ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ, ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН БА ЯПОНЫ ДАЛАЙН СУДАЛГАА, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АГЕНТЛАГ (JAMSTEC) БОЛОН ХОККАЙДО ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН ЦЭВДЭГТ ҮЗЭГДЛҮҮДИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХИЙЛЭЭ.
2025 оны 08 сарын 25-наас 09 сарын 11-ний хооронд Монгол орны цэвдэгт үзэгдэл бүхий газруудын гадаргын хэв шинж, түүний төрөл зүйлүүдийн өөрчлөлтийг өндөр нарийвчлалтайгаар зураглах, тухайн маршрутын дагуу байрлах цэвдгийн мониторингийн цооногуудын мэдээг хурааж авах зэрэг ажлуудыг хамтран хийж гүйцэтгэв.

Зураг 1. Хээрийн судалгааны үеэр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан судалгаа хийж буй байдал.
Зургийн эх сурвалж: Natalya Saprunova

Зураг 2. Хээрийн судалгааны үеэр Завхан аймгийн Жарамтайн голын хөндийн бөөргүүдэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан судалгаа хийж буй байдал.
Зургийн эх сурвалж: Natalya Saprunova
Хүйтний үзэгдэл бүхий газрын гадаргын өөрчлөлтийг зураглах ажлын хүрээнд Ренчинлхүмбэ сумын Арсай бөөрөг, термокарстын нуур, нохойн хонхор, Цагаан-Уул сумын Мөнгөтийн бөөрөг, Завхан аймгийн Жарамтайн голын хөндийн бөөргүүд, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чулуутын бөөрөг, термокарстын нуур болон Баянхонгор аймгийн Галуут сумын Галуутын бөөрөг зэрэг газарт DJI брэндийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан өндөр нарийвчлалтай агаарын зураг авч, зураглалын анхан шатны өгөгдлүүдийг бүрдүүлэв.

Зураг 3. Хээрийн судалгааны үеэр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нохойн хонхор тархсан газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан судалгаа хийж буй байдал.
Энэхүү судалгааны үр дүнгээр цэвдэгт бүсэд тархсан бөөрөг, термокарстын нуурууд, нохойн хонхруудын тархалт, онцлогийг илүү нарийн тогтоох боломж бүрдэхээс гадна хүйтний гаралтай үзэгдлүүдийн өөрчлөлтийг цаг уурын хүчин зүйлтэй уялдуулан судлах суурь материал болох ач холбогдолтой.

Зураг 4. Хээрийн судалгааны үеэр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байрлах цэвдгийн мониторингийн цооногийн мэдээг авч буй байдал.
Мөн хээрийн хэмжилтийн явцад Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын нутгаар явж, цэвдгийн мониторингийн 30 гаруй цооногийн температурын мэдээг хураан авлаа.
Мэдээг бэлтгэсэн: ГГХ-ийн Цэвдэг судлалын салбар
Бусад мэдээлэл