“Монгол Улсын
бүсчилсэн хөгжлийн онолын үндэс, нэгдсэн аргазүй, аргачлалыг шинэчлэн
боловсруулах” сэдэвт суурь судалгааны хүрээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн
хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, дэд
профессор М.Алтанбагана ахлагчтай эрдэмтэн, судлаачдын баг Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймгуудад хөгжлийн орон
зайн төлөвлөлттэй холбоотой хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулж ажиллалаа.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Монгол Улсын
бүсчилсэн хөгжил, нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлттэй
холбоотой дараах судалгааны ажлууд хийгдэж байна. үүнд,
1)
Хот,
сум суурины хөгжлийн потенциалыг тодорхойлох үнэлгээ;
2)
Хот,
суурин газарт Улсын болон орон нутгийн зэрэглэл, статус тогтоох, тэдгээрийн чиг
үүргийн тодорхойлох, мөн тосгоны статус олгох асуудал;
3)
Үндэсний хэмжээнд дэд бүтцийн босоо болон хэвтээ
тэнхлэг тодорхойлох үнэлгээ;
4)
Aялал
жуулчлалын бүсчлэл тогтоох судалгаа;
5)
Бүс
нутгийн түвшинд хот хоорондын кластер хөгжүүлэх боломж, тэдгээрийн хэлбэрийг
тодорхойлох судалгаа;
6)
их, дээд
сургуулиудыг хөгжлийн орон зайн төлөвлөлт, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан нүүлгэн
шилжүүлэх судалгаа.
Салбар дундын болон салбар хоорондын судалгаа хөгжүүлэх
асуудлын хүрээнд
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлд салбар дундын болон салбар хоорондын
судалгааг (inter and trans-disciplinary research approach) хөгжүүлэх, улмаар
нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтөд байгалийн хүчин зүйлсийг тооцох
судалгааг хөгжүүлэхээр зорьсон.
Энэ хүрээнд тус хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвийн Булган аймгийн Рашаант суманд байрлах Элсэн тасархай цөлжилтийн туршилт судалгааны суурин, мөн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын салбарын Булган аймгийн Гурванбулаг суманд байрлах Бэлчээрийн нөхөн сэргээлтийн туршилт, судалгааны суурингийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид салбар дундын судалгаа хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Цөлжилтийг сааруулах туршилт судалгааны суурин нь
цөлжилтийг сааруулах, Элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах хамгаалалтын
технологи, Элсний нүүлт хөдөлгөөнийг сааруулах ойн тогтолцоог бүрдүүлэх,
Байгалийн аясаар нөхөн сэргээгдэх зэрэг дэвшилтэд технологийн туршилт,
судалгааг явуулахын зэрэгцээ технологи дамжуулан нэвтрүүлэх, мөн тухайн бүс
нутгийн ховор ба ховордсон мод, сөөг ургамлыг тарьж ургуулах замаар генийн санг
хамгаалах, тэдгээрийг цөлжилтийг сааруулах ойн зурвас байгуулах, агро
ойжуулалтын технологийн туршилтад аши глах боломжийг судлаж байна. Үүний
зэрэгцээ автомат цаг уурын станцыг байгуулж, түүний мэдээнд тулгуурлан тухайн
бүс нутгийн уур амьсгалын үзүүлэлт буюу Ялангуяа, шороон шуурганы үйл явцтай
технологийн туршилтуудыг холбон судлаж буй томоохон суурин болж буйг дурьдах нь
зүйтэй. Тус суурин Монгол орны Хуш, Шинэсэн ойн тархалтын өмнөд цэгт байрлаж байгаа бөгөөд экосистемийн иж
бүрдлүүдийн хувьсал өөрчлөлт, биологийн олон янз байдлын мониторингийг байгалийн
ялгавартай 30-аад хэв шинжийн хүрээнд явуулж байна. Суурингийн үржүүлгийн
талбайд 20-иод төрөл зүйлийн ганд тэсвэртэй, гоёмсог хэлбэртэй гибрид хэлбэрийн
улиас, хайлас, бургас, агч, гүйлс, буйлс, чаргай, яргай, монос, хуш гэх мэт
50-иад төрөл зүйлийн мод, сөөгийг үр, мөчрийн тайраадсаар тарьж, суулгаж
нутагшуулах судалгаа хийгдэж байгаа тухай доктор А.Хауленбек танилцууллаа.
