Тун удахгүй Япон улсын Агаар-сансрыг
судлах агентлаг болох JAXA байгууллага ALOS (Advanced Land
Observing Satellite)-3 хиймэл дагуулыг хөөргөхөөр
төлөвлөөд байна. ALOS цуврал дагуулуудын анхныхыг JAXA байгууллага 2006
оны 1-р сарын 24-нд хөөргөсөн бөгөөд уг дагуул нь AVNIR (Advanced Visible and
Near Infrared)-2,
PRISM (Panchromatic Remote-sensing Instrument for Stereo Mapping) зэрэг оптикийн, PALSAR
(Phased Array type L-band Synthetic
Aperture Radar) нэртэй синтетик апертурт радарын
сенсорыг өөртөө агуулж байсан юм.
AVNIR-2 нь хөх, ногоон, улаан гэрлийн, ойрын нэл улаан туяаны мужуудад 70км өргөн зурвасаар 10м оронзайн шийдтэй олон сувгийн мэдээ хүлээн авдаг байсан бол PRISM нь хөх, ногоон, улаан гэрлийн мужийг бүхэлд нь хамарсан 2.5м нарийвчлалтай панхроматик мэдээг 35км өргөн зурвасаар хүлээн авдаг байв. Мөн PRISM нь стерео мэдээг хүлээн авах чадвартай байсан тул уг мэдээг янз бүрийн 3-хэмжээст дүн шинжилгээнд ашигладаг байсан юм. Харин PALSAR нь радарын L-сувгийн мужид өөр өөр нарийвчлалтай мэдээг янз бүрийн өргөн зурвасаар хүлээн авдаг байсан бөгөөд сэдэвчилсэн судалгаанд ихээхэн ашиглагддаг нь 25м оронзайн шийдтэй мэдээ байлаа.
ALOS хиймэл дагуул.
JAXA
байгууллага 2014 оны 5-р сарын 24-нд ALOS-2 дагуулыг Танегашимагийн сансрын төвөөс амжилттай хөөргөсөн ба тус дагуул
дээр 22.9 см долгионы уртад радарын долгионы бүх л туйлшралаар
мэдээ хүлээн авах чадвартай PALSAR-2 сенсорыг байрлуулсан
юм. PALSAR-2 нь Spotlight,
Stripmap, ScanSAR гэсэн хэлбэрүүдээр зураглах чадвартай бөгөөд тус бүрийн хэлбэрүүдийн онцлогоос шалтгаалж
нарийвчлалууд нь өөр өөр байна. Тухайлбал, Spotlight
2.5м хүртэл нарийвчлалтай мэдээ хүлээн авдаг бол ScanSAR
нь 100м оронзайн шийдтэй мэдээ хүлээн авна.
ALOS-2 хиймэл дагуул.
ALOS-3 дагуул нь маш өндөр нарийвчлалтай дүрс мэдээ хүлээн авах чадвар бүхий оптик төхөөрөмжүүдтэй бөгөөд радарын сенсорууд байхгүй. Тус дагуул дэлхий орчмыг 669км өндрөөс цахилгаан соронзон долгионы үзэгдэх гэрлийн болон ойрын нэл улаан туяаны мужид 70км өргөн зурвасаар зураглана. Өмнөх ALOS дагуулын PRISM сенсорын оронзайн шийд 2.5м байсан бол энэхүү дагуулын панхроматик мэдээний нарийвчлал 80см бөгөөд ногоон, улаан гэрлийн болон ойрын нэл улаан туяаны мужийг хамарсан тоон мэдээг хүлээн авна. Харин олон бүсчлэлийн мэдээний хувьд, 6 сувгаар мэдээ хүлээн авах бөгөөд нарийвчлал нь 3.2м юм. ALOS-3 дагуулын мэдээ нь өндөр нарийвчлалтайгаас гадна, стерео мэдээг хүлээн авах чадвартай тул том масштабын байрзүйн зураглалд ашиглах бүрэн боломжтой.
ALOS-3
хиймэл дагуул.
Мэдээг бэлтгэсэн: Д.Амарсайхан,
Г.Цогзол, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Эх сурвалжууд:
·
https://alos-pasco.com/en/alos-3/
·
https://www.eorc.jaxa.jp/ALOS/en/alos/a1_about_e.htm
·
https://global.jaxa.jp/projects/sat/alos3/index.html
·
https://www.pasco.co.jp/eng/satellite/alos-3/