Газрын гадаргын температурын мониторинг (LSTM) дагуулын тухай
Sentinel (Copernicus Sentinel) төрлийн хиймэл дагуулууд нь Европын Холбооны байгаль орчны Коперник (Copernicus) хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн, тусгай зориулалтын хиймэл дагуулуудын бүрдэл юм. Энэхүү хөтөлбөрийг Европын Комисс удирдан зохицуулж, байгаль орчны менежментийг сайжруулах, хүний амь насыг хамгаалах зорилготойгоор хэрэгжүүлж байна. Европын Сансрын Агентлаг (ESA) нь хиймэл дагуулын бүрдэл хэсгийг хариуцан боловсруулж, Европын Холбооны өмнөөс Sentinel хиймэл дагуулуудыг хөгжүүлэх, үйлчилгээнд шаардагдах мэдээллийг хүргэх үүрэгтэй. Харин ESA ба EUMETSAT хамтран эдгээр хиймэл дагуулуудын ажиллагааг удирдаж, мэдээллийг тогтмол дамжуулж байна.
Харин 2028 оноос эхлэн газрын гадаргын температурын мониторинг хийх LSTM (Land Surface Temperature Monitoring) ихэр хоёр хиймэл дагуулын бүтээгдэхүүнийг Sentinel-ийн үйлчилгээний системд нэгдэхээр төлөвлөгдөж буй чухал зорилтот хөтөлбөрийн нэг юм. Энэхүү хөтөлбөр нь тогтвортой хөдөө аж ахуйн үйл ажиллагааг дэмжих, өндөр нарийвчлалтай газрын гадаргын температурын мэдээллийг цуглуулах болно. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь ууршилтын (ET: evapotranspiration) хэмжилтийг тариалангийн талбайн түвшинд хяналт мониторинг хийх бөгөөд энэ нь Европын холбооны хөдөө аж ахуйн онцлогт зориулагдсан хэдий ч дэлхийн хэмжээнд ашиглах боломжтой бүтээгдэхүүн юм. Газрын гадаргын температурыг нарийн хэмжээнд тодорхойлох нь хөдөө аж ахуйн нөхцөлд усны бүтээмжийг илүү нарийвчлалтай тооцоолох, гангийн урьдчилсан мэдээллийг сайжруулах, газрын доройтолтой тэмцэхэд хувь нэмэр оруулах юм.

Зураг 1: Дэлхийн тойрог замд ажиллах (LSTM-А, LSTM-B)хиймэл дагуулуудын замнал
LSTM хиймэл дагуулын төхөөрөмж нь цахилгаан соронзон долгионы үзэгдэх гэрлээс нэл улаан туяаны мужийг хамарсан нийт 11 спектрийн сувгуудыг багтаасан байна. Эдгээрийн зургаан суваг нь спектрийн долгионы 457.5 нм–1.655 µм, харин таван суваг нь дулааны нэл улаан туяаны 8.51–12.235 µм мужид өгөгдөл цуглуулна. Энэхүү оптик систем нь тухайн дохиог гурван өөр мэдрэгч дээр тус тусын долгионы уртын мужид (үзэгдэх гэрэл, богино долгионы нэл улаан туяа, дулааны нэл улаан туяа) хүлээн авна.

Гол хэрэглээ нь хөдөө аж ахуй, ургамлын усны хэрэгцээг тодорхойлох, усалгааны үр ашгийг нэмэгдүүлэх, усны нөөцийн менежмент, усны хэрэглээ, ууршилтыг үнэлэх, газрын гадаргын температурыг мониторинг хийж, дулааны арал, газрын доройтлыг хянах явдал юм.
Эх сурвалж: Европын Сансрын Агентлаг (ESA) https://sentiwiki.copernicus.eu/web/lstm
Нийтлэл бэлтгэсэн: Н.Болдбаатар / ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Агаар сансар, зайнаас тандан судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан/
М.Энхтуяа / ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний ажилтан/
Бусад мэдээлэл