Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ-ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХАМТАРСАН ЭКСПЕДИЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МОНГОЛ-ХЯТАДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХАМТАРСАН ЭКСПЕДИЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнтэй хамтран Даян дэлхийн өөрчлөлтийн судалгааны Ази, Номхон далайн сүлжээ (APN) байгууллагын санхүүжилтээр “Монгол ба Хятадын нийгэм эдийн засгийн эмзэг байдлын үнэлгээ ба бодлогын дүн шинжилгээнд суурилан орон нутгийн дасан зохицох төлөвлөгөөг бэхжүүлэх нь” сэдэвт судалгааны төслүүдийг хэрэгжүүлж байна.

Хамтарсан экспедицийн хүрээнд 2023 оны 8 дугаар сард Монгол, Хятадын ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын баг хамтран Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын баруун босоо коридорын дагуу Цагаан нуур чөлөөт бүс-Өлгий хот-Ховд хот-Булган боомтын дагуу хээрийн судалгааг зохион байгууллаа.


Энэхүү экспедицийн зорилго нь орон нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай танилцах, тэр дундаа мал аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэр, зам тээвэр, хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн иргэд болон төрийн байгууллагуудыг хамруулсан хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох, судалгааны явц болон үр дүнг мэргэжлийн байгууллага болон оролцогч талуудад танилцуулж санал авах, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.



Экспедицийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд:

           Ховд аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран “Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь” сэдэвтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, судалгааны үр дүнг танилцуулан, орон нутгийн мэргэжилтнүүдээс санал зөвлөмж авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

           МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль болон түүний харьяа Күнзийн институт, Баруун бүсийн экологийн судалгааны суурингийн үйл ажиллагаатай танилцав.

           Дундговь аймгийн “Жаргалант Сор ХХК” тахианы фермер, Ховд аймгийн “Altain meat” махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

           Орон нутгийн малчид, тариаланчид, малчдын бүлэгтэй уулзалт зохион байгуулж, тэдний аж амьдрал, түүнд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдлын нөлөөлөх байдал, ган зудтай холбоотой өнөөгийн байдлын талаар ярилцав.

           Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцав.

           Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцав.

           Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүс болон Ховд аймгийн Булган олон улсын хилийн боомтын үйл ажиллагаатай танилцав.

Шинжлэх ухааны хамтарсан экспедицийг Монгол талаас ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана, Хятад талаас тус улсын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, профессор Донг Соучин нар тус тус ахлан зохион байгууллаа.

 

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн салбар

Улаанбаатар, 2023.09.04


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө