Вэбсайтын цэс
Хэлний сонголт
РАЖИВ ГАНДИЙН НЭРЭМЖИТ ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУДАД “ГАЗРЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ, БИДНИЙ ӨВ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ХАМТАРСАН СУРГАЛТ, СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
РАЖИВ ГАНДИЙН НЭРЭМЖИТ ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУДАД “ГАЗРЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ, БИДНИЙ ӨВ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ХАМТАРСАН СУРГАЛТ, СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 6-р сарын 17-ы өдрийг олон улсын “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдрийн зорилго нь цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, түүний хор уршгийг танин мэдүүлэх замаар олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Мөн цөлжилт, газрын доройтлын эсрэг хүн бүрийн хичээл зүтгэл чухал болох, түүнтэй энгийн аргаар тэмцэх боломжтой бөгөөд, сааруулах технологийн олон шийдлүүд байгааг олон нийтэд сурталчлах явдал юм.

Тус өдрийг угтан Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн, судлаачид цөлжилт, газрын доройтлын тухай ерөнхий мэдлэг олгох, цөлжилттэй тэмцэх арга замыг сурталчлах зорилгоор Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн суралцагч оюутнуудад “Газрын төлөө нэгдэцгээе, бидний өв, бидний ирээдүй” сэдэвт сургалтыг 2024 оны 6-р сарын 4-ний өдөр зохион байгууллаа.


Зураг 1. Сургалтад оролцогчид хамтдаа зураг даруулав

Тус үйл ажиллагааны хүрээнд доктор Ц.Ганчөдөр, эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюундарь, Д.Отгонцэцэг, Н.Төгөлдөр, Ц.Энхтөр зэрэг судлаачид цөлжилт, газрын доройтлын тухай ерөнхий ойлголт, өнөөгийн төлөв байдал, түүнийг сааруулах арга зам, технологийн шийдлүүд сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.






Зураг 2. Судлаачид өөрсдийн судалгааны чиглэлээр лекц танилцуулж байна

Сургалтад тус коллежийн 7 ангийн, 110 оюутан хамрагдсан бөгөөд газарзүй, аялал жуулчлалын чиглэлээр дагнан суралцаж буй оюутан сурагчид 100%-ийн ирцтэйгээр хамрагдсан байна. Сургалтын явцад оюутан сурагчид асуулт асууж, харилцан санал бодлоо хуваалцан идэвхтэй оролцлоо. 


Зураг 3. Оюутан сурагчид лекцэд идэвхтэй хамрагдлаа

Энэхүү сургалт, семинарыг зохион байгуулснаар, бидний ирээдүй болсон залуу үеийн төлөөллүүд байгаль орчноо танин мэдэх, хайрлан хамгаалахад уриалан дуудах, оролцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байна. 

Сургалт, семинарыг зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн удирдлага, багш нарт гүн талархал илэрхийлье.


Мэдээ бэлтгэсэн: Н.Төгөлдөр

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар

2024.06.04



Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
2 өдрийн өмнө