МОНГОЛ УЛСАД УСНЫ ЗУРАГ ТӨСӨЛ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ
2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хурлын танхимд Монгол Улсад усны зураг төсөл, судалгаа шинжилгээний байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
1965 онд МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр Усны аж ахуйн яамны харьяанд Усны хайгуул, судалгаа, зураг төслийн институт байгуулснаар Монгол Улсад усны зураг төсөл, судалгаа шинжилгээний байгууллагын үндэс тавигдсан нь энэхүү түүхэн ойн арга хэмжээний гол сэдэв байв.
Ойн баярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж, үе үеийн эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд болон ОХУ, Унгар улсын усны салбарын төлөөлөл оролцов.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал, усны асуудал хариуцсан сайд Б.Батбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Э.Бат-Амгалан, ШУА-ийн Ерөнхийлөгч академич С.Дэмбэрэл, Усны газрын дарга З.Батбаяр нар баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Баярын хурлын үеэр байгууллагын түүхэн замнал, үе үеийн салбар нэгжүүдийн төлөөллийн илтгэл, ахмад үеийн дурсамжийг хуваалцаж, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, Монгол Улсын унд ахуйн болон хөдөө аж ахуйн ус хангамж, усны барилга байгууламжийн зураг төсөл, судалгаа шинжилгээний салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь онцлон тэмдэглэлээ.



Бусад мэдээлэл