Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "ЧИНГИС ХААН" ОДОНГООР ШАГНАГДЛАА
АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ  "ЧИНГИС ХААН" ОДОНГООР ШАГНАГДЛАА

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр /2022.11.24/-өөр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонг хүртээдэг уламжлалтай.

Энэ удаагийн "Чингис хаан" одонгоор Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Шинжлэх ухааны академийн харьяа Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Дэчингунгаагийн Доржготов хүртэхээр болжээ. Төр засгаас  шинжлэх ухааны салбарыг онцлон анхаарч энэхүү нэр хүндтэй шагналыг академич Д.Доржготовд олгож байгаа нь ШУА-ийн Газарзүй, геэокологийн хүрээлэн төдийгүй шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид бидний хувьд маш том баяртай үйл явдал болж байна.

Д.Доржготов нь 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжил эзэмшжээ. Тэр цагаас хойш өдгөө хүртэл Монгол улсын ШУА, Газар зүй, геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбар, лабораторийн эрхлэгч, захирлаар тасралтгүй 60 жил ажилласан манай улсын  нэртэй эрдэмтэн юм. Д.Доржготов 1973 онд “Монголын хойд хэсгийн хөрсний газар зүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр 1998 онд академич цол хүртсэн юм. Д.Доржготов нь судалгааны ажлын үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 машстабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газар зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. Манай хүрээлэн энэ жил “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн англи, монгол хэл дээр нийт 246 сэдэвчилсэн зургийн тоон мэдээ, нэр, тайлбарын хамт шинэчлэн хэвлүүлжээ. Монгол Улсын Үндэсний атлас нь дөрвөн бүлэг, 22 дэд бүлгийг багтаасан Үндэсний бүтээл юм. Академич, Д.Доржготов дээрх бүтээлийн ерөнхий редактороор ажилласан юм.

 

Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл орно.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн

2022-11-23


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө