Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОЛОН УЛСЫН ГАН, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДРИЙГ УГТСАН “ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХАД НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОЛОН УЛСЫН ГАН, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДРИЙГ УГТСАН “ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХАД НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШУА-ын Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар нь Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархайд байрлах "Цөлжилтийг сааруулах, туршилт судалгааны төв"-д Булган аймгийн Рашаант сумын ЗДТГ болон Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газрын захиргаа болон орон нутгийн малчин иргэдтэй хамтран “Цөлжилтийг сааруулахад нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт сургалт, семинарыг 2024.05.10-аас 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа (Зураг 1). 

Зураг 1. Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархайд байрлах Цөлжилтийг сааруулах, туршилт судалгааны төв

Энэхүү хамтарсан сургалтын хүрээнд Цөлжилтийн судалгааны салбарын дарга доктор Ц.Ганчөдөр, тус салбарын судлаачид болон  Булган аймгийн Рашаант сумын “Хөгнө Тарна байгалийн цогцолборт газрын дарга Б.Гончиг, мэргэжилтэн Б.Туяа, У.Ичинхорлоо нар өмнөх олон жил хийгдсэн ажил болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо (Зураг 2). 


                                    Зураг 2. "Хөгнө-Тарнын тусгай хамгаалалтын газар"-т уулзалт зохион байгуулав.

Хамтарсан сургалтын зорилго Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвийг түшиглэн орчны бүсэд олон  жил хийгдсэн мониторинг болон технологийн туршилт судалгааны ажлын үр дүнг танилцуулах, Рашаант сумын нутгийн удирдлага болон Хөгнө тарнын байгалийн цогцолборт газрын захиргаа, малчин иргэдийн хамтын ажиллагааг улам сайжруулахад оршино. Энэхүү сургалтын хүрээнд доктор Ц.Ганчөдөр, эрдэм шинжилгээний ажилтан Д.Отгонцэцэг, Д.Алтантуяа, Н.Төгөлдөр, Ц.Энхтөр нар суурин судалгааны төвд хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ. Мөн энэ сургалтын үеэр БНСУ-ын Кореа Их Сургуулийн профессор Сон Так Юун хүрэлцэн ирж онол, аргазүйн семинар хэлэлцүүлж салбарын судлаачид болон сургалтад оролцсон төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо (Зураг 3).


Зураг 3. "Цөлжилтийг сааруулах, туршилт судалгааны төв"-ийн мэдээллийн танхимд илтгэл, семинар хэлэлцүүлэв.

Тус салбарт хэрэгжиж буй “Монгол орны байгалийн бүсүүд дэх цөлжилт, газрын доройтлын үйл явцын мониторинг судалгаа, сааруулах арга зам” сэдэвт суурь судалгааны хүрээнд, мод тарих өдрийг давхар тохиолдуулан 2024.05.10-11 өдөр салбарын судлаачид болон сургалтад ирсэн малчид иргэдтэй хамтран  “Элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас” байгуулсан 4,5 га талбайд 1000 гаруй мод, сөөгийг тарьж ургуулах ажлыг хамтран зохион байгууллаа.

 Зураг 4. Элсний нүүлтээс улсын чанартай авто замыг хамгаалах ойн зурваст орон нутгийн иргэдтэй хамтран мод, сөөг үйл ажиллагааны явц.
Хамтарсан сургалт, семинарын хүрээнд 2024.05.13-ны өдөр Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газрын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид зэрэг 10 гаруй албаны төлөөлөгчид Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны төвд хүрэлцэн ирж судалгааны ажлын үйл явцтай танилцаж, хөрс болон бортого бэлтгэх, хөл газрын ургамалтай тэмцэх ажлыг хамтран гүйцэтгэж, практик сургалт зохион байгуулав. Энэхүү ажлын хүрээнд хүлэмж болон ил талбайд урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis), үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides), алтан гагнуур (Rhodiola rosea) зэрэг эмийн ургамал болон орон нутгийн хус модыг үрээр тарьж ургуулах ажлыг хамтран гүйцэтгэв. Эдгээр ургамлыг тарьж ургуулах арга замыг тодорхойлохоос гадна, цаашид элсний нүүлтийг сааруулах биологийн хамгаалалтад тарьж ургуулахаар зорьж байгаа юм. Мөн хамгаалалтын ойн зурваст хайлас (Ulmus), улиас (Populus), бургас (Salix) зэрэг 100 гариу мод, сөөгөөр нөхөн тарилт хийх ажлыг хамтран амжилттай гүйцэтгэлээ (Зураг 5).

Зураг 5. Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газрын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай хамтарсан практик сургалтын үйл явц.  
Мэдээ бэлтгэсэн: Д.Алтантуяа 
ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар
Улаанбаатар. 2024.05.15






Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө