SMOS хиймэл дагуул
2009 оны 11-р сарын 2-нд Европын сансрын
агентлаг болох ESA байгууллага нь
"Амьд гариг" хөтөлбөрийн хүрээнд SMOS (Soil Moisture and Ocean
Salinity) хиймэл дагуулыг хөөргөсөн. 758
км өндрөөс эх дэлхийн тухай мэдээ хүлээн авах тус дагуул нь радарын L-сувгийг
ашигладаг бөгөөд тусгалын өнцөг нь 98.45 ° градус, харин цаг хугацааны шийд 149
хоног юм.
Зураг 1. Задгай сансар дахь SMOS
хиймэл дагуул.
SMOS дагуулын дүрс мэдээ хүлээн авах гол хэрэгсэл
нь Microwave Imaging Radiometer using Aperture
Synthesis (MIRAS) ба энэ нь 1.4 GHz давтамжтай долгион ашиглан, 1050
км-ийн өргөн зурвасаар 35 - 50 км орон зайн нарийвчлалтай дэлхий орчмыг зураглана.
Мөн SMOS нь хөрсний чийгийг 4%, далайн давсжилтыг 0.5-1.5 практик давсны
нэгжийн нарийвчлалтайгаар хэмждэг байна.
MIRAS нь дараах 3 үйлдлийн горимтой:
1. Бүх хүлээн авагчийг хэвтээ (H) эсвэл босоо (V)
туйлшралд шилжүүлдэг хос туйлшралын горим;
2. Массивын сегментүүдийг H ба V хооронд
урьдчилан тодорхойлсон дарааллын дагуу шилжүүлдэг бүрэн туйлшралын горим;
3. Дотоод системийн тохируулгын горим.
Зураг 2. Далайн давсжилтын
зураг.
Түүнчлэн SMOS хиймэл дагуул нь цаг уур, газар,
ус болон далай судлалын судалгааг сайжруулах үүднээс Sea Surface Salinity-далайн
гадаргуугийн давсжилт (SSS) ба Soil moisture- хөрсний чийг (SM)-ийн ажиглалтыг
хийдэг байна.
SSS нь дэлхийн усны тэнцвэрт байдал, далайн
урсгал, ууршилтын түвшин зэрэг далай дахь биологийн болон физикийн үйл явцыг
судлахад чухал ач холбогдолтой юм. Хөрсний чийгшил нь усны эргэлтийн гол
хувьсагч бөгөөд газрын гадаргуу, эрчим хүчний урсгал нь хөрсний чийгээс ихээхэн
хамааралтай байдаг. Харин SM нь цаг агаар, цаг уурын тоон загвар, түүнчлэн
гадаргын ус, ургамлын мониторинг хийхэд ихээхэн ач холбогдолтой байдаг байна.
2010 онд 8-р сард SMOS хиймэл дагуулаас авсан далайн гадаргын
давсжилт ба хөрсний чийгийн зургийг Зураг 3-т харуулав.
Зураг 3.
SMOS хиймэл дагуулын далайн гадаргын
давсжилт ба хөрсний чийгийн зураг.
(2010 оны 8-р сарын байдал)
Мэдээг бэлтгэсэн: А.Цолмон, Д.Амарсайхан,
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Ашигласан
материал
1.
https://earth.esa.int/eogateway/missions/smos
2.
https://www.researchgate.net/publication/235324846_Remote_Sensing_of_Sea_Surface_Salinity_An_Overview_with_Case_Studies
3.
https://earth.esa.int/eogateway/instruments/miras
4.
https://en.wikipedia.org/wiki/Soil_Moisture_and_Ocean_Salinity
Бусад мэдээлэл