Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Радарын зураглалын анхны хиймэл дагуул
Радарын зураглалын анхны хиймэл дагуул

Дэлхийн улс, орнууд байгаль, цаг уурын ямар бүсэд оршиж байгаагаас нь шалтгаалан, тэдгээрийн агаар мандлын төлөв байдал янз бүр байдаг. Тухайлбал, дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт, эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны ихэнх нутгийн хувьд, жилийн 4 улирлын 260 гаруй хоногт нь цэлмэг тэнгэртэй байдаг бол экваторын бүсийн орнууд ихэнхдээ үүл, манантай байна.

Радарын буюу идэвхтэй тандан судлалд аливаа биет, юмсыг судлахын тулд радарын антеннаас цацруулсан янз бүрийн урттай богино долгионыг ашигладаг тул тухайн долгион атмосферын ямар ч төлөвийг саадгүй нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл, богино долгионы тусламжтайгаар эх дэлхийг өдөр, шөнө, цаг агаар, атмосферын ямар ч нөхцлөөс (үүл, бороо, цас, шуурга, бүрхэг тэнгэр, гэх мэт) үл хамааран зураглах боломжтой.

Радарын тандан судалгаанд аливаа объектыг судлахын тулд, 0.3 GHz-ээс 40 GHz хүртэл давтамжтай буюу 0.75см-ээс 1м хүртэл урттай долгионуудыг ашигладаг. Тухайн тандалтын зорилго, радарын системийн болон судлан илрүүлэх гэж буй биетийн онцлогоос хамааран дор дурдсан долгионы давтамж, урт бүхий сувгууд ашиглагддаг (Хүснэгт 1).

 

Суваг

Давтамж (GHz)

Долгионы урт (см)

 

1

Ka

26.5–40.0

1.1–0.75

2

K

18.0–26.5

1.7–1.1

3

Ku

12.5–18.0

2.4–1.7

4

X

8.0–12.5

3.75–2.4

5

C

4.0–8.0

7.5–3.75

6

S

2.0–4.0

15–7.5

7

L

1.0–2.0

30–15

8

P

0.3–1.0

100–30

 

Хүснэгт 1. Радарын долгионы сувгууд, тэдгээрийн

давтамж болон уртууд.

 

Радарын техник нь XX-зууны эхээр бий болсон бөгөөд анхны амжилттай туршилтыг Германы зохион бүтээгч К.Хюлсмейер хийжээ. Тэрээр өөрийн туршилтаар, өтгөн манан дундаас хөлөг онгоцыг илрүүлж үзүүлсэн байна. Улмаар тухайн үеийн хөгжингүй орнууд өөр, өөрсдийн радарын технологийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд уг ажил дэлхийн 2-р дайны үеэр нэн эрчимжжээ. Дайны үед радарын техник болон түүнээс цацруулсан сигналыг эсрэг талын хөлөг онгоц, нисэх онгоцуудын тоо, байршил, чиглэлийг илрүүлэхэд ашигладаг байсан байна.

Зураглал хийдэг буюу дүрс мэдээ хүлээн авдаг радарын систем 1950-иад оноос бий болсон бөгөөд анхны зураглалын зориулалт бүхий радарын системүүдийг онгоцон дээр суурилуулан, см-ийн урт бүхий долгионыг тодорхой өнцгөөр хажуу чиглэлд цацдаг байсан учир хажуу хараатай агаарын радар (side-looking airborne radar) буюу SLAR систем гэж нэрлэдэг байсан байна. Уг систем нь онгоцны нислэгийн өндөр, антенны урт хоёроос ихээхэн хамааралтай байсан ба платформын өндөр намхан байх тусам радарын зургийн ялгах чадвар өндөр байжээ.


Зураг 1. Эх дэлхийг тандах анхны радарын Seasat дагуул.

 

Сансар судлалын салбарт ажилладаг эрдэмтэд синтетик апертуртай радар (САР)-ын асуудлыг шийдсэнээр радарын тандан судалгаа нь шинэ шатанд гарч, сансраас эх дэлхийг системтэйгээр тандах боломжтой болсон юм. Анхны сансраас эх дэлхийн тухай мэдээг хүлээн авах САР-ын дагуулыг АНУ нь 1972–1974 онуудад агаарын түвшинд хийсэн туршилт дээрээ тулгуурлан 1978 онд хөөргөсөн бөгөөд 800км өндрөөс 23см урттай долгион ашиглан, 17 хоногийн цаг хугацааны давтамжтайгаар далай, тэнгисийг судлах зориулалт бүхий уг хиймэл дагуулыг Seasat (Зураг 1) хэмээн нэрлэсэн байна.

2013 онд Seasat дагуулыг хөөргөсний 35 жилийн ойг тохиолдуулан АНУ нь уг хиймэл дагуулаас хүлээн авсан радарын мэдээнүүдийг олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд энэ нь олон орны эрдэмтэд, судлаачдад шинэ боломжийг олгосон юм. Зураг 2-д Seasat дагуулаас хүлээн авсан АНУ-ын Лос-Анжелес хотын зургийг харуулав.

 

 

Зураг 2. Seasat дагуулаас хүлээн авсан АНУ-ын Лос-Анжелес хотын радарын зураг.

Мэдээг бэлтгэсэн:     Д.Амарсайхан, Г.Цогзол, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн

 

Эх сурвалжууд:

 

1.      Alaska Satellite Facility Celebrates Seasat 35th Anniversary. University of Alaska Fairbanks. Archived from the original on 8 July 2013.

2.      Seasat-1, 2013, NASA's Earth Observing System, https://eospso.nasa.gov/missions/seasat-1.

3.      Watson, R. and Raymond, C., 2009, Radar origins worldwide: History of its evolution in 13 nations through World War II. Trafford Publishing. ISBN 978-1426921117, pp.404.

4.      Seasat, 2012, https://www.eoportal.org/satellite-missions/seasat#mission-status.


Бусад мэдээлэл
SMAP Хиймэл Дагуул
1 сарын өмнө
ЭМГЭНЭЛ
1 сарын өмнө