Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол орны хөрс судалгааны чиглэлийн бүтээлүүд, эрдэм шинжилгээний ажлын тойм
Монгол орны  хөрс судалгааны чиглэлийн бүтээлүүд, эрдэм шинжилгээний ажлын тойм

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хамт олон хөрс судлалын чиглэлээр хэвлэгдсэн ном товхимол, эрдэм, шинжилгээний өгүүлэл, доктор, магистрын дипломын ажил, судалгааны тайлан, газрын зураг, сурах бичиг, стандартуудын мэдээллийг эмхэтгэн лавлах ном болгон хэвлүүлжээ (Батхишиг & Ганзориг., 2022). Энэ эмхэтгэлд монгол, орос, англи хэл дээр хэвлэгдсэн хөрсний судалгааны 3000 гаруй бүтээлийн мэдээлэл багтсан байна. Салбар шинжлэх ухаанд хэвлэгдсэн бүтээлийн жагсаалтыг нэг дороос харах нь тухайн салбарт суралцаж байгаа оюутан болон ажиллаж байгаа судлаачдад эрдмийн ажлаа бүтээхэд цаг зав хэмнэхээс гадна судалгааны ерөнхий чиг хандлага, хөгжил дэвшил мөн сул орхигдуулсан орон зайг олж тогтоох боломж олгодог. Энэхүү лавлах ном нь хөрс судлалтай холбоотой чиглэлээр судалгаа хийж буй оюутан, судлаачдад дээрх боломжийг олгосон бүтээл болжээ.

Оросын судлаач Л.И.Прасолов 1912 онд Монгол орны хөрсийг судалсан ажлаа эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хэвлүүлсэн нь анхны хэвлэмэл бүтээлд тооцогдож байгаа ба түүнээс хойш нийт 3000 гаруй хөрс судлалтай холбоотой бүтээл хэвлэгдсэн байна. Эдгээр бүтээлүүдийг эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, эрдмийн зэрэг горилсон бүтээл, судалгааны тайлан, сурах бичиг, стандарт зэргээр нийт 10 ангилан 1910 оноос эхлэн арванаар бүлэглэн 2021 он хүртэл нийт хэдэн бүтээл хэвлэгдсэнийг доорх зургаар харууллаа.



Монгол оронд 1910-1950 он хүртэл 40 жилийн хугацаанд хэвлэгдсэн нийт бүтээлийн тоо 30 хүрэхгүй шахам байжээ. Тэдгээрийг төрлөөр нь хувааж үзвэл ном 6, монгол хэл дээрх өгүүлэл (хуучин монгол бичгээр) 5, орос хэл дээрх өгүүлэл 9, зураг 3, судалгааны тайлан 2 тус тус байна. 1950-аад оноос эхлэн Монгол орны хөрсөн бүрхэвчийг судлан эрдмийн зэрэг горилсон бүтээлүүд хэвлэгдэж, дотоод гадаад хэл дээрх өгүүллийн тоо нэмэгдэж, анхны сурах бичиг хэвлэгдэн бүтээлийн тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж эхэлсэн байна. 1950-1960 он хүртэлх арван жилийн хугацаанд нийт 23 бүтээл хэвлэгдсэн бол 1960-1970 онд хэвлэгдсэн бүтээлийн 2 дахин нэмэгдсэн байна. Энэ үеүдэд Монгол хэл дээр хэвлэгдсэн өгүүллийн тоо өсcөн байна. Хөрс судлалын шинжлэх ухаан дэлгэрэх үндэс болох сурах бичгийн тоо 1950-1960 онд 1 (анхных) байсан бол 1960-1970 онд 7 сурах бичиг хэвлэгдэж байжээ. Мөн 1960-1970 оны хооронд 3 хүн хөрс судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалан боловсон хүчин нэмэгдэн цаашдын бүтээлийн тоо нэмэгдэхэд чухал түлхэц болжээ. 1970-1980 оны хооронд хэвлэгдсэн бүтээлийн тоо огцом өсөж 357 хүрсэн ба энэ нь өмнөх арванаас 6 дахин их үзүүлэлт юм. Дараагийн арван буюу 1980-1990 онд хэвлэгдсэн бүтээлийн тоо өмнөх арванаас 2 дахин нэмэгдэн 640 гаруй болжээ. Гэхдээ энэ үед докторын зэрэг хамгаалсан хүний тоо, хэвлэгдсэн ном өгүүлэл, сурах бичгийн тоо өмнөх арванаас төдийлөн өсөөгүй ба харин судалгааны тайлан, түүнийг дагаж хийгдсэн газрын зургийн тоо 3-4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Эрдмийн зэрэг хамгаалсан тоо

Шинжлэх ухааны хөгжил дэвшил, тасралтгүй үргэлжлэх үйл явцын гол үндэс суурийн нэг нь боловсон хүчин бөгөөд Монгол орны хөрсийг судлан нийт 150 гаруй хүн докторын зэрэг хамгаалсан бол 170 гаруй хүн магистрын зэрэг хамгаалсан байна. Эрдмийн зэрэг хамгаалсан тоог жил бүрээр нь авч үзэн доор графикаар харууллаа.


