2022 оны 10-р сарын 3-5-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн 43 дахь удаагийн Зайнаас тандан судлалын (ACRS) бага хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү хуралд Азийн 18 орны 140 гаруй судлаач бүтээлээ хэлэлцүүлсэн байна. Хүндэт зочны илтгэлээр Академич Д.Амарсайхан нь “Монгол улсын Зайнаас тандан судлал, Гео оронзайн технологийн түүх болон хөгжил” сэдвээр илтгэл тавин Орчин үеийн Зайнаас тандан судлалын ололт амжилтын талаар хуваалцлаа.
ACRS-ийн нэрэмжит залуу эрдэмтэн, оюутнуудыг дэмжих “Students Award” шагналыг ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүй мэдээллийн систем, Зайнаас тандан судлал салбарын ЭША Э. Нямжаргал шилдэг бүтээлийн шагналыг мөн Японы Фотограмметр ба зайнаас тандан судлах нийгэмлэгийн (JSPRS) шагналыг тус хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежмент салбарын ЭША Ө. Мөнгөнтуул нар тус тус авсан байна.