Өнгөрсөн хугацаанд гурван улсын шинжлэх ухааны байгууллага, ШУА-ийн харъяа холбогдох хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгааны ажил, экспедиц, олон улсын хурал семинар зэргийг амжилттай зохион байгуулж тус бүрийн үр дүнгээ харилцан солилцож, хамтран ажиллаж ирсэн.
Энэ удаа Монголын ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгээс Хятад-МонголОрос хөрш орнуудын хамтарсан “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН УРТ ХУГАЦААНЫ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ” (Long Term Environmental and Socio Economic Research Project)-ийн саналыг санаачлан боловсруулж байна.
Төслийн үндсэн зорилго нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын дагуух байгалийн ялгавартай бүс нутгуудад мониторингийн тогтолцоог бүрдүүлэх, тэдгээр мониторингийн тогтолцоо буюу суурин судалгааны төвүүдийг түшиглэн хүрээлэн буй орчны өөрчлөлтийг нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан урт хугацаанд судлахыг зорьж байна.
Энэхүү төсөл нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжихээр батлагдсан нийт 32 төслийн “Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн салбар дахь хамтын ажиллагаа” болон “Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа ба боловсрол”-ын салбарын мега төслүүдийн хүрээнд хэрэгжиж чадахуйц төслийн нэг юм.
Тухайлбал “Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн салбарт хамтарсан удирдлагын болон мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох”, “Талуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тухай мэдээллийн солилцоог урагшлуулж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг солилцох, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх” зэрэг төслийн сэдвүүдтэй нийцэж байгаа юм. Хэдийгээр гурван улсын эдийн засгийн коридорын дагуу хамтарсан төсөл хэрэгжиж эхлээгүй ч бидний энэхүү санаачилж буй төсөл нь анхдагч төсөл болон хэрэгжих боломжтой юм.
Уг төсөл нь Хятадын “Нэг зам-Нэг бүс” санаачилга, мөн ОХУ-ын Транс-сибирийн эх газрын гүүр сүлжээ, Монгол улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор зэрэг санаачилгатай бүрэн нийцсэн, хэрэгжих өндөр боломжтой төсөл болж байгаагаараа онцлогтой.
Тус төсөл хэрэгжсэнээр Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын дагуух байгалийн бүс бүслүүрийг хамарсан анхны хүрээлэн буй орчин ба нийгэм эдийн засгийн цогц судалгаа хийгдэх бөгөөд энэ нь цаашид шинжлэх ухааны мэдээллийн том талбар болж улмаар эдийн засгийн бусад салбарын хамтарсан төслүүдийн суурь мэдээлэл, үндэс суурь болох юм. Мөн түүнчлэн энэхүү төсөл нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Уг төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллагаар МУ-ын ШУА болон түүний харья Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар Хятадын ШУА, Хятадын ШУА-ийн Баруун хойт бүсийн Хүрээлэн буй орчин ба Байгалийн нөөцийн хүрээлэн, Хятадын ШУА-ийн Газарзүйн Шинжлэх ухаан ба Байгалийн Нөөц Судлалын хүрээлэн болон Оросын ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн Салбарын Байкал Байгалийн менежментийн хүрээлэн, Оросын ШУА-ийн Сибирийн Салбарын В.И.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэн ажиллах юм.
Улаанбаатар хотод зохион байгуулж буй энэхүү уулзалтад эдгээр байгууллагуудын удирдлага, тэргүүлэх эрдэмтэн нар оролцож байна.
2018.11.16