Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТ-ШИЙДЛИЙН ХУВИЛБАР ДЭВШҮҮЛЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТ-ШИЙДЛИЙН ХУВИЛБАР ДЭВШҮҮЛЛЭЭ

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс 2022.04.05-ны өдөр “Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт-шийдлийн санал” танилцуулах хурлыг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдын дунд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, доктор Д.Баттогтох, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Д.Одгэрэл болон МУИС, ШУТИС, МУБИС, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, CAREC институт зэрэг байгууллагын 30 орчим эрдэмтэн, судлаачид оролцож, судалгааны үр дүнгийн талаар санал, зөвлөмж өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарт 2019-2021 онд хэрэгжүүлсэн “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэс, нэгдсэн аргазүй, аргачлалыг шинэчлэн боловсруулах” суурь судалгааны төслийн үр дүнд тулгуурлан дэвшүүлж буй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, шийдлийн саналаа танилцууллаа. Энэхүү төлөвлөлт-шийдлийн хувилбар нь нийгэм, эдийн засгийн газарзүйн судлагдахууны хүрээнд хот, хөдөө, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, агаарын зам, аялал жуулчлал, аж үйлдвэр, хүн амын шилжилт хөдөлгөөн, нутагшилт, суурьшлийн асуудлуудыг судалж, орон зайн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр салбар дундын (inter and trans-disciplinary) төлөвлөлт, шийдлийн хувилбар юм. Суурь судалгааны төслийн хүрээнд судалгаа, шинжилгээний үр дүнд тулгуурлан дараахь асуудлуудтай холбогдуулан Үндэсний хэмжээнд  нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлтийн суурь концепци-зураглалын саналыг дэвшүүлж байгаа бөгөөд цаашид төрийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны үр дүнгээр дэмжлэг үзүүлэхэд оршино.

1)      Хот, сум суурингийн хөгжлийн потенциалын үнэлгээ;

2)      Үндэсний хэмжээнд тээврийн дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэг тодорхойлсон үнэлгээ, төлөвлөлт-шийдэл;

3)      Хот, суурин газарт хотын зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг үүрэг, төлөвлөлт-шийдэл;

4)      Хот болон тээврийн дэд бүтцийн хэвтээ, босоо тэнхлэгт суурилсан тээвэр-логистикийн сүлжээ, агаарын болон хилийн боомт, нисэх буудал, агаарын гарцын төлөвлөлт-шийдэл;

5)      Аялал жуулчлалын кластер бүсчлэлийг тодорхойлсон үнэлгээ, төлөвлөлт-шийдэл;

6)      Бүсийн хөгжилд үүрэг роль бүхий хот, хот хооронд, хил дамнасан кластер хотуудыг хөгжүүлэх судалгаа, төлөвлөлт-шийдэл;

7)      Нийслэл хотын төвлөрлийг бууруулж, улмаар Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв хотуудад түлхүү суурьшуулах хүн амын хэтийн тооцоо;

8)      Дээд боловсролын сургалтын байгууллагыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлттэй уялдуулан шилжүүлэх санал;

9)      Нийгэм, эдийн засгийн хөгжилд үүрэг роль бүхий хотуудад хүн ам шилжин ирэх, суурьшлыг дэмжих эрхзүй, эдийн засгийн механизмын санал.

Хурлын үйл ажиллагааг тус хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн нээлт, хаалтын үг хэлж, Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана, эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Отгонхүү, Г.Урантамир, П.Цэенханд нар судалгааны үр дүн, төлөвлөлт шийдлийн саналаа танилцуулав.



 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн

Улаанбаатар хот.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө