Вэбсайтын цэс
Хэлний сонголт
LANDSAT 1 ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРСНӨӨС ХОЙШ 53 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ
LANDSAT 1 ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРСНӨӨС ХОЙШ 53 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Өнөөдөр дэлхийг тойрон эргэлдэх олон хиймэл дагуулуудын ачаар бид сансраас дэлхийгээ ажиглахын үнэ цэнийг анзаарахгүй өнгөрөх нь элбэг болсон.

Харин 1970-аад онд энэ санаа тун шинэлэг байлаа.

Earth Resources Technology Satellite (ERTS-1) буюу одоо бидний Landsat 1 гэж нэрлэдэг хиймэл дагуул 1972 онд хөөргөх үед нэг чухал асуултыг дэвшүүлсэн юм:

— Зайнаас тандсан өгөгдлөөр бид дэлхийн байгалийн нөөцийг удирдаж чадах уу?

53 жилийн дараа энэхүү асуултын хариулт нь тодорхой “тийм” болжээ.

ERTS-1 хиймэл дагуулыг хөөргөхөөс ч өмнө, ERTS-A Press Kit–ийн мэдээлснээр, янз бүрийн шинжлэх ухааны салбарт нийт 305 судалгааны санал ирсэн байжээ.

Earth Resources Technology Satellite (ERTS) хиймэл дагуулын туршилтын загварыг (mockup) Пенсильвани мужийн Валли Форж дахь General Electric (GE) компанийн Сансрын хэлтсийн эргэлтийн туршилтын танхимд (spin test chamber) туршиж буй нь.

Landsat төслийн албаны гишүүд ERTS хиймэл дагуулын цуглуулсан мэдээллийн бодит ач холбогдол нь түүний өргөн хүрээний, практик хэрэглээнээс хамаарна гэдгийг ойлгож байв.
1970 оны 6 дугаар сард NASA дэлхий даяарх эрдэмтэн судлаачдаас ERTS-ийн өгөгдлийг ашиглах судалгааны санал хүлээн авах уриалга гаргасан байна (Etter Mack, 1990).

1970 оны 6-р сард НАСА дэлхийн өнцөг булан бүрийн судлаачдаас ERTS-ийн өгөгдлийг ашиглах санал, төслүүдийг хүлээн авах уриалга гаргасан (Etter Mack, 1990). Сонгогдсон саналууд нь их сургууль, аж үйлдвэр, ашгийн бус байгууллага, холбооны болон мужийн засгийн газрын агентлаг зэрэг олон төрлийн байгууллагаас ирсэн байв. Энэ нь шинэ төрлийн дэлхийн ажиглалтын чадавхыг ашиглах сонирхол өргөн цар хүрээтэй байсныг харуулсан юм.

Судалгаануудыг шинжлэх ухааны төрөл салбараар ангилсан бөгөөд хөдөө аж ахуй, ой судлал, газар зүй, ус зүй зэрэг өргөн хүрээний чиглэлүүдийг хамарч байв.

1975 он гэхэд ERTS хөтөлбөрийн хүрээнд нийт 334 шинжлэх ухааны туршилт, судалгаа хийгдэж, НАСА-д тайлагнасан байжээ (Bidwell and Mitchell, 1975). Эдгээр судалгааны үр дүнг нэгтгэн ERTS-B (Landsat 2) Press Kit-д зургаан хэрэглээний чиглэлээр ангилан хураангуйлан танилцуулсан байдаг.