Хөрс судлалтай холбоотой Монголын анхны эрдмийн зэрэг горилсон бүтээл 1957 онд Москва хотод хэвлэгдэж байжээ. Үүнээс хойш 7 жилийн дараа 1964 онд дараагийн докторын зэрэг горилсон бүтээл хэвлэгдсэн байна. 1990 он хүртэл зарим жилд 0, зарим жилд 2-3 хүн докторын зэрэг хамгаалсан. 1990 оноос хойш хөрс судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалах тоо нэмэгдэж жил дараалан 2-5 хүн хамгаалж эрдмийн зэрэг горилсон бүтээлээ хэвлүүлж байжээ. Хамгийн их хүн буюу 10 хүн 2010 онд докторын зэрэг хамгаалсан байна. Сүүлийн жилүүдэд буюу 2018, 2020, 2021 онуудад тус тус 1 хүн хөрс судлалтай холбоотой сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна.

Магистрын зэрэг хамгаалсан бүтээл 1999 оноос эхлэн бүртгэгдсэн ба тэр цагаас хойш жилд дунджаар 7 хүн хөрс судлалын шинжлэх ухаантай холбоотой сэдвээр магистрын зэрэг хамгаалж иржээ. 2010 оноос магистрын судалгааны ажлаараа хөрс судлалыг сонгох оюутны тоо нэмэгдэн жилд дунджаар 10 гарсан ба 2013 онд хамгийн их буюу 20 хүн хөрс судлалын чиглэлээр магистрын зэргээ хамгаалжээ.

Гадаад хэл дээрх бүтээлүүд

Судлаачид өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээлээ зөвхөн дотоод гэлтгүй гадаад орны хэл дээр хэвлүүлэх нь бүтээлийн чанар сайжрах, нийтэд хүртээмжтэй байдал нь нэмэгдэх, зохиогчийн эрхээ баталгаажуулах, судлаачийн үнэлэмж байр сууриа бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа сайжруулах зэрэг олон давуу талуудтай байдаг. Монгол орны хувьд хөрс судлаачид өгүүллээ голчлон орос болоод англи хэл дээр хэвлүүлж ирсэн бөгөөд он цагийн хувьд хэвлүүлсэн бүтээлийн тоо хэрхэн өөрчлөгдөж ирснийг авч үзье.


Монгол орны хөрс судлалтай холбоотой анхны өгүүлэл орос хэл дээр 1912 онд хэвлэгдсэн ба 13 жилийн дараа 1925 онд 2 дах өгүүлэл мөн орос хэл дээр хэвлэгдсэн байна. Үүнээс хойш 1972 он хүртэл зарим жилд 1-2 өгүүлэл орос хэл дээр хэвлэгдэж ирсэн ба 1973 онд 8 өгүүлэл хэвлэгдэж байжээ. 1973 оноос орос хэл дээр хэвлэгдэн гарах өгүүллийн тоо нэмэгдсэн ба 1984 онд хамгийн их буюу 32 өгүүлэл орос хэл дээр хэвлэгджээ. 1985-1998 он хүртэл орос хэл дээр хэвлэгдэх өгүүллийн тоо дунджаар жилд 3 болон буурсан ба 1999 оноос эхлэн буцаж өсөж эхэлсэн байна.

Англи хэл дээрх анхны өгүүлэл 1981 онд хэвлэгджээ. Үүнээс хойш 2000 он хүртэл цөөн, зарим жил бүтээл хэвлэгдээгүй явсан байна. 2000 оноос хойш англи хэл дээрх өгүүллийн тоо огцом нэмэгдсэн ба одоог хүртэл өсөх хандлагатай байсаар байна. Хамгийн сүүлд 2021 онд 44 өгүүлэл англи хэл дээр хэвлэгдсэн нь хамгийн их бүтээл хэвлэгдсэн жил болж байна. 2000 оноос эхлэн англи хэл дээр хэвлэгдсэн өгүүллийн тоо орос хэл дээр хэвлэгдсэн өгүүллийн тоог давжээ.

Мэдээг бэлтгэсэн: Т.Тэлмэн

“Тэлмэн, Т. 2022. Монгол орны  хөрс судалгааны чиглэлийн бүтээлүүд, эрдэм шинжилгээний ажлын тойм. Монголын хөрс судлал сэтгүүл 7, 31-37. 


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө