1969 онд АНУ-ын
ESRI компани нь хэрэглэгчдийн оронзайн мэдээ, мэдээлэлтэй холбоотой асуудлыг
шийдвэрлэхэд туслах зорилготой байгуулагдсан билээ. Өдгөө тус компани нь
мэдээллийн сан, түүнд агуулагдах оронзайн болон оронзайн бус мэдээлэлтэй
харьцах программ хангамжийн хөгжүүлэлт болон бусад олон төрлийн үйлчилгээг
үзүүлж байна. Тус компани нь нийт 14 үндсэн бүтээгдэхүүн, 31 программ
хангамжийг хөгжүүлэн, тухайн бүтээгдэхүүн ба программаар дамжуулан төрийн
байгууллагууд, хувийн хэвшлүүд, бизнес эрхлэгчид болон судлаачдад үйлчилгээгээ
хүргэдэг билээ.
ESRI компанийн бүтээгдэхүүн болон технологийн үйлчилгээ нь оронзайн мэдээтэй харьцаж буй хүн бүрийн хэрэглээ болоод ихээхэн хугацаа өнгөрлөө. Тэд жил бүр бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шинэчлэл хийхээс гадна шинэ технологийг үйлчилгээнд нэвтрүүлж байгаатай холбоотойгоор тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл болон сургалтыг интернэт орчинд авах боломжтой системийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Уг системээр дамжуулан ахисан түвшний сургалтыг төлбөртэйгөөр сурах боломжтой хэдий ч, бүхий л бүтээгдэхүүний анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг.
Сүүлийн үед E-Learning
буюу цахим сургалтаар дамжуулан мэдээллийг аливаа хэрэглэгчийн хүссэн хэлбэрээр
/видео хичээл, сургалтын материалын
хураангуй, дагаж хийх дасгал/ олгож байгаа нь хэрэглэгчийн бие даан
суралцах боломжийг нэмэгдүүлж байна. Газарзүйн мэдээллийн систем /ГМС/ нь дан
ганц тандан судлалаас гадна олон салбарын байнгын хэрэглээ болсон бөгөөд үүнээс
үүдэлтэйгээр шинэ хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татсаар байна. Орчин үед үүлэн
технологи гарж ирснээр олон салбарын хөгжлийн хурдыг нэмэгдүүлсэн ба тус
салбаруудын нэг нь гарцаагүй ГМС-ийн салбар бөгөөд жил бүр хүрээгээ тэлэхийн
зэрэгцээ хэрэглэгчдийн тоо ч мөн адил нэмэгдэж байна. Хэрэглэгчид доор дурдсан
бүлгүүдээс өөрийн хүссэн сургалтыг авах боломжтой.
· Mapping & Visualization – Энэхүү хэсэгт
ArcGIS online, ArcGIS Pro зэрэг программыг ашиглан растер ба вектор мэдээтэй ажиллах,
боловсруулах, дүн шинжилгээ, газрын зураг хийх, 3 хэмжээст загварыг үүсгэх
зэргийг сурах боломжтой юм.
· Analytics – Сүүлийн жилүүдэд Data Science буюу
өгөгдлийн шинжилгээ эрчимтэй хөгжсөнтэй холбоотойгоор ArcGIS Pro
бүтээгдэхүүндээ Arc Notebook буюу Jupyter notebook шинээр нэвтрүүлсэн. Тухайн
хэсгээс та оронзайн болон оронзайн бус өгөгдөлтэй Python програмчлалын хэл
ашиглан хялбархнаар, хурдан тооцоолол хэрхэн хийхийг сурах боломжтой.
· Data Management – Тус хэсгээс та ArcGIS Enterprise
бүтээгдэхүүний талаар бүхий л зүйлийг мэдэх боломжтой. Тус бүтээгдэхүүн нь их
хэмжээний өгөгдлийг хадгалах, зохион байгуулах боломжийг хэрэглэгчдэд олгодог.
Мөн тус өгөгдлийг ашиглан веб-д суурилсан үйлчилгээг хөгжүүлэх, байгууллага
дундын мэдээллийн сан зэргийг үүсгэх боломжийг олгодог.
· Sharing & Collaboration – Тус хэсгээс та
ArcGIS Hub, ArcGIS Online гэх мэт байгууллага дундын мэдээллийг зохицуулах,
хийсэн ажлаа бусдад түгээх талын бүтээгдэхүүнүүдийг сурах боломжтой. ArcGIS Hub
нь байгууллага дундын мэдээлэл болон хүмүүс хоорондын мэдээллийг зохицуулах
зорилготой бүтээгдэхүүн ба тус бүтээгдэхүүнийг ашиглаж буй байгууллагад аливаа
мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн ашигласан зэрэг чухал мэдээллийг хадгалах
боломжийг олгодог байна.
· Scripting & Development – Уг хэсгээс та
газарзүйн мэдээллийн системд суурилсан гар утасны болон веб аппликэйшн хэрхэн
үүсгэх, мөн ArcGIS API ашиглан хийх боломжтой бусад зүйлсийг сурах боломжтой.
· Desing & Planning – хэсэгт хот
төлөвлөлттэй холбоотой бүтээгдэхүүн болох ArcGIS Urban, CityEngine зэргийг
ашиглан хэрхэн судалгаа хийхийг суралцах боломжтой.
Эдгээр цахим сургалтаар
дамжуулан ГМС-ийн шинэ хэрэглэгч, эсвэл мэргэжлийн хүн гэдгээс үл хамааран
сүүлийн үеийн технологид цаг хугацаа болон байршлаас үл хамааран мэргэших
боломжийг ESRI компани бүрдүүлээд байна.