Цэвдэг гэдэг нь тэг буюу түүнээс
доош температурт хоёр буюу түүнээс дээш жил хөлдүү төлөвт орших хөрс чулуулгийг
хэлнэ. Цэвдэг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын нийт хуурай газрын 24%-ийг
эзэлдэг бөгөөд 48 улс орны газар нутагт ямар нэг хэмжээгээр тархсан байдаг. Нийт
цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь 5 улсын газар нутагт ноогддог бөгөөд ОХУ,
Канад, Хятад, АНУ-ын дараа Монгол орон цэвдгийн тархалтаараа тавдугаарт ордог
ба нийт газар нутгийн 29.3%-ийг цэвдэг эзэлдэг.
Уур амьсгалын өөрчлөлт болон
хүний хүчин зүйлийн нөлөөгөөр мөсний агууламж ихтэй, дулаан цэвдэг (-2°С-ээс их
температуртай)-тэй бүсэд цэвдэг эрчимтэй алдарч, тухайн газарт баригдсан хатуу
хучилттай зам, замын байгууламжид суулт, хэв гажилт ихээр үүсэж байгаа талаар цөөнгүй
судалгааны ажил хийгдсэн байдаг. Иймд тухайн цэвдэгтэй бүс нутагт уур амьсгалын
өөрчлөлт, дулаарлын нөлөөнд дасан зохицсон хийц, технологиор инженерийн шугаман
байгууламж болох авто зам, төмөр зам, замын байгууламжийг барих нь цэвдэгтэй
улс орнуудын инженер, техникийн ажилчид болон эрдэмтэн судлаачдын анхаарах гол
асуудлуудын нэг болоод байна.
Монгол Улс нь нийт 112,414.2 км авто замын сүлжээтэйгээс 14918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буюу нийт 7227.5 км нь хатуу хучилттай зам юм. Үүнээс 1424 км нь цэвдэгт бүс нутгийг дайран өнгөрч байгаа боловч зам барилгын ажлын зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлын явцад цэвдгийн нөхцөлийг огт тооцоогүй байна.
Зураг 1. Авто замын эвдрэлийг тодорхойлсон судалгааны ажлын цэгүүд.
2017-2019 оны хооронд Шинжлэх
Ухаан Технологийн Сангаас санхүүжүүлж, ШУА-ийн Газарзүй- Геоэкологийн
хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын судлаачдын хэрэгжүүлсэн “Зарим авто замын
дагуух цэвдгийн судалгаа” сэдэвт ажлын хүрээнд Архангай, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий
аймгийн нутагт явуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд цэвдгийн онцлог, цэвдэг
хөрсөн дээр барих замын далангийн хийц технологийн асуудлуудыг огт тооцоогүй
барьсан замууд 1-5 жилийн дараа хотойж суух зэргээр хэвийн зорчих нөхцөлийг
алдагдуулдаг болохыг тогтоосон. Замын гадаргад 20-40 см хүртэл хотойж, зарим
хэсэгт дагуу хагарлууд үүссэн байна. Эдгээр суултууд нь цэвдэгт агуулагдаж
байгаа мөсний хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдаг.
Үүнээс гадна Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын зохицуулагч Б.Баян-Амгалан, Ай Си Ти Сайн Консалтинг ХХК-ийн зөвлөх багийн ахлагчийн орлогч Ч.Энхжаргал, тус замын үндсэн гүйцэтгэгч Чайна Хуаши ХК-ийн багийн ахлагч Дэнзэн нарын хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын ЭШТА доктор Я.Жамбалжав тэргүүтэй судлаачдын баг Бураатын даваа орчмын авто замын эвдрэлийн шалтгааныг тодорхойлох цэвдэгт- инженер геологийн судалгааг 2021 оны 6 сарын 18-аас 7 сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэсэн.
Зураг 2. Бураатын давааны далангийн хотойж суусан хэсэгт өрөмдөж буй нь.
Бураатын давааны авто замын далангийн эвдрэлтэй хэсгүүдэд геофизикийн цахилгаан эсэргүүцлийн томографын хэмжилт хийж, хэмжилт баталгаажуулах, дээж авах, цэвдгийн температур хэмжих зорилгоор цооногууд өрөмдсөн. Бураатын даваа нь цэвдгийн үргэлжилсэн болон тасалданги тархалтай бүслүүрт оршдог. Өрөмдлөг болон геофизикийн хэмжилтээр авто замын далангийн эвдэрсэн хэсгүүдэд мөсний агууламж ихтэй цэвдэг илэрсэн (Зураг 3).
Зураг 3. Замын даланг дайруулан зүссэн геофизикийн хэмжилтийн үр дүн.
Энэхүү судалгаагаар авто замын
далангийн доорх мөсний агууламж ихтэй цэвдэг гэсэж, замын далангийн гадарга
хотойж, сууж байгааг тодорхойлсон. Замын эвдрэлийг зогсоохын тулд цэвдгийн дээд
хэсгийн улирлаар гэсэж, хөлддөг “идэвхтэй давхарга”-ын гэсэлтийг тогтоон барих
ёстой. Үүний тулд Монгол орны нөхцөлд арав гаруй жил туршиж, практикт
нэвтрүүлсэн “Хөлдөөгч хоолой (Термосифон)”-г авто замын далангийн
доор суурилуулсан.
Термосифон хоолой гэдэг нь 2 фазын пассив хөргөх төхөөрөмж бөгөөд агаарын температур нь хөрсний температураас хүйтэн болсон үед тэр хүйтнийг хөрсний гүнд дамжуулдаг онцлогтой. Хөргөлтийн шингэнд нүүрс хүчлийн давхар ислийг (CO2) ашигласан. Термосифон хоолойн битүүмжлэл алдагдахгүй тохиолдолд, өвлийн улиралтай бүс нутагт тус хоолой нь ямар нэгэн нэмэлт эрчим хүч шаардагдахгүйгээр хэдэн арван жил ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл термосифон хоолой нь өвлийн хүйтэн жавраар ажилладаг, сэргээгдэх эрчим хүч ашигладаг төхөөрөмж юм.
Зураг 4. Замын далан доор суурилуулсан налуу термосифон.
Замын далангийн доор суурилуулсан термосифон хоолойн ёроолын температур нь 2021.11.25 – 2022.02.26-ын хооронд хамгийн багадаа -14°С хүртэл буурсан бол тогтвортойгоор -8°С-аас -10°С-ын хооронд оршино (График 1). Бидний хяналтын мэдээгээр термосифон хоолой замын доорх цэвдгийн идэвхтэй давхаргын дээд хилийг маш сайн хөргөж, цэвдгийн гэсэлтийг тогтвортой барих боломжтойг баталж байна.
График
1. Термосифоны ёроолын болон термосифон хоорондын хөрсний температурын явц,
К80-95, (2021-11-25 ÷ 2022-02-26).
Мэдээ бэлтгэсэн:
Цэвдэг Судлалын Салбар