 Хөдөө аж ахуй ба ойн аж ахуй (Agriculture & Forestry)

  • Канзас мужид уургийн талбайн (буудай) хэмжээг 99%-ийн нарийвчлалтайгаар тооцоолсон;
  • Калифорни мужийн Төв хөндий дэх (Central Valley) хөдөө аж ахуйн ангиллыг уламжлалт аргуудаас илүү хурдан, илүү нарийвчлалтайгаар тодорхойлсон;
  • Небраска мужид олон цаг үеийн (multitemporal) хиймэл дагуулын мэдээг ашиглан 7 төрлийн тариаланг 90%-иас дээш нарийвчлалтайгаар ангилсан;
  • Үндэсний ойн сангууд дахь модны нөөц (timber volume)–ийг уламжлалт судалгааны өртгийн аравны нэгтэй тэнцэх зардлаар үнэлсэн;
  • Мод тайралт болон түймэрт өртөж шатсан ойн эзлэх хувийг хиймэл дагуулын мэдээллээр тооцоолсон;
  • Өмнөд Сахелийн цөлжсөн бүс нутагт бэлчээрийн хяналттай ашиглалтыг (controlled grazing areas) илрүүлсэн.


1972 оны 8 дугаар сарын 16-нд Landsat 1 хиймэл дагуулын авсан Канзас мужийн Гардэн Сити орчмын тариалангийн талбайг харуулсан  хуурмаг өнгөт (false-color) зураг.

Газар ашиглалт ба зураглал (Land Use & Mapping)

  • Уламжлалт газрын зураг зохиох аргуудаар сар, жил шаардагддаг ажлыг хэдхэн хоногийн дотор орчин үеийн зураглал болгон гаргаж, хугацааг асар ихээр хэмнэсэн;
  • Аляска мужид газар ашиглалтын анхны том хэмжээний (large-scale) нэгдсэн судалгааг (inventory) хийж, 220 сая акр улсын эзэмшлийн газар сонгон тодорхойлоход дэмжлэг үзүүлсэн;
  • Виржиниа мужийн үндсэн газрын зурагт шинэчлэл хийж, усны биетүүд зэрэг шинэ объектуудыг нэмж оруулахад тусалсан;
  • Антарктидын өмнө нь бүртгэгдээгүй уулс зэрэг газарзүйн шинэ байгууламжуудыг илрүүлсэн;

 

  • ERTS хиймэл дагуулын дүрслэлд суурилсан 1:250,000 масштабтай фото газрын зураг нь АНУ-ын National Map Accuracy Standards–ын шаардлагыг хангаж болохыг нотолсон;
  • Мичиган, Миннесота, Нью-Йорк, Висконсин зэрэг муж улсууд газар ашиглалтын мэдээллийн системээ шинэчлэх боломжтой болсон.


1973 оны 6 дугаар сарын 14-нд авсан Landsat 1 хиймэл дагуулын олон спектрийн мэдрэгчтэй (MSS) хуурамч өнгөт зураг — Жоржиа мужийн Атланта хот.

 

Усны чанар ба нөөц (Water Quality and Resources)

  • Дэлхийн дотоод усны гадаргын тархалтын анхны тооцооллыг хийсэн;
  • 1973 онд Мемфисийн доорх Миссисипи мөрний үерийн хамрах хүрээг богино хугацаанд үнэлэх хурдан дүн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн;
  • Мөсөрхөгийн захын хөдөлгөөн (terminus movement) болон түргэн урагшилт бүхий мөсөн голын (surging glacier) динамикийг хянах боломжийг бүрдүүлсэн;
  • Баруун Америкийн усны менежментэд зориулж цас хайлах үеийн урсцын (snowmelt runoff) урьдчилан таамаглалыг сайжруулсан;
  • Өмнөд Флоридагийн усны нөөцийн тархалтын тоон загваруудыг боловсруулж, стратегийн менежментийн төлөвлөгөөг боловсронгуй болгосон.

1973 оны 5 дугаар сарын 5-нд Landsat 1 хиймэл дагуулын авсан зураг — Миссисипи мөрний үерийн усны тархалтыг харуулж байна.

Эрдэс ба Геологи

  • Хүний суурьшлын бүсэд аюул үүсгэж болзошгүй, өмнө нь тодорхойлогдоогүй хагарал, ан цав зэрэг бүтцийн онцлогийг илрүүлсэн
  • Аляскийн хойд хэсэгт нефть агуулсан байж болзошгүй бүсийг нээсэн
  • Оклахомад нефть, хий олборлож буй талбайнуудаар илэрсэн аномаль шинж чанартай бүтэцтэй уялдсан бүсүүдийг илрүүлсэн
  • Аризона мужийн элсэн чулууны давхаргад усны цооног өрөмдөх ажлыг амжилттай чиглүүлсэн

 

Landsat 1 хиймэл дагуул 1976 оны 5-р сарын 27-нд Энэхүү хуурамч өнгөт зурагт Дэтийн хөндийг буулгасан байна. Зурганы төв хэсэгт дэлхийн хамгийн халуун, хуурай газруудын нэг болох энэ нутгийн гол цэг болох Furnace Creek байрлана. Хөндийн ёроолд харагдах цайвар цагаан хэсгүүд нь давсны талбайг, харин улаан туяанууд нь цөлийн сийрэг ургамлыг илэрхийлж байна.

 

Далайн нөөц

  • Элс, шаврыг байгалийн мөр гаргагч болгон ашиглаж, эргийн усны эргэлтийн хэв маягийг зурагласан
  • Мөсний төрөл, тархалт, хөдөлгөөнийг тодорхойлж, усан замын маршрутыг төлөвлөхөд дөхөм болгосон
  • Гүн 9 метр (30 фут) хүртэлх усны гүн хэмжих шинэ аргачлал боловсруулсан
  • Гидрографийн зураг дээрх шүрэн арлууд болон гүехэн бүсүүдийн байршлыг шинэчилсэн
  • Зургийн нягтралын хэв маягийг ашиглан menhaden төрлийн загасны сүргийг илрүүлсэн


Энэ Landsat 1 хиймэл дагуулын зураг 1974 оны 6-р сарын 25-нд авагдсан бөгөөд Калифорнийн өмнөд эрэг орчимд газар ба далай нийлж буй идэвхтэй, өөрчлөлттэй бүсийг харуулж байна.

Байгаль орчны хяналт

  • Усны тунгалаг байдал болон өргөн хүрээний бохирдлын үзэгдлийг хянаж, усны чанарыг судалсан
  • Усанд агуулагдах 5–1000 мг/л хүртэлх концентраци бүхий хөвмөл бодис болон хлорофиллын агууламжийг илрүүлсэн
  • Цөлөөс уулс хүртэлх олон янзын экосистем дэх ургамлын чанарыг судалсан
  • Нүүрсний ил уурхайн бүсүүдийг талбайн хэмжилт болон нөхөн сэргээлтийн хяналтад зориулан ангилсан
  • Барилгын болон шавар шорооны ажил (dredging)-аас үүдэлтэй намгархаг газрын өөрчлөлтийг хянасан
  • Амьтдын амьдрах орчны газрын зургийг сайжруулж, менежментийг үр дүнтэй болгосон


1973 онд авсан, дэлбэрэлтээс өмнөх Сент Хеленс уулын Landsat 1 хиймэл дагуулын зураг.

АНУ-ын Геологийн алба (USGS) нь NASA-тай хамтран ERTS хөтөлбөрийг төлөвлөсөн бөгөөд ERTS-1 хиймэл дагуулын мэдээллийг хамгийн өргөнөөр ашиглагч байгууллага байсан. ERTS-1 анхны жилүүдэд тойрог замд байх хугацаандаа USGS энэхүү мэдээллийг ашиглан ил уурхайн олборлолтыг хянах, нефть болон ашигт малтмалын орд илрүүлэх, үерийн зураг гаргах, газар ашиглалтын өөрчлөлтийг тодорхойлоход хэрэглэж байв. Мөн USGS нь алсын тандан судалгааг өргөн хүрээнд ашиглахыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнд шинэ аргачлал боловсруулах, сургалт зохион байгуулах, холбооны засгийн газрын байгууллагууд болон хувийн хэвшилд хэрэглэх хөтөлбөрүүдийг дэмжих зэрэг багтсан.

ERTS-1 болон ERTS-2 (хожим Landsat 2 гэж нэрлэгдсэн) хиймэл дагуулуудын хоорондох хугацаанд USGS болон гурван холбооны агентлаг — Хөдөө аж ахуйн яам, Армийн инженерийн корпус, Үндэсний далай ба агаар мандлын алба (NOAA) — ERTS-ийн өгөгдлийг хэрхэн ашиглаж болохыг судалж эхэлсэн.

Хөдөө аж ахуйн яам нь ERTS мэдээллийг ашиглах гол чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд үүнд хөдөө аж ахуй, бэлчээр, ой бүхий газруудын нөөцийн тооллого ба хяналт, хот-хөдөөгийн заагийн өөрчлөлт, зэрлэг амьтдын амьдрах орчны менежментийн хяналт зэрэг оржээ.

Армийн инженерийн корпус нь ERTS-1-ийн мэдээллийг Үндэсний усан сангийн аюулгүй байдлын хөтөлбөрт ашиглаж, өргөн талбайг хамарсан байгаль орчны нөлөөллийн тайлан боловсруулах, АНУ-ын Атлант болон Номхон далайн эргийн судалгаа хийхэд хэрэглэсэн байна. ERTS-2-ийн хөөрөлтөд бэлтгэхдээ тус корпус NASA-гийн санхүүжилттэй усан сангийн менежмент, эргийн төлөвлөлт, байгаль орчны нөлөөллийг урьдчилан таамаглах чиглэлээр хэд хэдэн судалгаа төлөвлөжээ.

NOAA нь ERTS-1-ийн өгөгдлийг ашиглан нислэгийн газрын зураг сайжруулж, мөн ERTS өгөгдлийн бусад боломжит хэрэглээг тодорхойлсон. Үүнд усны чанарын хяналт, хүний үйл ажиллагааны нөлөөллийг загасны нөөцөд үнэлэх, цасан бүрхүүлийн судалгаа зэрэг оржээ.

Landsat 1 (ERTS-A) хиймэл дагуулын уран бүтээлчийн дүрслэл зураг.

Landsat 1 нь дэлхийн ажиглалтыг үндсээр нь өөрчилсөн. Түүний олон спектрийн сканнер (Multispectral Scanner) нь сансарт байршсан калибрацийн (нарийвчлал шалгах) өгөгдлийг анх удаа цуглуулж чадсан дэлхий ажиглах төхөөрөмж байсан бөгөөд хиймэл дагуулын ажиглалтад шинэ стандарт тогтоосон.

Анх туршилтын зориулалттай байсан энэ хиймэл дагуулын хөтөлбөр өнөөдөр дэлхийн хамгийн урт хугацаанд тасралтгүй ажиллаж буй, хамгийн үнэ цэнтэй дэлхий ажиглалтын хөтөлбөрүүдийн нэг болон өргөжжээ.

Өнөө үед Landsat-ийн өгөгдлийн сан нь хөдөө аж ахуй, ой хамгаалал, усны нөөц, геологи ба ашигт малтмалын хайгуул, байгаль орчны хяналт зэрэг салбаруудад жил бүр тэрбум гаруй ам.долларын эдийн засгийн өгөөж авчирч байна.

Эдгээр гол хэрэглээний чиглэл тус бүрд Landsat-ийн дараа дараагийн дагуулууд өмнөх технологио улам боловсронгуй болгосноор судалгаа, шинжилгээний цар хүрээ улам тэлсээр ирсэн. Энэхүү өв уламжлал ирээдүйн Landsat-ийн шинэ үеийн хиймэл дагуулуудтай хамт үргэлжилж, улам өргөжин.

 

 

Мэдээг бэлтгэсэн:   Э.Жаргалдалай  ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн

 


References

 


Бусад мэдээлэл