Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХЭТ ТАЛХЛАГДСАН БЭЛЧЭЭРИЙГ НӨХӨН СЭРГЭЭЖ БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА, АРГАЧЛАЛЫГ МАЛЧДАД ТАНИУЛАХ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 “ХЭТ ТАЛХЛАГДСАН БЭЛЧЭЭРИЙГ НӨХӨН СЭРГЭЭЖ БЭЛЧЭЭРИЙН УРГАЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА, АРГАЧЛАЛЫГ МАЛЧДАД ТАНИУЛАХ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбарын судлаачид Канад улсын санхүүжилтээр хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь (ЭККО-ФАРМ)” төслийн багтай хамтран “Бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны суурин төв”-д Булган аймгийн Хутаг-Өндөр, Гурванбулаг, Сэлэнгэ аймгийн Хушаат, Төв аймгийн Борнуур, Хөвсгөл аймгийн Их-Уул сумдын Засаг Даргын Тамгын Газрын удирдах ажилтан, албан хаагч болон малчдад “Хэт талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх арга, аргачлалыг малчдад таниулах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд тус 4 аймгийн 5 сумын орон нутгийн удирдах ажилтнууд болон малчдын 40 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтыг зохион байгуулахаар “ЭККО-ФАРМ” төслийн орон нутгийн зохицуулагч З.Батзориг, төслийн зөвлөх, доктор Ж.Сэргэлэнхүү, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор М.Уртнасан, эрдэм шинжилгээний ажилтан В.Баярмаа, О.Ерөөлт, Б.Мөнхтөр, Г.Цолмонбаяр, доктор Д.Алимаа нар ажиллав. Сургалтын үеэр  эрдэм шинжилгээний ажилтан В.Баярмаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн гол зорилго нь тухайн сум, орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж цаашид авах арга хэмжээг тодорхойлох байв.

Сургалтанд оролцогчид сургалтын агуулгыг өндөр ач холбогдолтой гэж үзэж, бэлчээрийн доройтлыг бууруулахад шинэ арга, шийдлийг нутагшуулах, туршлага солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэд цаашид ижил төрлийн сургалт, туршилтын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд өргөжүүлэн зохион байгуулах, олон малчдыг хамруулах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн. Сургалтын төгсгөлд оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хамтран ажилласан судлаачид болон төслийн багийнханд талархал илэрхийлсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлыг тарьж ургуулах, бэлчээрийг нөхөн сэргээхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж дүгнэв.

Сургалтын дараа Булган аймгийн Засаг Даргын Тамгын Газрын удирдах албан тушаалтнууд болон Гурванбулаг сумын Засаг Даргын Тамгын Газрын хамт олонтой уулзалт ярилцлага хийсэн бөгөөд цаашид тус суурин судалгааны төвд түшиглэн хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Газарзүйн мэдээллийн систем, зурагзүйн салбар

2025.10.30


Бусад мэдээлэл