтэд цэвдгийн талаарх мэдлэг түгээв
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан олон нийтэд цэвдгийн талаарх мэдлэг түгээв

“Дэлхийн усны өдөр 2024”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын оршин суугчид болон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ын сурагчдад цэвдгийн талаарх лекц уншлаа. Үүнд:

1. Нэгдсэн үндэстний байгууллагын Суурьшлын хөтөлбөр (НҮБ-ын Хабитат) нь “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2024 оны 3-р сарын 16-нд зохион байгуулсан “Голын эргийн бүсийн байгалийн тогтцыг сэргээх, хамгаалах талаар олон нийтэд мэдлэг олгох, бут, сөөг тарих” сургалтад ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа “Монгол орны цэвдгийн тархалт, өөрчлөлт ба хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл” сэдвээр лекц уншиж, Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ё.Пүрэвдулам, А.Маралмаа, Б.Батзориг нар “Цэвдэг гэсэж байна?” комикс номыг тус сургалтад хамрагдсан иргэдэд таниулан сурталчлав.


2. “Дэлхийн усны өдөр 2024”-ийг тохиолдуулан Дэ Нэйче Консерванси (TNC) байгаль хамгааллын байгууллага, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг Усны Нөөц Байгаль Хамгаалах Төв болон Газарзүй Геоэкологийн хүрээлэн хамтран Монгол орны цэвдэг, түүнийг дагасан хүлэрт намгийн тухай сургалт, өдөрлөгийг Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 2024 оны 3-р сарын 20-нд зохион байгууллаа.

Тус аймаг нь усны нөөц, ойн нөөц, цэвдгийн тархалтаараа бусад аймгуудаас нэгдүгээрт бичигддэг. Дархадын хотгорын уулс хооронд эртний мөстлөгийн үеэс үлдсэн томоохон газар нутгийг хамарсан хүлэрт намгийн экосистем оршдог бол Баянзүрх сумын баруун хэсэг нь Улаан тайгын дархан цаазат газар, гол горхины нарийн экосистем бүрэлдсэн газар нутаг юм. Хүлэрт намаг нь усны тэнцвэрт байдлыг хадгалж, цэвэршүүлэх, бичил уур амьсгалыг зохицуулж, хүлэмжийн хийг шингээх, биологийн олон янз байдлыг хадгалж, цэвдэг хайлахаас хамгаалах зэргээр байгалийн экосистемд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Тус өдөрлөгт Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, дунд, ахлах ангийн нийт 220 сурагч, аймгийн мэргэжилтнүүд оролцов. Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа “Цэвдэг гэсэж байна!”, “Хүлэрт намгийн онцлог, ач холбогдол” сэдвээр тус тус танин мэдэхүйн лекц уншлаа.

 

Мэдээ бэлтгэсэн: ГГХ-ийн Цэвдэг судлалын салбар





Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
12 өдрийн өмнө
“Ой ба Хүнс”
12 өдрийн өмнө