Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮСҮҮД ДЭХ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ҮЙЛ ЯВЦЫН МОНИТОРИНГ СУДАЛГАА, СААРУУЛАХ АРГА ЗАМ” төслийн хүрээнд хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэв
“МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮСҮҮД ДЭХ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ҮЙЛ ЯВЦЫН МОНИТОРИНГ СУДАЛГАА, СААРУУЛАХ АРГА ЗАМ” төслийн хүрээнд хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэв

Цөлжилт, газрын доройтлын асуудал нь дэлхийн улс орнуудын байгаль орчны болон хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгэм эдийн засагт ноцтой хохирол учруулах түвшинд хүрээд байна. Цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон болохыг тогтоосон байгаа явдал нь үндэсний хэмжээнд ноцтой аюул учраад байна хэмээн дүгнэж болох юм. Манай оронд явагдаж буй цөлжилт газрын доройтлын үйл явцыг нарийвчлан, урт хугацаанд судлах, түүнтэй тэмцэх технологийн туршилт судалгааг явуулах үүднээс ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны санхүүжилтээр “МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮСҮҮД ДЭХ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ҮЙЛ ЯВЦЫН МОНИТОРИНГ СУДАЛГАА, СААРУУЛАХ АРГА ЗАМ” сэдэвт суурь судалгааны ажлыг 2022-2023 онд хэрэгжүүлж байна.

Төслийн үндсэн чиглэл:

1.       Монгол орны харилцан адилгүй бүс нутгуудыг төлөөлүүлэн сонгосон мониторингийн цэгүүдэд цөлжилт, газрын доройтолд нөлөөлөх хүчин зүйлс (газар ашиглалт, нийгэм эдийн засаг, уур амьсгал, геоморфологи, ус, хөрс, ургамал г.м)-ийн харьцуулсан мониторинг судалгаа явуулж, учир шалтгааныг илрүүлэх;

2.       Суурин судалгааны төвийг түшиглэн станцын туршилт судалгааны ажлын хүрээнд цөлжилт газрын доройтлыг бууруулах технологийн (байгалийн нөхөн сэргээлт, элсний нүүлтийг сааруулах механик хамгаалалт, хамгаалалтын ойн зурвас байгуулах, орон нутгийн ховор ховордсон модлог ургамлыг тарьж ургуулах, ганд хуурайшилд тэсвэртэй ургамлыг нутагшуулах, бордоо болон усалгааны зохистой хувилбарыг илрүүлэх г.м) мониторинг судалгааг явуулж, практикт нэвтрүүлэх боломжийг тодорхойлох;

3.       Суурь судалгааны үр дүнд цугларсан мэдээ, материал, судалгааны үр дүнг нэгтгэсэн  мэдээллийн санг баяжуулж, ард иргэдэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулна;

Мониторинг судалгааны хүрээнд хээр, хуурай хээрийн бүсийг төлөөлүүлэн Говь сүмбэр аймгийн Баянтал болон Сүмбэр, Шивээговь сумд 15, Төв Монголын хээрийн бүсийг төлөөлүүлэн  Булган аймгийн Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Эрдэнэсант, Архангай аймгийн Хашаат сумдын нутагт 16, тариалангийн бүс нутгийг төлөөлүүлэн Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт 12 мониторингийн цэгийг баталгаажуулсан бөгөөд, хөрсний 108, усны 17 дээж авч, ургамлын 170 ургамлын бичиглэл үйлдэж, 34 биомассын дээж авав. Мөн цөлжилт, газрын доройтлоос үүдэлтэй ХАА-н бүтээгдэхүүний хэмжээнд гарч буй хохирол, цөлжилт, газрын доройтолд нөлөөлөх хүчин зүйлсийг эрэмбэлэх зорилгоор 41 өрхөөс санал асуулга авч, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны болон сумын удирдлагатай уулзалт хийв.


Монгол орны байгалийн бүс, бүслүүрт урт хугацааны туршилт, судалгааны төвүүдийг байгуулах ажлын хүрээнд Газарзүй, Геоэкологийн хүрээлэн нь Булган аймгийн Рашаант сумын Элсэн тасархай, Говь сүмбэр аймгийн Сүмбэр сум, Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой хэмээх газруудад “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах технологи туршилт, мониторинг” явуулах суурин судалгааны станц байгуулан, урт хугацаанд судалгаа явуулах эхлэлийг тавиад байна. Цөлжилт газрын доройтлыг бууруулах технологийн мониторинг судалгааг эдгээр судалгааны төвийг түшиглэн явуулж, практикт нэвтрүүлэх боломжийг тодорхойлох юм.


 

Суурь судалгааны төслийн удирдагч, ЭШАА, доктор Ц.Ганчөдөр, үндсэн гүйцэтгэгчээр ЭШТА, доктор А.Хауленбек, ЭШАА, доктор Н.Мандах, ЭШДэА Н.Өнөр, Д.Отгонцэцэг, Н.Төгөлдөр, Ц.Энхтөр, ЭШДаА О.Ишцог, Б.Оюундарь, ЭШТуА Д.Оюунцэцэг, М.Баярбат, Ц.Энхбат, Д.Мөнхбат нар ажиллаж байна.

 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн

Цөлжилтийн судалгааны салбар

2023.09.14


Бусад мэдээлэл
“Ой ба Хүнс”
13 өдрийн өмнө
“Ой ба Хүнс”
13 өдрийн өмнө