Харин Гурванбулаг суманд байрлах Бэлчээрийн нөхөн сэргээлтийн
туршилт, судалгааны сууринд Монгол орны бэлчээрийн талхигдлын зэрэг, газрын
доройтол болон түүний тархалтыг тодорхойлж, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох, түүнчлэн
хахир-хүйтэн өвөл, хуурай-халуун зун бүхий эрс тэс уур амьсгалтай, харилцан
адилгүй ландшафт-газарзүйн нөхцөлд тохирсон бэлчээрийг нөхөн сэргээх
технологийг нутагшуулах, олон наст, үет буурцагт ургамлын нутгийн болон
нутагшсан сортуудыг тариалж нөхөн сэргээх зорилготой үйл ажиллагаа явуулж
байгаа тухай доктор М.Уртнасан танилцууллаа.
МУ-ын хотуудад Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын
статус олгох судалгааны хүрээнд
Монгол Улсад хотжилт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд нийт хүн амын 68 хувь
нь хот, суурин газар суурьшиж байна. Энэ нь хөгжлийн бодлого, орон зайн
төлөвлөлтөд хотын гүйцэтгэх үүргийг тооцох, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн
засгийн хөгжилд тодорхой үүрэгтэй оролцох томоохон хотуудыг тодорхойлж, түлхүү
хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 57.2.
дахь заалтад “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон
нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн
үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн
мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт өөрчлөлтийг 2019.11.14-ны
өдөр УИХ-аар баталж оруулсан. Улмаар 2022.01.01-ний өдрөөс мөрдөгдөх монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын
зарим чиг үүргийг хот, тосгонд шилжүүлэх эрхзүйн орчин бүрдсэн.
Үүнд үндэслэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид Нийгэм, эдийн
засгийн газарзүйн судлагдахууны хүрээнд Монгол Улсын хотын зэрэглэл, статусын
тогтолцоо ямар байх, улмаар Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын статус,
эрэмбийг хаана, аль хотод олгох асуудлаар хүн ам, эдийн засаг, дэд бүтэц,
үндэсний босоо болон хэвтээ тэнхлэг, нийгмийн үйлчилгээ, газарзүйн байршлийн бүлэг
шалгуур үзүүлэлтээр орон зайн дүн шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнд Улсын зэрэглэлтэй “Хөгжлийн стратегийн төв хот” статусийг 4 хотод олгох саналыг дэвшүүлсэн. Үүний нэг нь Дархан хот юм. Одоогоор Дархан хот нь Төвийн бүсийн тулгуур төв, Дархан-Уул аймгийн төв хот гэдэг ч эрхзүйн хувьд “Дархан сум” гэсэн статустай байна.
Судалгааны баг Дархан-Уул аймгийн орон нутгийн удирдлага,
холбогдох албан хаагчдад хот, суурин газарт Улсын болон орон нутгийн зэрэглэл,
статус тогтоох, тэдгээрийн чиг үүргийг тодорхойлсон судалгааны үр дүнгээ
танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Дархан хотын захирагчийн
орлогч, Дархан сумын засаг дарга, Дархан сумын ИТХ-ын дарга, газрын харилцаа, барилга, хот
байгуулалтын газрын дарга, хүнс,
хөдөө аж ахуйн газрын дарга, ЗДТГ-ын хууль,
эрх зүйн хэлтсийн дарга, ЗДТГ-ын хөрөнгө
оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ерөнхий эдийн засагч нар
оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хот, суурин газруудад хот болон тосгоны
статус, зэрэглэл олгох асуудлаар шинэлэг, чухал ач холбогдолтой үр дүнгүүдийг
танилцуулж байгаад талархал илэрхийлж, улсын зэрэглэлтэй хотуудыг
тодорхойлохдоо хүн ам, эдийн засаг, нийгэм, дэд бүтэц, газарзүйн байршил гэх
мэт олон шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан
үзсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй, цогц судалгаа болсныг дурьдлаа. Улмаар
Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд хот, тосгоны зэрэглэлийг
тодорхойлохдоо зөвхөн хүн амын тоо бус, эдийн засаг, нийгэм, тээврийн дэд бүтэц,
газарзүйн байршил зэрэг хүчин зүйлсийг харгалзан тодорхойлох шаардлагатай
байгаад санал нэгдсэн юм.
