ШУА-ийн
Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Зайнаас тандах судлал, оронзайн загварчлалын салбарыг үндэслэгч, Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Сансрын нисэгч Майдаржавын Ганзориг
2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр таалал төгсөж, Монгол Улсын шинжлэх ухааны салбарт
хүнд гарз тохиолоо.
Майдаржавын Ганзориг нь 1949 онд Архангай
аймгийн Цэцэрлэг суманд төрж, 1968 онд Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг, 1975
онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургуулийг дулааны нарийн хэмжүүр,
автоматикийн инженер мэргэжлээр тус тус төгсчээ.
М.Ганзориг нь 1978 оноос ШУА–ийн ФТХ-ийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, улмаар Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийг бэлтгэх төвд сансрын нислэгийн бүрэн курс төгсөж, сансрын нисэгч, шинжлэн судлаач болсон. 1981-1984 онд ЗХУ-ын Сансрын шинжилгээний хүрээлэнд судалгааны ажил хийж, техникийн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалан, Монгол улсын сансрын тандан судлалын салбар дахь анхны эрдэмтэн болсон юм.
М.Ганзориг нь 1984-1990 онд ШУА–ийн ФТХ-ийн Агаар, сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, арга зүйн лабораторийн эрхлэгч, 1990-2014 онд өөрийн үүсгэн байгуулсан Информатикийн хүрээлэнгийн захирлаар, 2014 оноос эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, сэдвийн удирдагчаар амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл ажиллаж, шинжлэх ухаан, сансар судлалын үйл хэрэгт бүхий л ухамсарт амьдралаа зориулсан юм.
Монгол улсын зайнаас тандан судлалын анхны эрдэмтэн, тус салбарыг үндэслэгч, доктор М.Ганзориг нь олон арван ном туурвиж, олон зуун эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод гадаадад нийтлүүлсэн, олон тооны эрдэмтэн шавь төрүүлсэн, шинжлэх ухааны салбарын нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, ШУА-ийн Бага чуулган, Үндэсний Инженерийн академийн гишүүн, Улаанбаатарын их сургуулийн профессор байлаа.
М.Ганзоригийн нөр их, бүтээлч хөдөлмөрийг нь Монгол Улсын Төр өндрөөр үнэлэн, 1981 онд “БНМАУ-ын сансрын нисэгч” цол хүртээж, Сүхбаатарын одонгоор, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнасан юм. Мөн М.Ганзоригийг ОХУ-ын Найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, ОХУ-ын сансрын нисэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медаль, Гагарины алтан медаль, Америкийн газарзүйн нийгэмлэгээс геоинформатикийн салбарын Дэлхийн шилдэг эрдэмтэнд олгодог О.Миллерийн алтан медалиар шагнажээ.
Монголын ард түмний хайртай хүү, хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч Майдаржавын Ганзоригийн гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
ШУА-ийн
Газарзүй, Геоэкологийн хүрээлэн