Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

                                                                                                        ЭМГЭНЭЛ
                                                                    БОРЖИГОН АДУУЧ ОВОГТ ДЭЧИНГУНГААГИЙН ДОРЖГОТОВ
                                                                                                      (1940-2024)

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр таалал төгсөж, Монголын шинжлэх ухаан, боловсрол, соён гэгээрүүлэх салбарт хүнд гарз тохиолоо.
Д.Доржготов нь 1940 онд Төв аймгийн Баян сумын нутагт малчин ардын гэр бүлд төрж, эгэл жирийн Монгол ахуй дор бага насаа өнгөрүүлжээ. Тэрээр 1957 онд Улаанбаатар хотын 1-р арван жилийн дунд сургуулийг, 1962 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийг хөрс судлаач-агро химич мэргэжлээр суралцан төгсжээ. Улмаар 1973 онд Оросын ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд газарзүйн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Хөрс судлалын факультетад “Монгол орны хөрс” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалан, 1998 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, Академичаар сонгогдсон юм.

Нэрт эрдэмтэн Д.Доржготов нь 1962 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Газарзүйн (одоогийн Газарзүй, геоэкологийн) хүрээлэнд 60 гаруй жил тасралтгүй ажиллахдаа 1962-1974 онд эрдэм шинжилгээний ажилтан, 1974-1984 онд Хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, 1984-1994 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1994-2014 онд Газарзүйн хүрээлэнгийн захирал, 2014 оноос эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж, Монгол Улсын газарзүй, хөрс, геоэкологи, орчин судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн мэдлэг чадвар, ухамсарт амьдралаа бүтэн зориулсан тэргүүлэх эрдэмтэн хүн байв.
Академич Д.Доржготов нь үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ 1993-1997 онд олон улсын “Геосфера ба биосфера” хөтөлбөрийн үндэсний хорооны гишүүн, 1994 оноос Монголын газарзүйн нийгэмлэгийн тэргүүн, 1997 оноос ШУА-ийн Геологи, газарзүйн бага чуулганы гишүүн, дарга, орлогч дарга, 2002-2010 онд Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний зөвлөлийн гишүүн, 2004-2008 онд БОАЖЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн, 2006-2010 онд Цөлжилттэй тэмцэх Үндэсний хорооны гишүүн, 2010 онд Хөдөө аж ахуйн ШУА-ийн гишүүн, 2016-2022 онд ШУА-ийн тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт ба томилгоот ажил үүргүүдийг хариуцлагатай хашиж, олон улсын болон үндэсний хэмжээний байгаль орчин, шинжлэх ухааны салбарын бодлого шийдвэр гаргахад идэвх санаачилгатай оролцож иржээ.
Сурган хүмүүжүүлэгч Д.Доржготов нь 1978 оноос дээд боловсролын байгууллагад тэр дундаа Монгол Улсын томоохон сургуулиуд болох МУИС, МУБИС-д багшилж, үндэсний боловсон хүчин, сэхээтэн бэлтгэх чиглэлээр олон зуун оюутнуудад Монгол орны физик газарзүй, хөрс судлал, геоэкологи, орчин судлал, нийгмийн экологи, байгаль хамгааллын үндэс зэрэг бакалавр, магистр, докторын түвшний хичээлүүдийг зааж, 2004-2013 онд МУИС-ийн Газарзүй-Геологийн сургуулийн “Геоэкологи-газрын менежмент”, “Геоэкологи-орчин судлал”-ын тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллажээ. Тэрээр 2001 онд БНХАУ-ын Өвөр-Монголын багшийн их сургуулийн хүндэт профессор, 2002 онд Монгол Улсын Багшийн их сургуулийн профессор, 2010 онд Дархан дээд сургуулийн хүндэт профессор цолыг тус тус хүртсэн байна. Нэрт эрдэмтэн Д.Доржготов 1975 оноос Газарзүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, нарийн бичиг, орлогч дарга, дарга, мөн “Хүрээлэн буй орчин судлал”-ын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ШУА-ийн дэргэдэх Геологи, газарзүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа нийт 110 судлаачийн эрдмийн зэрэг хамгаалах ажилд оролцож санал, зөвлөмж өгч, 20 гаруй судлаачийн докторын диссертаци, 3 эрдэмтний шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах диссертацийн ажлыг биечлэн удирдаж, амжилттай хамгаалуулж газарзүйн мэргэжлээр шинэ залуу эрдэмтэн, судлаачид бэлтгэхэд ихэд анхаарч ажилласан ачтан багш юм.

Академич Д.Доржготов нь шинжлэх ухаан, боловсролын салбарт нэгэн жаран ажиллахдаа 300 гаруй бүтээл туурвисан бөгөөд нэгэн сэдэвт ном 16, Монгол Улсын Үндэсний атлас (1990, 2009, 2022) болон бусад атлас, толь бичиг 9, хөрсний ба газарзүйн сэдэвчилсэн зураг 52, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 120, сонин хэвлэлд 20 орчим нийтлэл, редакторласан ном, газрын зураг, нэвтэрхий толь 61, үйлдвэрлэл практикт шилжүүлсэн зураг, зөвлөмж, тайлан 40 орчмыг туурвиж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд 80 гаруй удаа биечлэн оролцож, илтгэлүүд хэлэлцүүлсэн байна.
Эрдэмтэн Д.Доржготов нь газарзүй, хөрс судлал, байгалийн шинжлэх ухааны салбарт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллаж Орос, Герман, Хятад, Польш, Япон, Солонгос, Унгар, Казахстан, Итали, Америк зэрэг улсуудын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай хамтран ажиллах үндсийг тавьж, гадаад, дотоодын 50 гаруй хээрийн судалгааг амжилттай зохион байгуулсан. Мөн “Зүүн хойд Азийн байгаль орчны өөрчлөлт”, “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурлуудыг зохион байгуулсан нь газарзүй, геоэкологийн шинжлэх ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаан технологийг түгээн дэлгэрүүлэх, гадаад харилцааг шинэ түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Академич Д.Доржготовын шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж 1975, 1980 онд “Таван жилийн гавшгайч”, “Ардын Хувьсгалын 60, 70, 80, 100 жилийн ойн медаль, 1995 онд “Алтан гадас” одон, 1996 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2001 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ын одон, 2004, 2009 онд Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал 2005 онд Экологийн салбарын XX зууны шинжлэх ухааны шилдэг бүтээл, 2005 онд Газарзүйн салбарын ХХ зууны шинжлэх ухааны шилдэг бүтээл, 2006 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2006 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд “Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2010 онд “Төв аймгийн хүндэт иргэн” тэмдэг, 2011 онд Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, 2012 онд “Тусгаар тогтнол” одон, 2022 онд Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор тус тус шагнагджээ. Мөн гадаадын улс орнуудаас олон арван жуух, медалиар шагнагдаж байснаас онцолбол 2018 онд Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал “Н.М.Пржевальскийн нэрэмжит алтан медаль”-ийг Ази тивээс хүртсэн хоёр дах эрдэмтнээр тодорч байсан юм.
Нэрт эрдэмтэн, бидний хайртай багш, газарзүйн шинжлэх ухааны ноён оргил Д.Доржготов таны хүнлэг энэрэнгүй, оюунлаг бүтээлч, хичээнгүй хөдөлмөрч, тууштай зарчимч, нөхөрсөг тусч зан чанар, гэгээн дүр төрх нь эрдмийн хамт олон, найз нөхөд, шавь нар болон Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН НИЙГЭМЛЭГ

Улаанбаатар хот
2024.10.14


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
18 өдрийн өмнө