Зарим суурин газарт тосгоны статус олгох судалгааны
хүрээнд
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд хэрэгжиж буй “Монгол Улсын бүсчилсэн
хөгжлийн онолын үндэс, нэгдсэн аргазүй, аргачлалыг шинэчлэн боловсруулах”
сэдэвт суурь судалгааны хүрээнд Улсын
хэмжээнд тосгоны статус олгох боломжтой нийт 27 тосгон бүхий суурин газрыг сонгон
авч тухайн суурин газрын хүн ам, эдийн засгийн бүтэц, нийгмийн үйлчилгээ, дэд
бүтэц, газарзүйн байршил зэрэг хүчин зүйлсийг шалгуур үзүүлэлт болгон судалж,
улмаар 16 суурин газарт тосгоны статус олгох боломжтой гэж үзсэн.
Эдгээр суурин газрын нэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг буюу Номгон тосгон юм. Судалгааны баг тус сумын 3-р багийн засаг дарга бөгөөд Номгон тосгоны захирагч Э.Батсүх болон хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, төрийн захиргаа, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, зарим сум суурин газарт тосгоны статус олгох судалгааны үр дүнг танилцуулж, орон нутгаас санал авч ажиллалаа.
Уулзалтын үеэр зарим суурин газарт тосгоны статус тодорхойлох судалгааны
ажлын үр дүнг танилцуулж, газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсээс мэдээлэл болон
санал авсан. Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлого, хотуудыг нэгтгэх асуудал дээр
тухайн хотуудын эдийн засгийн урсгалыг бодолцож шийдвэр гаргах шаардлагатайг
онцлов. Номгон тосгоны хувьд тосгоны статус өгөх шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн
хангаж байна гэж үзсэн.
Мөн Номгон тосгоны малчин өрхүүдтэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуйн салбарын нийгэм, эдийн засгийн эмзэг байдлыг нөхцөлдүүлэх шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох судалгааны хүрээнд ярилцсан. Ярилцлагын үеэр уур амьсгалын өөрчлөлт, ган зуд, бэлчээрийн талхигдал, усан хангамж, хадлан тэжээл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, малын индексжүүлсэн даатгал, малын хөлийн татвар, өрхийн орлого, хадгаламж зэрэг асуудлаар ярилцаж, малчдын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлуудыг тодрууллаа.
Үндэсний хэмжээнд дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг
тодорхойлох судалгааны хүрээнд
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Үндэсний хэмжээний дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг тодорхойлох судалгааны хүрээнд боломжит бүх хувилбарыг тооцсон босоо 11 тэнхлэг, хэвтээ 6 тэнхлэгийг сонгон авч, нийт 9 бүлгийн 19 шалгуур үзүүлэлтээр шаталсан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр босоо 4 тэнхлэг, түүний дэд 4 тэнхлэг, хэвтээ (баруун чиглэлд 2, зүүн чиглэлд 1) тэнхлэгийн хувилбарыг дэвшүүлээд байна. Уг дэвшүүлж буй босоо, хэвтээ тэнхлэгт тулгуурлан хилийн боомт, мөн олон улс, бүсийн болон орон нутгийн тээвэр, логистикийн төвүүдийн байршил, төлөвлөлтийн хувилбаруудыг санал болгосон.
удалгааны баг Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд “Үндэсний хэмжээний дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг тодорхойлох асуудал” сэдвээр судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч, ЗДТГ-ын хууль зүйн хэлтэс болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, мөн тус аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлага, холбогдох мэргэжилтэн нар оролцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд судалгааны багийн дэвшүүлсэн хөгжлийн орон зайн төлөвлөлт, бодлогын хувилбарууд, Сүхбаатар хотыг төв босоо тэнхлэгийн дагуу олон улсын логистик төв болгон хөгжүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Мөн Алтанбулагийн чөлөөт бүсийн Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга болон
Гаалийн газрын ахлах ажилтантай ярилцлага хийлээ. Уулзалтаар Үндэсний хэмжээний
дэд бүтцийн босоо болон хэвтээ тэнхлэг тодорхойлсон үр дүн, түүн дээр суурилсан
хилийн боомт болон тээвэр логистикийн төлөвлөлтийг танилцуулж харилцан
ярилцлага өрнүүлсэн. Ярилцагч тал судлачдын дэвшүүлсэн тэнхлэгийн санал болон түүн дээр
тулгуурлан дэвшүүлж буй хилийн боомт болон логистикийн төлөвлөлтүүдтэй санал
нийлж байгаагаа илэрхийлээд тээврийн салбарын төлөвлөлтийг цогцоор авч үзэж
байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын төлөвлөлт хийхэд чухал ач
холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн.
ШУА-ийн Газарзүй,
геоэкологийн хүрээлэн
Нийгэм, эдийн засгийн
газарзүйн салбар
2021.10.20