Сибирь жодоо (Abies sibirica L.) нь мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд Ижил мөрөн, Туркистан, Шинжаан, Монгол орны нутаг дэвсгэрт тархан ургадаг. Энэхүү мод нь хүйтэн сэрүүн бүсийн тайга, чийглэг хөрстэй гол нуурын сав нутаг, д.т.д 1900-2400 м өндөрлөг газарт ургана.
Зураг-1. Сибирь Жодоо (Abies sibirica L.)
Сибирь жодоо нь
жавар, сүүдэрт маш тэсвэртэй сүүдэрсэг мод бөгөөд 200 гаруй насалдаг. Манай
орны нөхцөлд дунджаар 20-25 м өндөр, ургах орчин нь бүрдсэн таатай нөхцөлд 40 м
хүртэл өндөр, 36 см бүдүүн ургадаг.
Сибирь жодоог Монгол орны улаан номд оруулж, тархац нутгийг улсын тусгай хамгаалалтанд авсан ба 1995 оноос нэн ховор ургамлын жагсаалтанд бүртгэсэн байна. Жодоо зонхилсон ой нь Монгол орны байгалийн ойн талбайн 0.01%, нөөцийн 0.02%-ийг эзэлдэг байна. Жодооны тухай бичих болсон үндсэн шалтгаан нь улсын хэмжээнд зохион байгуулсан ойн бүртгэл тооллогын ажлын явцад Мөнгөнморьт сумаас зүүн хойш 80 км зайд алслагдсан ойд тааралдсан жодооны тархалтыг шинэчлэн тэмдэглэсэн болно.
Монгол орны ойг системтэй бүртгэн тоолох ажил улсын хэмжээнд “Олон Зорилтот Үндэсний Ойн Тооллого” нэртэйгээр зохион байгуулагдсан ба судлаачийн зүгээс миний бие “Ойн Хайгуул” ХХК-тай хамтран Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Баянцогт, Цээл, Заамар, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын ой бүхий нутаг дэвсгэрт 4х4км, 9х9км зайтайгаар торлон байршуулсан хатуу цэгт тусгайлан боловсруулсан арга зүйн дагуу олон зорилтот ойн тооллогын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тус олон зорилтот ойн тооллогын ажлыг Мөнгөнморьт сумын ой бүхий нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэж байх хугацаанд Эмтийн амны Эмтийн голын эхэнд шинэс, хус, гацууран холимог ойд жодоо ургаж байгаатай тааралдан, холбогдох хэмжилтийг хийж, байршлыг тэмдэглэв. Жодоо нь тус ойд 200 гаруй метр зурвас талбайд тархан ургасан байх ба газарзүйн солбицлын хувьд хойд өргөргийн N48.692, зүүн уртрагийн E108.656 цэгт байрлана. Тус ойд ургаж буй жодоо нь 70 хүртэл насны, 10 м хүртэл өндөртэй, 16 см хүртэл диаметртэй харьцангуй залуу моднууд байсан болно (зураг-1). Түүнчлэн Жодоо бүхий ой нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Нартын голын эхэнд (уулын дундаас дээш хэсэгт) тааралдсан болно.
Зураг-2.Монгол орны Жодооны шинэ тархалт
Монгол оронд Сибирь Жодоо нь Хэнтийн нурууны баруун хойт хэсэг Ерөө сумын Бугант, Толгойт голоос Минжийн даваа хүртэл, Хөвсгөл аймгийн Шишхэд голын адаг, Жалга, Жамц, Бусын голуудын сав газруудад бага хэмжээгээр тархан ургадаг болохыг тэмдэглэсэн байдаг. Харин Мөнгөнморьт сумын ой бүхий нутаг дэвсгэрийн Эмтийн ам, Эмтийн голын эхэнд ургасан Жодоо нь Монгол орны жодооны тархалтын хамгийн урд хил болж байгаагаараа онцлог болж байна (зураг-2).
Доктор,
П. Баттулга
ШУА-ийн
Газарзүй, Геоэкологийн хүрээлэн
Ойн
нөөц, ой хамгааллын салбар