Эх дэлхийг зураглах хайперспектрийн PRISMA дагуул
Орчин үеийн зайнаас
тандан судлал нь 1972 онд АНУ эх дэлхийн байгалийн нөөцийг судлах, хүрээлэн буй орчны мониторинг хийх зорилгоор үзэгдэх гэрлийн болон ойрын
нэл улаан туяаны мужид тоон мэдээ хүлээн авах зориулалттай Landsat-1 дагуулыг
хөөргөсөн цаг үеэс хөгжлийн
шинэ шатанд гарсан юм. Тэр цагаас хойш 1990-ээд оны эхэн
үеийг хүртэл дэлхийн улс, орнуудын хөөргөсөн зайнаас тандах дагуулууд нь
дийлэнхдээ оптикийн дагуулууд байсан бөгөөд спектрийн цөөн хэдэн сувгаар олон
бүсчлэлийн дүрс мэдээ хүлээн авдаг байлаа.
.jpg?w=1200)
1992 онд Япон улс манай гарагийн байгалийн нөөцийг
зураглах, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалалд дэм болох, байгалийн гамшиг
болон далайн эрэг орчмын мониторинг хийх зорилгоор радарын L-сувгийн мужид
НН-туйлшралын долгион ашиглан мэдээ хүлээн авдаг JERS-1 синтетик апертурт
радарын дагуулыг хөөргөсөн нь эх дэлхийг өдөр, шөнө, цаг агаар, атмосферын ямар
ч нөхцлөөс үл хамааран системтэйгээр судлах боломжийг эрдэмтэд, судлаачдад
олгосон юм. Радарын хиймэл дагуул бий болсноор, богино долгионы мужид
бүртгэгдсэн мэдээг оптикийн мэдээтэй уялдуулан төрөл бүрийн судалгаанд ашиглах
явдал эрчимжжээ.
Оронзайн өндөр нарийвчлал бүхий уламжлалт оптикийн мэдээ нь спектрийн
өргөн зурвасыг хамарсан байдгаас
шалтгаалан, байгаль дээрх өөр хоорондоо ижил төстэй биесийн нарийн ялгааг гаргахад төдийлэн хялбар бус байдаг ба энэ нь уг
объектуудаас ойсон энерги бүртгэгдэж байгаа долгионыхоо тэрхүү спектрийн зурваст
дундажлагдсаны дараа сканерт бүртгэгддэгтэй холбоотой. Уг асуудлыг шийдэх үүднээс, салбарын эрдэмтэд олон жилийн
турш спектрометр ашиглан,
газрын хянан
баталгаажуулалтын хэмжилтийг хийсээр ирсэн бөгөөд энэ нь ихээхэн хэмжээний хөрөнгө,
ажиллах хүч шаарддаг юм.
Өнгөрсөн
зууны 3-р хагасаас, хэт олон сувгийн буюу хайперспектрийн сенсор зохион бүтээх ажил эхэлсэн бөгөөд анхны сансрын
түвшин дэх ийм төрлийн мэдээ хүлээн авах дагуулыг АНУ, 2000 онд туршилтын
журмаар хөөргөсөн. EO-1 хэмээх нэртэй уг дагуул дээр 242 сувгийн мэдээ хүлээн авах Hyperion сенсорыг байрлуулсанаар, байгалийн биесийн спектрийн
шинж чанарыг хэт ягаанаас эхлэн дундын нэл улаан туяаны муж хүртэл 10 нм-ийн
интерталтайгаар судлах боломжтой болсон юм.
Хүн
төрөлхтөн шинэ мянгантай золгосон цагаас эхлэн, дэлхийн хөгжингүй орнуудын дунд
хайперспектрийн дагуул хөөргөх асуудал хурцаар тавигдаж эхэлсэн ба
өнөөгийн байдлаар зарим орон өөрийн дагуулыг хөөргөөд байгаа бол хэд хэдэн орон
ойрын ирээдүйд ийм төрлийн дагуул хөөргөхөөр төлөвлөөд байна.
Сансрын
уудамд амжилттай ажиллаж, эх дэлхийн зураглал, мониторингид ашиглагдаж байгаа
сүүлийн үеийн хайперспектрийн дагуулын тоонд 2019 онд Итали улсын хөөргөсөн PRISMA дагуул багтана. Энэхүү дагуул нь дэлхий орчмыг 615км
өндрөөс тандан, цахилгаан соронзон долгионы үзэгдэх хөх гэрлийн мужаас ойрын нэл
улаан туяаны муж хүртэл (400нм-1010нм) 66 сувгийн мэдээ, ойрын нэл улаан туяаны мужаас дундын нэл улаан туяаны
муж хүртэл (920нм-2505нм) 174 сувгийн мэдээг тус тус хүлээн авна.
Зураглах талбайн өргөн нь 30км ба мэдээний оронзайн шийд нь 30м юм. Үүнээс
гадна, тус дагуул нь 5м-ийн оронзайн шийдтэй панхроматик мэдээ хүлээн авдаг тул
уг мэдээг хэт олон сувгийн мэдээтэй нийлэгжүүлэн төрөл бүрийн сэдэвчилсэн
судалгаанд ашиглах өргөн боломжтой.
.jpg?w=1200)
Одоо
PRISMA дагуулын мэдээг хөдөө аж ахуй, тариалангийн талбайн
хяналт, ойн нөөцийн тооллого, геологийн нарийвчилсан хайгуул, хотын газар
ашиглалтын үнэлгээ, далай, тэнгисийн эрэг орчмын усны экосистемийн судалгаа,
байгаль орчны олон янзын мониторинг зэрэгт түлхүү ашиглахаас гадна, спектр,
оронзайн өндөр нарийвчлал бүхий зурган бүтээгдэхүүнүүд гаргахад ихээхэн
хэрэглэж байна.
.jpg?w=1200)
Мэдээг бэлтгэсэн: Д.Амарсайхан,
ШУА-ийн
Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд:
·
https://www.asi.it/en/earth-science/prisma/
·
https://www.avionews.it/resource/31323-prisma-detected-vegetation-water-content-in-peru-recognizing-well-irrigated-fields-and-droughts.html
·
https://www.planetek.it/eng/projects/prisma
Бусад мэдээлэл