Дорнод аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, МУИС-ийн харьяа Дорнод Их сургуулиас хамтран зохион
байгуулсан "ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ҮНДСЭН АСУУДЛУУД
- ГАРЦ ШИЙДЭЛ" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Газарзүй,
геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүн, төлөвлөлтийн
санал, шийдлийн хувилбаруудаа танилцуулж оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Дорнод аймгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд туссан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан төлөвлөлтийн гарц, шийдлийг тодорхойлох, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтарсан хурал, хэлэлцүүлгийг 2023 оны 6-р сарын 29, 30-ны өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгууллаа.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн
хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны
хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод туссан бодлогын зориултуудыг
хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох, судалгаанд суурилсан
төлөвлөлтийн гарц, шийдлийг санал болгох чиглэлд ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сангийн захиалгаар тус хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, дэд профессор М.Алтанбагана докторын удирдаж буй “Хотуудад улс, аймгийн зэрэглэл тогтоох, хот, тосгодын чиг үүрэг, статусыг тодорхойлох судалгаа (2022-2024)” шинжлэх ухаан, технологийн захиалгат төсөл, “Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөний орон зайн зүй тогтол, нөлөөлөх хүчин зүйлс (2022-2024)” сэдэвт суурь судалгааны төсөл, “Далайд гарцгүй ОХУ (Сибирь) болон Монгол орны байгаль ашиглалт, нутагшилт, аж ахуй эрхлэлтийн тулгуур тэнхлэг бүрэлдэх газарзүйн онцлогийг Евразийн интеграцитай холбон судлах нь (2021-2023)” сэдэвт гадаадтай хамтарсан төслүүдийн хүрээнд төслийн судалгааны үр дүн, ялангуяа Монгол орны зүүн бүс, Дорнод аймаг, Чойбалсан хоттой холбоотой судалгаанд суурилсан бодлого, төлөвлөлтийн шийдлийн саналыг уг хуралд танилцуулж, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож ажиллалаа.
Эрдэм шинжилгээний эхний өдрийн хуралд нийт 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт шийдлийн зураглал, суурь концепци ба Зүүн бүс, Дорнод аймгийн оролцоо” сэдэвт үндсэн илтгэлийг танилцууллаа. Мөн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын ЭША докторант Ц.Отгонхүү “Зүүн бүс, Дорнод аймгийн хүн амын өсөлт ба шилжих хөдөлгөөн, нөлөөлөх хүчин зүйлс” сэдвээр, ЭША, докторант Г.Урантамир “Үндэсний хэмжээнд тээврийн дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэг ба Зүүн бүсийн төлөвлөлтийн санал” сэдвээр, ЭША, докторант П.Цэенханд “Чойбалсан хотод Улсын зэрэглэлтэй Хөгжлийн стратегийн төв хотын статус, чиг үүрэг олгох асуудал, хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүс” сэдвээр, ЭША А.Нандин-Эрдэнэ “Боомтын сэргэлт ба нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг бүхий Боомтуудыг тодорхойлох нь” сэдвээр тус тус судалгааны үр дүн, төлөвлөлтийн шийдлийн саналаар илтгэл танилцуулж оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн өгүүлэл, илтгэлүүдээс байгалийн ухаан болон нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан тус бүрээс 3, 3 байр шалгарсан бөгөөд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын ЭША, докторант, П.Цэенхандын “Улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв Чойбалсан хотын чиг үүрэг, түүний эрэмбэ, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүс тодорхойлох судалгаа” сэдэвт илтгэл тэргүүн байр эзэлж, батламж, мөнгөн шагналаар шагнагдсан.
Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь өдрийн хурал шинжлэх ухаанд суурилсан бодлого тодорхойлоход үйл явцыг бэхжүүлэх, улс, бүс, орон нутгийн нийгэм, эдийн загсийн хөгжилд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор сэдэвчилсэн 4 хэлэлцүүлэг зохион байгуулсан болно. Уг хэрэлцүүлэгт Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-очир болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, агентлаг, газар, хэлтсийн дарга, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэг дараах үндсэн сэдвийн
хүрээнд явагдаж, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн,
судлаачид модератор, панелистаар оролцож, судалгаанд суурилсан төлөвлөлтийн
шийдлээр санал бодлоо илэрхийлж оролцлоо. Үүнд,
1.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд
тулгамдаж байгаа асуудлууд гарц-шийдэл
2.
Аймгийн аялал жуулчлал, үйлчилгээний
салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд гарц-шийдэл
3.
Боомтын сэргэлт ба аймгийн тээвэр,
логистик, дэд бүтэц, гадаад худалдааны салбарын хөгжилд тулгамдаж байгаа
асуудлууд-гарц шийдэл
4.
Чойбалсан хотын хөгжлийн стратеги
төлөвлөгөө
Хэлэлцүүлгээр орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл тулгамдсан асуудлаа илэрхийлж, улмаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс дэвшүүлж буй төлөвлөлт, шийдлийн саналаар харилцан мэдээлэл солилцож, шинжлэх ухаанд суурилсан бодлого төлөвлөлт хийхэд ач холбогдол өндөртэй хэлэлцүүлэг болсныг Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар илэрхийлж, цаашид хамтран ажиллахаар тогтов.
Мэдээ бэлтгэсэн:
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Нийгэм, эдийн засгийн газарзүйн
салбар, 2023.07.05